Сталинаас улаан Ким хүртэл

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Сталинаас улаан Ким хүртэл

Улс төрийн эволюци үргэлжилж байна. Ардчилал анархизм, бас авторитари дэглэмтэй тэрсэлдэн хөгжсөөр хоёр аравныг үджээ. Харин одоо коммунист дэглэмийн хамгийн сүүлчийн хана хэрэм болсон Хойд Солонгост эволюци, революцийн чухам аль нь хүчтэй явагдах нь сонирхол татна. Хятад, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй Зүүн хойд Азийн орнууд эдийн засгийн өсөлтөөрөө өрсөлдөж байхад Солонгосын хойг дахь таг харанхуй энэ ертөнцийн ард түмэн эцэг, хүү Кимийн эрин үеийг магтан дуулсан хэвээр байна. Гэвч гурав дахь Ким буюу Ким Чен Унд гурван сонголт бий. Ким Ир Сен өвөөгийнхөө зохиож өгсөн үлгэр болох чучхе үзэл суртлаар замнасан хэвээр байх уу, аль эсвэл эцэг Ким Чен Ирийнхээ сонирхон судалж байсан Хятадын эдийн засгийн нээлттэй бодлогыг нэвтрүүлэх үү. Дэлхийн хамгийн аз жаргалтай, амар тайван улс орнуудын нэг болох Швейцарьт боловсрол эзэмшсэн тэрбээр энэ бүхэнд “Үгүй” гэж хариулбал яах вэ. Өмнөд солонгосчуудад үүдээ нээж өгөх гэж үү. Тийм ээ, өрнөдийнхөн, бас өмнөдийнхөн түүнээс дээрх асуултад хариулт авахыг хүсэж байна.
 

Орон бүхний пролетариуд ленинизмийн үзэл сурталд ид автаж байх үед буюу 1922 онд Орос, Украйн, Белорусс, Кавказын холбооны улсууд бие даасан, зөвлөлүүдийн засаглалтай улсуудын холбоог байгуулах гэрээ байгуулж ЗСБНХУ-ыг байгуулж байв. Харин дараа нь Узбекстан, Туркмен, Тажикстан, Ка­захстан, Киргиз, Молдав, Латви, Литва, Эстони улсыг нэгтгэв. Татар, халимагууд ч Сталины дэглэмийн зо­лиос болж, Оросыг дагахаас өөр аргагүй болов. Гэвч Шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн Сталины үеийн улс төрийн бүтээн бай­гуулалт нь чухам юу байв. Гаанс зуусан энэ гүрж эрийн үед хойд хөршид гулаг буюу хөдөлмөрийн лагериуд олноор бий болж, сталинизмыг эсэргүүцэгчдийг олноор нь цөлж байлаа. Их хэлмэгдүүлэлт Сибириэс Монгол, Монголоос Азийн орнууд тийш газар авч байв.

Солонгосчууд ч сталинизмыг шүтэж, коммунист ба анти ком­мунист гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Энэхүү үзэл суртлын дайн эцэстээ иргэний дайн болон хувирч, Со­лонгосын хойг дахь 38 дугаар өргөргөөр Хойд ба Өмнөд Солонгос хэмээн салан тусгаарласан юм. Хойд Солонгосын агуу удирдагч Ким Ир Сений үед сталинизм ийм өөрчлөлтийг авчирсан нь Вьетнамд ч давтагдсан. Вьетнамчууд коммунист эвслийн их хүчин бүхий Хойд Вьетнам, АНУ болон Зүүн өмнөд Азийн гэрээний байгууллагын ги­шүүн орнуудын дэмжлэгтэй Өмнөд Вьетнам хэмээн хуваагдаж, 1959-1975 он хүртэл хоорондоо дайтсан ч дараа нь нэгдсэн билээ. Гэвч Ким Ир Сен сталинизмд үнэнч хэвээр үлдэж, Хойд Солонгосын ард түмнийг япон цэргүүдийн үлдэгдэл, Өмнөд Солонгосын олзлогдогсод, ариун удамт солонгосчууд хэмээн хэд, хэд хуваасан гэдэг. Харин түүний гол номлол болох чучхе үзэл суртлын сүлд дуулал нь “Энэ ертөнц дээр бидэнд атаархах зүйл үгүй” юм. Хойд солонгосчууд ч сүүлийн 60 жилийн туршид энэ үзэл суртлаар замнаж байна. Тэгвэл Ким Чен Ун өвөө, аав хоёрынхоо тогтоосон дэг­лэмийг хэрхэн үргэлжлүүлж, ком­мунизмын давалгааг хэр хүчтэй болгох нь сонирхол татна. Ямартай ч улаан Кимийн удам тэрбээр цөмийн зэвсэгтэй, ард түмэн нь нэн ядуу, дэлхий дээрх хамгийн хаалттай орны төрийн эрхийг гартаа авах нь тодорхой боллоо. Тухайн үеийн ЗХУ-ын төрийн эрхэнд нэг нам гарч, ард түмэн нь их удирдагч ба түүний тойрон хүрээлэгчдийн эрх ашигт захирагддаг байв. Харин өөрчлөн байгуулалтын их салхи зохиомол үзэл суртал бүхий Орос орныг өөрчилж, “Станууд”-д тусгаар орших эрхийг олгосон юм. Тэгвэл гар утас, интернэт ашиглах нь бүү хэл хоорондоо ярилцах нь ч хатуу хяналттай байдаг хойд солонгосчуудад Өмнөд Солонгосын иргэдийн зүгээс нисгэдэг агаарын бөмбөлөг ямар дохио өгдөг бол.    

Ливийн удирдагч агсан Муамар Каддафи ч Зөвлөлт маягийн үзэл суртлыг улс орондоо нэвтрүүлсэн нэгэн. Тэрбээр “Дэлхийн гуравдагч онол” гэгчийг номлож, 1973 онд Соёлын хувьсгал хийхээ зар­лан улсынхаа нэрийг Агуу их социалист ард түмэн бүхий Ливийн Араб дахь Жамахири улс болгон өөрчлөв. Хурандаа Каддафи ийнхүү хувьсгалаар “өвчилж”, Хувьсгалт командынхаа салбар хороодыг энд, тэндгүй байгуулж ард иргэдээ хянаж эхэлжээ. Тэр ч атугай “Египет, Судан, Сири, Тунисыг Ливид нэгтгэнэ” хэмээн мөрөөдөж, 1976 онд египетүүдтэй дайтсан юм. Гэвч эмэгтэй бие хамгаалагчид, этгээд хувцаслалттай энэ дарангуйлагч АНУ-ын “Хар данс”-нд орж тер­рористуудыг тэтгэгчээр тодорсон билээ. Ливийн удирдагчийн эрин үе босогчдын тэмцлийн үр дүнд эцэс болсон бол Египетийн сүүлчийн фараоны ноёрхол ч энэ онд төгсгөл болсон юм. Өөрөөр хэлбэл, Арабын лигийн нөлөө бүхий удирдагчдын нэг асан Хосни Мубаракийн 30 жил үргэлжилсэн дэглэмд Тахрирын хувьсгалчид цэг тавьсан нь бас л онцлох үйл явдал. Гэвч энэ бүхний ард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга асан Мохамед ЭлБарадей байсан нь олон нийтэд “Өрнөдийнхөн Тахрирын хувьсгалчдыг санхүүжүүлсэн” гэх хардлагыг төрүүлсэн юм. Гэлээ гээд Египет, Тунис, Сири, Ливид өрнөж буй тэмцлийг ямар өнцгөөс харах ёстой вэ. Энэ бүхэн тухайн үед ЗХУ тэргүүтэй соцлагерийн орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үр­гэлжлэл үү. Хосни Мубарак, Муа­мар Каддафи, Тунисын Ерөнхийлөгч асан Бен Али нарын дарангуйллыг эцэс болгосон тэмцэл “Арабын хувьсгал” яг мөн үү. Ямартай ч эдгээр улсад эволюцийн жам ёсны үзэгдэл ид өрнөж байна. Харин улаан Кимийн дэглэм хэзээ эцэс болох бол.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж