Унгарын нийслэл Будапешт хотноо “Apple” компанийг үндэслэн байгуулагчдын нэг Стив Жобс агсны хүрэл хөшөөг босголоо. Программ хангамжийн нэгэн компани энэхүү хөшөөг бүтээлгэн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Өчигдөр болсон хөшөөний нээлтийн үеэр тэд Стив Жобс агсныг орчин цагийн хамгийн агуу хүн хэмээн тодотгов.
Стив Жобс хорт хавдрын улмаас өнгөрсөн аравдугаар сарын 5-нд 56 насандаа өөд болсон билээ. Хөшөөг бүтээлгэсэн компанийн захирал “Стив Жобсын авчирсан технологийн хувьсгал бол хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсонтой адил гайхамшигт зүйл. Тиймээс бид түүнийг хүндэтгэн, дүрийг нь хөшөөнд мөнхөллөө” гэж ярив.