Төрөөс газрын тосны салбарт хэрхэн анхаарахыг одоо л харцгаая

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Төрөөс газрын тосны салбарт хэрхэн анхаарахыг одоо л харцгаая

“Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг ямар хэлбэрээр барих вэ” хэмээн шийдвэр гаргагчид эргэлзэж байх үед манай сонин “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, энэ салбарын мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаач, иргэдийн санал, санаачилгыг  шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж байсан. Манайд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан дөрвөн компани байдаг ч ямар нэг шалтгааны улмаас үйлдвэр байгуулаагүй өдийг хүрсэн байна. Харин энэ жил төр болон хувийн хэвшлийнхэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажилд ханцуй шамлан орсон. Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх ажил гацаанд ороод байсан ч асуудлыг нь шийдэж Засгийн газраас хөрөнгийн баталгаа гаргаж өгөхөөр болсон нь хонгилын үзүүрт гэрэл асав. Үүнтэй зэ­рэгцээд хувийн компаниуд ч газ­рын тос боловруулах үйлдвэрийн ша­вийг тавьж эхэлсэн билээ. Газрын тос бо­ловсруулах үйлдвэр байгуулах асуудалд төрөөс онцгой анхаарал хан­дуулах ёстой юу, үгүй юү гэдгийг УИХ-ын эдийн засгийн байн­гын хорооны хуралдаанаар хэлэл­цэж стратегийн бүтээгдэхүүн боловс­руулах үйлдвэрт төрөөс анхаарал хан­дуулах нь зүйтэй гэдэг саналыг ч гаргасан юм. Энэхүү саналыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан билээ. Харин чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх магадлалтай байгаа юм. Уг тогтоолын төсөлд газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацааг 2015 он хүртэл гэдгийг 2017 он болгон сунгах сана­лыг тусгажээ. Мөн газрын тос­ны борлуулалтын орлогоос тус­гай сан байгуулахаар тусгасан бө­гөөд сангийн хөрөнгийг газрын тос­ны судалгаа хийх, хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийлгэх, су­дал­гааны төв болон лаборатори бай­гуу­лах зэрэг ажилд зарцуулахаар тус­гасан байна. Мөн газрын тос бо­ловс­руулах үйлдвэрийг төрийн өм­чийн оролцоотойгоор байгуулах нь зүйтэй гэдгийг тодруулан доо­гуур нь зурж өгсөн байсан.  Учир нь дээр хэлсэнчлэн газрын тос бол стратегийн бүтээгдэхүүн. Тий­мээс стратегийн бүтээгдэхүүн боловс­руулах үйлдвэрийг том, жижиг гэж ялгалгүй үйл ажиллагаанд нь төр орол­цох ёстой гэдгийг УИХ-ын ги­шүүд дуу нэгтэйгээр гараа өргөж дэмжжээ. Үүнээс гадна үйлд­вэрүүдийг байгуулсны дараа олбор­лож буй газрын тосыг юун түрүүнд экспортлох биш дотоодын үйлдвэрүүдийн түүхий эд болгон хэрэглэх, газрын тосны бүтээгдэхүүн хад­галах агуулахуудыг байгуулах асууд­лыг ч орхигдуулаагүй юм байна.

Харин энэхүү асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан арай өөр бодлого баримтлах нь зүйтэй гэсэн саналтай байгаа аж. Тус яамныхан хоёр санал гаргасан юм. Хэрэв дотоодоосоо түүхий эдээ авах бол төрийн оролцоо байж болох ч түүхий эдээ импортлох шаардлагатай үйлдвэрүүдийн асуудалд төр оролцох хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ч УИХ-ын гишүүд байр суурин дээрээ бат зогсож, газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой байгуулахаар тогтсон. Энэхүү тогтоолын төслийг нийгэмд эерэг болон сөргөөр хүлээн авч бай­гаа бөгөөд УИХ-ын нэгдсэн чуул­ганаар батлах эсэхийг нь анхаарал татаж эхэлсэн. Тухайл­бал, газрын тос олборлогч аж ахуйн нэгжүүд болон газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулахаар шав тавьсан хувийн компаниуд, төрөөс сан­хүүжилт авахаар тохирон энэ төрлийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудаас гадна иргэд энэхүү тог­тоо­лын төслийг батлах уу, бу­цаах уу гэдгийг чих тавьж байгаа. Тог­тоолын төслийг 2017 он хүртэл үргэлж­лүүлэхээр баталбал газрын тосны салбар хөл дээрээ тогтох боломжтой гэсэн байр суурийг мэргэжлийн хүмүүс илэрхийлж байгаа юм. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж