
Саяхан Монсудар-ын захиалгаар “Dorling Kindersley”-гээс хэвлэн гаргасан “Философи” хэмээх номыг орчуулж дуусгалаа. Удахгүй монгол хэл дээр хэвлэгдэн гарна. Ном сонирхдог хүмүүс мэднэ дээ, фото болон уран зураг, хүснэгт, диаграмм, хэлц үг, ойлгоход хялбаршуулсан зураглал бүхий “Дэлхийн түүх” гэсэн номыг хэвлэсэн газар шүү дээ. Энэ удаагийн философийн ном ч мөн яг тийм макет, стиль, арга зүйгээр бичигджээ. Номыг орчуулж суухдаа философийн номыг ийм сонирхолтой байдлаар хэвлэн гаргасан хүмүүст ихэд талархаж байлаа.
Философийн номын орчуулга гэснээс надад хэд хэдэн хувийн зорилго байдаг юм аа. Нэгд, мэргэжлийн амбиц гэх юмуу даа. Үүнээс өмнө миний бие Мэл Томпсоны “Философи” (Өөрөө сурах бичиг), Жонатан Вольфийн “Улс төрийн философийн удиртгал” номуудыг дангаараа, Бэртран Рассэлийн “Өрнийн мэргэн ухаан” номыг хэдэн хүмүүстэй хамтарч орчуулснаас гадна “Философи дахь хүний асуудал” (2001 он), “Философи гэж юу вэ?” (2004 он) гэх зэрэг орчин үеийн Өрнийн философийн арга зүйгээр бичсэн бэсрэг номуудыг гаргасан билээ. Одоо аль нь ч бараг олдохоо болио шив дээ. Орчин үеийн Өрнийн философийн номыг сонгож, англи хэлнээс орчуулдаг маань их, дээд сургуулиуд ялангуяа МУИС-ийн Философийн салбарт ямаршуу философи зааж байгааг нь харуулах зорилгыг агуулдаг. Хэрэв амаар юмуу хэвлэлээр шүүмж тавибал урдаас хэрүүл хийгээд хэдэн хүний хоорондын зөрчил мэт болгоод үндсэн асуудлаас хөндийрүүлчихдэг “арга зүйг” гарамгай эзэмшсэн хүмүүс байдаг юм. Иймд Өрнийн философийн номуудыг орчуулаад тавьчихад оюутнууд нь харьцуулах зүйлтэй болсноор өөрсдөө дүгнэлт хийх бололцоотой болно. Хоёрт, санхүүгийн шаардлага. Чухамхүү энэхүү хөдөлмөрийн хүчээр аж амьдралаа залгуулдаг хэрэг. Гэхдээ философийн ном орчуулах нь мөнгөнөөс гадна танин мэдэхүйн маш их таашаалыг өгдөг. Гуравт, мэдээжээр, олон түмнийг гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна хэмээн өөртөө урам өгдөг юм.
Философи гэж юу юм бэ?
Философийг янз бүрээр тодорхойлж болдог: философи бол сэтгэлгээ; философи бол урлаг; философи бол шинжлэх ухаан; философи бол шашин; философи бол улс төр; философи бол арга зүй гэх мэтээр үргэлжлүүлж болно. Энэ бүгд хагас үнэн, учир нь бүхэл зүйлийг нэг л шинжээр нь тодорхойлох гэж оролдсонд хагас худал нь оршиж байгаа юм. Харин дээрх тодорхойлолтууд яагаад хагас үнэн болж байгааг тайлбарлах боломж нэг өгүүллийн хэмжээнд байхгүй. Миний хувьд хамгийн ойлгомжтой бөгөөд зөв тодорхойлолт бол энэ номонд орсон Жиллекс Делеюзийн “философи бол ойлголтын үйлдвэрлэл” гэсэн тодорхойлолт болно (Би энэ номонд энэ хүний тухай орсон гэж байгаа байгаа болохоос энд яригдаж буй сэдвийн тухай орсон гээгүй шүү. 1998 онд Делеюзийн “Философи гэж юу вэ?” (What is Philosophy, 1991) гэдэг номыг уншиж байсан юм). Мэдээж, энэ тодорхойлолт зохих суурьтай хүмүүст ойлгомжтой байх. Гэхдээ аливаа зүйлийг хялбарчилж болох хэмжээ хязгаар гэж байдаг, философийн тухай тодорхойлолт өгөхөд үүнээс илүү хялбарчилж болохгүй.
Философи гэж юу вэ гэдэг бол метафилософийн асуудал. Тэгэхээр философи бол “софи” мэдлэгт “филио” болох явдал учраас (энд бас л эртний Грект хүний бүх мэдлэгийг тэхнэ ба софи мэдлэг гэж хоёр хуваадаг байсан, тэгээд софи мэдлэгээр оролдох явдал гэж юу болох талаар баахан тайлбар хийхээс түдгэлзэв) философийг “гүн ухаан” энэ тэр гэсэн гоё сайхан үгээр уран сайхны орчуулга хийгээд байж болохгүй. Химийг хувилахуй ухаан, физикийг бодис зүй, математикийг тооны ухаан, логикийг учир зүй гэх мэтээр орчуулаад байж болох ч латин, эртний грек үгэнд буй утга хаягддаг учраас тэгэхгүй байгаа юм. Ер нь тэгээд латин болон эртний грек хэл дэлхий нийтээр орчуулгагүй хэрэглэгддэг шинжлэх ухаан-танин мэдэхүйн хэл шүү дээ. Тэгэхээр философийг гүн ухаан хэмээн орчуулах нь буруу. Тэгээд ч философи нь гүн (гүнзгий) ухаан, бусад нь гүехэн ухаан гэсэн ангилалд багтаагаад ч байгаа юм шиг нэг л эвгүй байдаг юм.
Философийг ойлгохын тулд прото-философи, пара-философи, мифогенник, гносеогенник, евро-центризм, аналитик философи, эх газрын философи, философид ордог мэдлэг, бишрэл, зөн билэг, дүр болон эдгээрийг ялгах демаркаци гээд олон ойлголттой харьцах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ бүгдийг тайлбарлах бололцоо бас алга. Дашрамд хэлэхэд, философи нь Молор-Эрдэнэ гэдэг хүний яриад байгаа шиг “газар ухахад хэрэглэдэг хүрз” шиг практик зүйл ч биш. Мөн улстөрчдийн гартаа бариад ажиллах ёстой гарын авлага шиг зүйл ч биш. Ийм ч учраас практик болон физик зүйлээс чанагуухи мөн чанараар нь түүхийн нэг үед философийг мета-физик хэмээн нэрлэж байж. Одоо философийн нэг салбарыг тэмдэглэх болсон энэ үг тухайн үедээ философийг бүхэлд нь илэрхийлдэг байсан юм.
Философи сэтгэлгээтэй болохын тулд рефлекс маш чухал байдаг бөгөөд үүнийг хамгийн энгийнээр хэлэх юм бол “сэтгэлгээ сэтгэлгээгээ авч үзэх” утга юм. Философи нь өөрийгөө авч үздэг утгаараа рефлекс мөн: хүн өөрийн мэдэхүй, эс мэдэхүй, дутуу мэдэхүй зэргийг тодорхойлж чадах асуудал юм. Тиймээс тодорхой тогтсон итгэл үнэмшилтэй болоход философийн соёл их тус болдог. Дээрх эрхэм шиг нэг асуудал (сэдэв) дээр улс төрийн баруун байр суурь, нөгөө асуудал дээр зүүн буюу социалист байр сууринаас хандаж, хааяа хувь хүнийг дээдлэн индивидуализм ярина, тэгснээ гэнэт юу нь хөдөлсөн бол гэж бодохоор коллективист утгатай зүйл ярьж социализмыг магтаад унана. Өнөөдөр ярихдаа өчигдрийнхтэйгөө зөрчилдсөн зүйл яриад байж болохгүй. Улстөрч ч юм шиг, биш ч юм шиг, философич ч юм шиг, биш ч юм шиг, эсвэл аль аль нь биш ч юм шиг, ер нь сэтгэлгээний соёл суугаагүйн шинж шүү дээ. Хэрэв хүн аливаа нэг үзэл онолыг ул үндэстэй эзэмшиж, сэтгэлгээний соёл сууж, хатуу логиктой сэтгэж сурсан бол хэзээ ч, хаана ч, ямар ч асуудалд хүссэн хүсээгүй нэг л арга зүйгээр хандаж чаддаг болсон байдаг.
