“Төлөвлөлт ба хөгжлийн бодлого тодорхойлох нь”

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Төлөвлөлт ба хөгжлийн бодлого тодорхойлох нь”

Саяхан эдийн засагч М.Чимэддорж ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРЧМУУД нэртэй ном гаргасан нь эдийн засаг, хөгжлийн бодлого сонирхдог уншигчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Уг номонд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудад онолын үндэслэлтэйгээр, судалгааны материалуудад тулгуурлан өөр өнцгөөс харж үнэлэхийн зэрэгцээ өргөн хүрээг хамарсан зоримог реформ хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн байна. Уншигч танд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс уг номын “Төлөвлөлт ба хөгжлийн бодлого тодорхойлох нь” хэсгээс зохиогчийн зөвшөөрлөөр хүргэж байна.

Хөгжлийн бодлого боловсруу­лаг­­чид бизнесийн орчны чанарыг сай­жруулах бодлогодоо уламжлалт салбарын ойлголтоос үнэ цэнийн сүлжээг (Англи хэл дээр Value chain  гэж нэрлэгддэг. Монгол хэл дээр гарсан ном зохиолуудад өртгийн сүлжээ, өртгийн гишжин холбоо гэх мэтээр орчуулсан байх нь элбэг тааралддаг. Нийтлэлч Баабар үнэ цэнийн сүлжээ, эсвэл үнэ цэнийн гинжин холбоо гэж нэрлэх нь зөв хэмээснийг баримтлав.) илүү авч үзэх болов. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тодорхой салбарыг хөгжүүлэх бодлогоос тодорхой бүтээг­дэхүүнд анхаарч,  тухайн бүтээг­дэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг хамарсан үнэ цэнийн сүлжээг дэмжих бодлогод шилжив.

Үүний дараа мөн л 70-аад онд физикийн салбарт гарсан кластерийн хөгжлийн онол эдийн засагт хүч түрэн орж ирэв. Кластер нь тодорхой орон зай дахь хоорондоо өрсөлддөг болон дэмжих бүтэц бүхий молекулуудын өрсөлдөөн нь хөгжлийн дараагийн эрэмбэнд гарах шалтгаан болдог гэсэн онол юм.

1990-ээд оны үеэс эдийн засгийн хөгжлийн кластерт тулгуурласан өрсөлдөх чадварын микро эдийн засгийн үзэл санаа эрдэмтэн судлаачдын дунд ихээхэн дэлгэрч эхэлжээ. Харвардын их сургуулийн профессор М.Портер өрсөлдөөний хүчин зүйлсийг олон жил судалсаны үр дүнд эдийн засгийн кластерийн хөгжлийн загварыг тодорхойлсон байна. Тэрээр газарзүйн хүчин зүйл бол өрсөлдөөнд чухал ач холбогдолтой гэдгийг тайлбарлав.

XVIII зуунд Адам Смит давуу талын онолыг гаргаж ирсэнээр мерканталист онолыг үгүйсгэж байсан бол, дөчөөд жилийн дараа Дэвид Рикардо үүнийг улам боловсронгуй болгож харьцангуй давуу талын онолыг томьёолсон нь олон улсын худалдааг өргөжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэг­дүүлэх гол хөшүүрэг болсон билээ. Харьцангуй давуу талын онолд суурилсан аж үйлдвэржүүлэлт улс орнуудыг өөрийн хамгийн бага сул талыг эрэлхийлэхэд хүргэж байлаа. Англи, Герман, Америк, Франц, Япончууд сул талаа багасгах тэмцэл­дээнд ялалт байгуулж аж үйлдвэрийн хөгжлийн оргилд хүрчээ.

Тэр үед хөгжлийн бодлого туйлын давуу талаас харьцангуй давуу талын онолд шилжиж байсан бол өдгөө харьцангуй давуу талын онол кластерийн хөгжлийн зарчимд тулгуурласан өрсөлдөх давуу талын онолд байр сууриа тавьж өгч байна. Өрсөлдөх давуу талын онол нь сул талаа багасгах бус онцлогтоо тулгуурлах замаар хөгжлийн гарцыг эрэлхийлэх нь зөв хэмээн сургаж байгаа бөгөөд өрсөлдөөнд ялах эсэх нь өөрийгөө хэр танин мэдсэнээр тодорхойлогдоно.

Давуу талын эдгээр онолуудын түүхэн хувьсал нь хаалттай, бүрэн хамгаалалттай эдийн засгаас хамгийн нээлттэй, зах зээлийн өрсөлдөөний хууль үйлчилдэг даяарчлагдсан нэг том эдийн засагт хүрэх хөгжлийн шат дамжлагууд билээ.

Өдгөө Харвардын Их Сургуу­лийн, Бизнесийн Сургуулийн Өр­сөл­дөх Чадвар Стратегийн Хүрээлэнгийн (ӨЧСХ) мэдээллийн санд кластер, түүний хөгжилтэй холбоотой 2000 орчим судалгаа, нийтлэл тавигдаж, 52 орны 800 орчим кластерийн судалгааны мэдээлэл нийтлэгджээ. 2000 оноос хойш Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD), Европын Комисс, Америкийн Үндэсний Захирагчдын Холбоо, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага (UNIDO) зэрэг олон улсын ба бүс нутгийн байгууллагуудаас клас­те­рийг хөгжүүлэх чиглэлд эрчимтэй ажил­ласаар иржээ.

Харвардын Их Сургуулийн Өр­сөл­дөх Чадварын Судалгааны Хүрээ­лэнгийн захирал Майкл Портер “Кластер гэдэг нь тодорхой чиглэ­лээр газарзүйн хувьд нэгдэн байршсан бүтээгдэхүүн үйлд­вэр­лэгчид, үйлчилгээг үзүүлэгчид, хан­ган нийлүүлэгчид, их дээд сур­гууль, худалдааны холбоод зэрэг харил­цан нягт холбоотой компани, байгууллагууд юм” (Micheal E. Porter. 1998, On Competition) гэж тодорхойлсон байна.

Азийн Хөгжлийн банкнаас боловсруулсан Бүс нутгийн хөгж­лийн нэгдсэн төлөвлөлтийн чадав­хийг бүрдүүлэх нь сэдэвт техникийн туслалцааны баримт бичигт “Тодор­хой газарзүйн байршилд аж ахуйн нэгж компаниуд, үйлдвэрлэл төв­лөрч, тэдний үйлчилж буй зах зээл, үйлд­вэрлэж буй бүтээг­дэхүүн, түүнч­лэн тэдэнтэй харил­цаа хол­боо­той байдаг ханган нийлүү­лэ­чид, худалдааны холбоод болон боловс­ролын байгуул­лагаар дамжин тэд хоо­рон­доо холбог­дох байдал юм”  гэжээ.

Дээрх тодорхойлолтуудаас үзэ­хэд кластер гэдэг бол тодорхой газар нутаг, байршилтай холбоотой өрсөлдөх давуу талын онол бөгөөд нэг салбарын, эсвэл нэг өртгийн сүлжээний оролцог­чид газарзүйн байрш­лын хувьд төвлө­рөн хоорондоо өрсөлдөх, тэдний үйл ажиллагааг дэм­жиж байдаг инсти­ту­циуд, бэлтгэн нийлүүлэгчдийг хам­руул­сан цогц ойлголт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж