Энэ сарын 29-нд буюу бүх нийтийн амралтын өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллах эсэх талаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн менежер Н.Эрхэмбатаас тодруулахад “Бүх нийтийн амралтын өдөр ч гэсэн бид иргэддээ үйлчлэх зорилгоор энэ жил ажиллана. Дээрээс нь шинэ жилийн баяр болж байгаа учир ажиллах шаардлага худалдаадчдад маань байгаа” гэлээ. Түүнчлэн Улсын их дэлгүүр, “Бөмбөгөр” болон бусад томоохон худалдааны төвүүд ч бас ажиллах юм байна.
Цагаан сар, Улсын баяр наадам гэсэн үндэсний баяруудаас илүү бид хамгийн өргөн тэмдэглэдэг баяруудын нэг нь яах аргагүй Шинэ жилийн баяр. Хоёр он солигдох мөчийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэн бие биедээ бэлэг барьдаг болсоор удаж буй бидний хувьд шинэ жилийн баяраар худалдааны төвүүд ажиллахгүй байна гэдэг хүндхэн асуудал болох биз. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ цаг мөчид бүх нийтийн амралтын өдрүүдэд хамгийн их ачаалал ихтэй газрууд томоохон худалдааны төвүүд. Хэдийгээр бүх нийтийн амралт болсон ч гэсэн орлогын хамгийн ашигтай үе байх тул худалдааны төвүүд өөрсдийн ашгаа бодсон ч гэсэн зайлшгүй ажиллах шаардлага бий болдог. Иргэдэд ч гэсэн амарч байгаа өдрөө дэлгүүр, худалдаа, наймаа хийх нь хамгийн ашигтай цаг үе.
Монгол Улсын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд бүх нийтийн амралтын найман өдөр байдаг юм байна. Ямартай ч албан ёсны бүх нийтийн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төвүүд мөн амардаг ч энэ жилийн хувьд шинэ жилийн баяр болоход хоёр хоног үлдсэн байгаа учраас амрахгүй юм байна.