Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээлэлд дурдсанаар 2010 онд улсын хэмжээнд 300 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотын авто зам ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Тодруулж хэлбэл, авто замын ачаалал өмнөх жилүүдийнхээс 2.5 дахин хэтэрчээ. Харин авто машины тоо жилд 70-80 мянгаар нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд авто зам ачааллаа дийлэхгүй, нэвтрүүлэх чадваргүй байгаа энэ үед авто машины тоо жилд 80 мянгаар нэмэгдэж буй нь осол аваар гарах үндсэн шалтгаан болж буйг сайд энэхүү мэдээлэлдээ дурдлаа. Засгийн газрын зүгээс нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор Зүүн болоод баруун дөрвөн замд гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Энэ ажлыг Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гүйцэтгэнэ. Одоогоор зураг төсөл хийгдэж байна гэсэн мэдээллийг мөн албаны хүн өглөө. Түүнчлэн Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгийн авто замд камерын систем байршуулж буй аж. Уг камерыг байршуулснаар осол аваар болоход түүнийг нь баримтжуулах, мөн хяналт тавих боломжтой болж байгаа гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж