Кимийн дараах Солонгосын хойгийн байдал

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Кимийн дараах Солонгосын хойгийн байдал

Умард Солонгосын лидер Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хойш Солонгосын хойгт үйл явдал өрнөсөөр байна. Өмнөд Солонгосын хувьд юуны түрүүнд Умардтай харилцаагаа зөөлрүүлэхийг хүсч буй ажээ. БНАСАУ-ын удирдагч насан эцэслэсний дараа Солонгосын хойгийг яаралтай тогтворжуулах нь тус улсын нэн тэргүүний хийх ёстой зүйл хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак өчигдөр мэдэгджээ.

Хойд Солонгостой сөргөлдөөн үгүй гэдгээ мэдрүүлэхийн тулд БНСУ-ын зүгээс БНАСАУ-тай харилцаагаа зөөлрүүлэх байр суурьтай байгаа гэдгээ ноён Ли Мён Бак онцолсон байна. Ли Мён Бак Өмнөд Солонгосын гол улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр “дээд зэргээр уян хатан чанар гаргах шаардлагатай” гэжээ.

Умард, өмнөд Солонгосын харилцаа Ерөнхийлөгч Ли Мён Бакийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2008 оноос хурцадсан байна. Өмнөх Ерөнхийлөгч агсан Но Му Хён Умард, өмнөд хоёр Солонгосын харилцааг зөөллөх талаар алхам хийж байсан ч шинэ Ерөнхийлөгч Умард Солонгост тусламж үзүүлэх, цөмийн зэвсэг хорогдуулахтай холбоотой эдийн засгийн бодит алхмууд хийхийг үндсэнд нь зогсоожээ. Өнгөрсөн 2010 онд Шар тэнгист Өмнөд Солонгосын “Чхонан” цэргийн усан онгоцыг БНАСАУ-ын эргийн харуул буудсанаас үүдэн хоёр талын харилцаа эрс муудсан. Үүнийг намжаах талын арга хэмжээ авахаа Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн мэдэгджээ.

Харин Умард Солонгосын удирдагч нас барсан нь эрх мэдлийн төлөөх тэмцлийг хурцатгаж, тогтворгүй байдлыг бий болгоно хэмээн Америкийн улс төр судлаачид үзэж байгаа аж. "Умард Солонгос дахь тогтворгүй байдал дэлхийн бусад орнуудад ч багагүй хүндрэл бий болгоно. Учир нь тус улс цөмийн зэвсэг үйлдвэрлэлээрээ толгой цохиж байна" гэж  "Wall Street Journal" сонин онцолсныг гадаадын сайтууд мэдээлж байна. Хэрэв Умард Солонгос улс орноо хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа бол зайлшгүй өөрчлөлт хийх шаард­лагатай талаар Хятадын улс төр судлаач Жу Фэн ярьсныг  "Washington Post" сонинд иш татсан байна.

Тэгвэл Умард Солонгост их удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх арга хэмжээ үргэлжилсээр байна. Таалал төгссөн Ким Чен Ирийн дөрөв дэх эхнэр гэгдэх 47 настай  Ким Уг их удирдагчийн шарилд  хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Тэрбээр  Ким Чен Ирийн шарилын өмнө удтал уйлан зогсч, залуу удирдагч Ким Чен Ун болон албаны бусад хүмүүст мэхийн ёсолжээ. Талийгаач Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, өнөөдрийн залуу удирдагч  Ким Чен Уны төрсөн ээж  Ку Ян Хи хөхний хорт хавдраар өвчилж,  Францад эмчлүүлсэн ч засал авалгүй 2004 онд нас барсан аж.  Ким Чен Ир түүнээс хойш  удалгүй дөрөв дэх эхнэр болох Ким Угтай хамт амьдарч эхэлжээ. Ким Чен Ир Хятад, ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалдаа Ким Угийг тэргүүн хатагтайн зиндаанд дагуулан явж байжээ. Тэдний дундаас хүүхэд төрсөн эсэх нь тодорхой бус байдаг.

Мөн Ким Чен Ирийн ач хүү 17 настай Ким Хан Соль Босни-Герцеговин дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурдаг бөгөөд өвлийн амралт нь эхэлж гэртээ харихаар явсан талаар сургуулийн захиргааны төлөөлөгч Боснийн телевизэд тайлбар өгчээ. Харин Ким Хан Соль Пхеньянд ирж, гашуудлын ажиллагаанд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Түүний эцэг нь Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам юм. Нэлээд этгээд, ардчилсан гэхээр үзэлтэй Ким Чен Нам өдгөө Хятадын засаг захиргааны тусгай район Макаод аж төрдөг байна.  Ким Хан Соль Макаогаас энэ оны есдүгээр сард Босни-Герцеговинд оюутан болон очжээ. Ким Хан Солийн сурч буй сургууль улсдаа шилдгийн нэгэнд тооцогддог, 30 гаруй орны дээд тушаалын түшмэд, томоохон бизнес эрхлэгчдийн хүүхэд голлон суралцдаг гэсэн мэдээлэл бий.

Умард солонгосчууд гашуудал дууссаны дараа их удирдагчийнхаа шарилыг занданшуулахаар болжээ. Энэ ажлыг Оросын мэргэжилтнүүд хийх бололтой. Москва хотын Биометрийн технологийн төвийн мэргэжилтнүүд Ким Чен Ирийн цогцсыг занданшуулна гэжээ. Энэ төвийн мэргэжилтнүүд тухайн үед В.И.Лениний цогцсыг занданшуулсан юм байна. Одоогоор Ким Чен Ирийн цогцсыг эцэг Ким Ир Сений занданшуулсан цогцсын хамт Кымсусан бунханд байрлуулжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж