
Мөн Сүхбаатар аймгийн харъяат иргэн Б.Бадамаанямбуу малаа хариулж явахдаа түүх, соёлын дурсгалт зүйл болох шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гурван ширхэг хүрэл тогоог олж илрүүлэн Монголын Үндэсний түүхийн музей болон Сүхбаатар аймгийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22.1-д “Соёлын өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна”, 22.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар тогтооно” хэмээн заасны дагуу тухайн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг үрэгдэж устахаас хамгаалан, иргэний идэвхи гаргасан иргэн С.Алтанцэцэг, Б.Бадамаанямбуу нарыг тус бүр гурван сая төгрөгөөр шагнаж урамшуусан юм.
Монгол нутаг бол нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг. Дэлхийн түүхэнд алдаршсан гурван их гүрэн Монголын нутагт оршин тогтнож байсан. Хамгийн эхнийх нь энэ жил үүсгэн байгуулагдсан Хүннү их гүрэн. Дараагийнх нь Ази Европид хил дамнан оршиж байсан Түрэгийн эзэнт гүрэн. Гуравт нь Монголын их гүрэн. Тиймээс дэлхийн хэмжээнд яригдах улс орнуудын соёлын үнэт олдвор манай орноос ихээр олддог хэмээн цугласан судлаачид ярьж байлаа.