Хүмүүстэй ярилцаж байхад философи ер нь юу судалдаг, түүнд хэрхэн суралцах ёстой, философи нь ямар ухаан юм гэсэн асуултуудыг олонтаа тавьдаг. Товч бөгөөд тодорхой хариулахад философи нь философийг судална. Магадгүй, энд зарим нь философи нь байгалийг, нийгмийг, хүнийг, шашныг, урлагийг судалдаг гээд хадуураад байж болох юм. Эдгээр юмс үзэгдлийг авч үздэг, гэхдээ эдгээр юмс үзэгдлийг судалдаг дагнасан ухаанууд байдаг, харин философи нь дээрх юмс, үзэгдлийн талаар тухайн салбар ухаануудын “санаанд ороогүй” асуудлыг босгож ирдэг. Хоёр дахь асуултын хувьд, философид суралцах хамгийн сайн арга бол философидох явдал. Мэдээж, анги танхимд сууж, курс лекц сонсох, номын санд номтой зууралдан хоног, сар, жилийг өнгөрөөх нь үр дүнгээ өгнө. Гэхдээ философийн сайн боловсролтой хүн, заавал ч философийн боловсролтой хүн биш, эрүүл логиктой сэтгэдэг бусад салбарын хүмүүстэй ярилцаж, хүний ярихыг хүлээцтэй сонсож, няцаагдаж, няцааж, маргааны соёлд сурснаар философид суралцах маш том алхам хийдэг. Философи гэдэг ямар төрлийн ухаан юм бэ гэсэн асуудал их маргаантай асуудал. Манайхан, нэн ялангуяа МУИС-ийн Философийн тэнхимийнхэн энэ асуудлаар бүр будилж гүйцсэн нь илэрхий байдаг. Философи нь хими, физик, биологи зэрэг ухаанууд багтдаг шинжлэх ухаан (Sciences) гэсэн ангилалд хамаарагддаггүй, тэр ч бүү хэл, социологи, хууль, улс төр судлал зэргийг багтаасан нийгмийн шинжлэх ухаан (Social Sciences) ч биш, харин хэл шинжлэл, шашин судлал, түүхийн нэгэн адил хүмүүнлэгийн ухаан (Humanities) гэсэн ангилалд багтдаг ухаан. Шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан гэсэн ойлголтууд агуулга багтаамжийн хувьд нэг нь нөгөөдөө багтдаггүй. Түүнээс гадна эдгээрийг хооронд нь хольж хутган, нэгнийх нь гишүүнийг нөгөөд нь хүчээр оруулан, бүлэглэлээ буруу хийх юм бол логик дахь ангиллын дүрмийг зөрчих болно.
Одоо философи нь математик, хэл шинжлэл, логиктой холбоотойгоор маш ээдрээтэй ухаан болсон бөгөөд энэ номонд томьёолсноор ийм урсгалуудыг “элит философи” гэж нэрлэх болсон байна. Энэ нэр томьёонд авах ч зүйл бий, мөн үл хэрэгсэх утга агуулагддаг ч тал байдаг.
Философи хэрхэн үүсдэг вэ? “Гайхаж эргэлзэх нь философич хүний хамгийн гол шинж; философи үүнээс л эхэлдэг” хэмээн Плато хэлсэн бол Дидро “скептицизм (эргэлзээ) бол үнэнийг танин мэдэх анхны алхам” гэсэн юм. Философи суурьтай, улмаар өгүүлбэрт задаргаа хийж чадах хүнд бол үүн шиг сайн тайлбар гэж хаана байх билээ. Ньютон модноос алим унахад гайхширч, энэ гайхширлаа тайлсан нь “ертөнцийн таталцлын хууль” байсан юм. Харин юу ч мэдэхгүй хүн юунд ч эс гайхдаг аж. Философич хүний оюун мэдлэг улам дэлгэрэн хөгждөг өөр нэг шалтгаан бол мэдэхгүйгээ мэдэх явдал болно (“Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна.” Сократ). Мэдэхгүйгээ мэднэ гэдэг нь асар их мэдлэгээс гардаг дүгнэлт аж. Бүхнийг мэддэг хүн үнэндээ юу ч мэдэхгүй байх нь элбэг. Үүнээс гадна философи нь юмыг хоосон цээжлэх, учрыг олохгүй дагах явдлаас үргэлж холдуулж байдаг. Шашныхан ихэвчлэн “чи эхлээд итгэ, тэгвэл чи мэдэж чадна” гэдэг байсан бол философичид “чи эхлээд мэд, тэгвэл чи итгэх болно” гэдэг байжээ. Ийм ч учраас Вольтер “Мухар сүсэг дэлхийг түймэрдэж байх үед философи нь гал унтраагч болж байжээ” гэсэн байдаг.
Энэ мэтчилэн маш сонирхолтой санаа, зураг, зураглал, ишлэл, диаграмм энэ номоор дүүрэн. Энэ ном хэвлэгдэн гарч буйтай холбогдуулан сурталчилгаа, танилцуулга хослуулсан хэдэн өгүүлэл бичье гэж бодож байгаа бөгөөд тэр өгүүллүүддээ иргэний дуулгаваргүй байдал болон хүчирхийлэлгүй тэмцлийн талаарх Торөү, хүн нь төгс амьтан биш болох талаар Ницше, улстөрчид яагаад ганцаардахаас айдаг, алдар цуутай байх ямар аюултай болох талаар Мишэль Монтэнь, их хөдөлмөрлөх нь тийм сайн зүйл биш болох тухай Рассэль, амьдрал яагаад утгагүй болох тухай Камюгийн санаа оноо, сэтгэмжүүдийг танилцуулах болно. Тэгэхээр илүү сонирхолтой байх болов уу хэмээн найдаж байна.
Ингээд өгүүллээ Жон Стюарт Миллийн “Сэтгэл амгалан тэнэг байснаас сэтгэл ханамжгүй Сократ байсан нь дээр” гэсэн үгээр төгсгөе.