
Оюу толгой компанийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөөх оюун санааны өөрчлөлт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр Монголын реклам бүтээгчдийн холбооноос “Бидэнд ойрхон ирээдүй” уриатай рекламын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гаригт реклам бүтээгч, сонирхогч, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, реклам захиалагч байгууллагуудыг хамруулсан хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж реклам бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч, “Боролдой” студийн захирал С.Мягмар үг хэлсэн юм. Реклам бүтээгчдийн холбооны бодлого хариуцсан захирал Р.Мөнхсайхан, Оюу толгой компанийн ОНМХ-ны дэд захирал П.Баярмагнай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Дагиймаа нарын төлөөлөгч хүрэлцэн ирж нийгмийн сэдэвт рекламын талаарх ойлголт, арга зүй, нийгмийн сэдэвт рекламыг хэрхэн хөгжүүлэх вэ сэдвээр илтгэл тавьсан юм. “Бидэнд ойрхон ирээдүй” уриатай эл арга хэмжээ нь гуравдугаар сарын дуустал цувралаар зохиогдох юм байна.
А.Зул