Хоёр сонгуулийг зэрэг хийх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хоёр сонгуулийг зэрэг хийх боломжтой юу?

Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах эсэх талаар гишүүдийн байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Сонгуулиудыг хамтад нь зохион байгуулах боломжтой юу гэсэн асуултад тэд ийн хариулж байна.

Г.БАЯРСАЙХАН:  ХАМТАД НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Хамтад нь явуулах хэрэгтэй. Тусад нь явуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гаргадаг. Тиймээс хамтад нь явуулснаар үүнийг багасгах давуу талтай.

Я.БАТСУУРЬ: БҮГД Л ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТАД НЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИНЭ

Дөрвөн жилд гурван тусдаа сонгууль явуулахаар асар их зардал цаг чирэгдэл удсан ажил болдог. Гурвууланг нь нэг өдөр явуулдаггүй юм аа гэхэд хоёрыг нь эхний ээлжинд хамт явуулах үнэхээр ашигтай. Асар их зардал, цаг, мөнгө хэмнэнэ. Иргэдэд ч гэсэн сонгууль асар их чирэгдэл учруулдаг ш дээ. Тиймээс нэг удаагийн сонгуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулиа хамт явуулах нь зөв. Би дэмжиж байгаа. Элдэв сөрөг үр дагавар гарахгүй байх гэж бодоод байгаа. Хөдөөгүүр явж иргэд сонгогчидтой уулзахад бүгд л хоёр сонгуулийг хамтад нь явуулахыг дэмжиж байна билээ.

Р.БУД: ЗЭРЭГ ЯВУУЛАХ БОЛОМЖ ХАРАГДАХГҮЙ БАЙГАА ЮМ

-Өмнөх УИХ-ын үед УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед би эсрэг санал өгсөн. Сонгуулийг зэрэг явуулснаар зардал хэмнэх сайн талтай гэж зарим гишүүн ярьж байгаа нь үнэн. Манай улс Парламентын засаглалыг сонгоод 20 дөнгөж гаруйхан жил боллоо. Төлөвших болоогүй байна. Ийм нөхцөлд хоёр сонгуулийг тусад нь явуулдаг байх хэрэгтэй. УИХ-ын сонгуулийг аймаг, сумын төрийн хэдэн албан хаагч, арай дөнгүүр боловсрол, мэдлэгтэй хүмүүс зохион байгуулдаг. Тэд чинь өөрсдөө орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ. Ийм байхад УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломж харагдахгүй байгаа юм.

Ж.СҮХБААТАР: ХОЁР СОНГУУЛИЙГ ЗЭРЭГ ЯВУУЛАХ ИХ ЭРСДЭЛТЭЙ ЮМ

-Харин боломж тун хомс болчхоод байна. Чи бод доо, орон нутагт нийт 7721 хүн сонгогддог. Тэгэхээр дор хаяж 15 мянга гаруй хүн нэр дэвшинэ гэсэн үг. Дээрээс нь УИХ-д 76 хүн сонгогдоно. Нэг тойрогт таван хүн нэр дэвшихээр тооцоолбол 400 гаруй хүн өрсөлдөх нь. Ингээд тооцоолбол УИХ болоод орон нутгийн сонгуульд дунджаар 16 мянган хүн нэр дэвших байгаа биз. Ингээд сонгуулийн дүн гарахад 8000 нь ялагдал хүлээнэ. Ялагдаж буй нам, нэр дэвшигч ихэнх нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ ялагдал хүлээх 8000 хүнээс хэд нь хүлээн зөвшөөрөхгүй зарга үүсгэх бол. Ингээд бодохоор хоёр сонгуулийг зэрэг явуулах их эрсдэлтэй юм. Тэгээд ч ийм том хэмжээний сонгууль зохион байгуулахад хэдэн хүн оролцох вэ, хэчнээн хэмжээний зардал гарах вэ, сонгогчид ч бас хэчнээн хүний нэр дугуйлах вэ гээд бэрхшээл ихтэй. Тиймээс үүнийг эргэн харж, хоёр тусад нь сонгууль явуулах нь зөв гэж бодож байна.

Д.ДОНДОГ: ОЛОН ХҮНИЙ ЭРХ АШГИИГ ХӨНДСӨН ДАВХЦАЛ ҮҮСЭХ ГЭЭД БАЙНА

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өмнө нь  хоёр сонгуулийг хамт хийвэл хэтэрхий нүсэр болно гэдгийг учирласан. УИХ-ын сонгуулийн хуулиар бол хоёр сонгуулийг нэг өдөр явуулахаар байгаа. Гэхдээ манай намын бүлгийн олон гишүүн зэрэг явуулах боломжгүй гэж үзсэн. Орон нутгаас ч ийм санал олноор ирдэг. УИХ-ын сонгуулийн үеэр тойрог, хэсгийн хороодод хүмүүс ажилладаг. Сонгуулийн штабт ажилладаг хүн УИХ-ын сонгуулийн тухайн хэсгийнхээ зохион байгуулалтад оролцмоор , өөрөө орон нутагт нэр дэвшмээр болно. Тиймээс олон хүний эрх ашгииг хөндсөн давхцал үүсэх гээд байгаа юм. Сонгуулийн штабт ажиллах мэдлэг боловсрол, зохион байгуулах чадвартай хүн орон нутагт их цөөхөн шүү дээ. Энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэж үзэж байгаа юм.

Ж.ЭНХБАЯР: МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ТОМ ЭРХ АШИГ ЦААНА НЬ БИЙ ШҮҮ ДЭЭ

– Хэрэв хамт явуулбал улс орон даяар улстөржилт, хэт өрсөлдөөнд орох нөхцлийг бий болгоно. Мөнгөнөөс илүү том эрх ашиг цаана нь бий шүү дээ. УИХ-ын сонгуулийг явуулах гэж асуудал үүсдэг. Тэгтэл орон нутгийн бүх нэгжийн эрх мэдлийн хуваарилалтыг нэг дор хийхэд маш олон хүн ялагдал хүлээнэ. Бас хэдэн мянган хүн сонгуульд оролцох вэ, үүнийг дагаад хэд нь сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах вэ гэх мэт олон асуудал бий. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа баг, хороо, сумын удирдлага, Иргэдийн төлөөлөгч, орон нутгийн удирдлагын байгууллага байгуулж байгаа үйл явц зэргийг их тодорхой болгох ёстой. Гэтэл одоо аймаг, суманд хэн олон ах дүүтэй нь сонгогддог байх жишээтэй. Тиймээс орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай.

Д.ЭНХБАТ: ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР БАЙХГҮЙ Л БАЙХ

-Миний  харж байгаагаар УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах  боломжгүй л гэж шийдэж байх шиг байна. Ер нь зэрэг явуулах ч боломж байхгүй байх. Үнэхээр хуулиар нэг өдөр сонгууль явуулна гэж заасан байгаа. Үнэнийг хэлэхэд цоо шинэ хууль, цоо шинэ техник гээд л хэцүү л дээ. Тэгээд ч орон нутгийн сонгуульд хэдэн мянган хүн оролцдог шүү дээ. Энэ бүх сонгуулийн тойргууд нэг байх хэрэгтэй болно. Товчоор хэлэхэд үүнийг зохион байгуулах чадвар байхгүй л байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж