Харин өнөөх зовж олсон бичгээ барьсаар эмнэлэг бараадахад ор байхгүй гэсэн хариултаар угтдаг болсон. Үнэн учраа хэлж царайчлах өвдөж зовсон нэгнийг халгаахгүй хэр нь төлбөртэй өрөөнд чинь хэвтье гэснийг нь эмнэлгийн салбарынхан уриалагхан хүлээж авдаг болжээ. Төлбөртэй өрөө нь жирийн өрөөнүүдийг бодвол илүү тохилог.
Зурагт, хөргөгч, ус буцалгагч гээд хамгийн гол нь дотроо ариун цэврийн өрөөтэй байх шалгуур тавигддаг байна. Үнэтэй юм гэдэг өөр байдаг хойно. Төлбөртэй тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд хандах эмч сувилагч нарын хандлага арай л өөр. Ор байхгүй гэсэн хэр нь төлбөртэй тасагтаа хүн хэвтэхийг хүлээгээд хоосон байлгаж байдаг тасгийн эрхлэгч нар ч байдгийг үгүйсгэхгүй.
Нөхцөл сайжруулсан өрөө буюу төлбөртэй тасгийн ханш нь тухайн эмнэлгээс шалтгаалаад янз бүр байдаг. Төлбөртэй тасгийн ханшийг эмнэлгийн удирдлагууд тогтоодог. Хамгийн доод тал нь өдрийн таван мянган төгрөгөөр тооцон төлбөр авдаг гэж бодохоор 10 хоноход 50 мянган төгрөг төлөх нь. Харин энэ хэмжээний мөнгө төлөх чадалгүй хүмүүс өмнөх хүмүүсээ эмнэлгээс гарч, ор сулрахыг хүлээхээс өөр аргагүй. Томоохон эмнэлгүүдийн дотрын тасгуудын төлбөр 10-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Ингээд бодохоор ямар хэмжээний мөнгө иргэдийн халааснаас эмнэлгийн данс руу орж байгаа нь ойлгомжтой.
Гэвч дээрх мөнгө эмнэлгийн дансанд гүйцэд оролгүй ихэнх хувь нь тасгийн эрхлэгчийн мэдэлд үлддэг байна. Тухайн эмнэлгийн дотоод журмын дагуу нөхцөл сайжруулсан өрөөний төлбөрийн тодорхой хувийг эмнэлэгг өгч бусад нь тасгийн мэдэлд үлддэг ажээ. Хуримтлал гэж болохоор энэхүү мөнгөнөөс тасгийн тохижилтод зарцуулахаас гадна уй гашуу, найр наадам болсон үед нэгэндээ хамт олон гэдэг үүднээс тусалдаг байна.
Харин төлбөртэй тасгийн мөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг тасгийн эрхлэгч байдаг аж. Өнгөрөгч аравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар төлбөртэй үйлчилгээний орлого эмнэлгийн дансаар дамжин төрийн санд ордоггүй болохыг тогтоогджээ. Уг орлогыг тасгийн эрхлэгч, эмч нар шууд гар дээрээ авч байна гэсэн үг.
Зөрчил илрүүлсэн МХЕГ-ын байцаагч нар арга хэмжээ авсан талаар дурьдаж байсан. Гэвч ямар нэгэн торгууль төлж, арга хэмжээ авхууллаа гээд зовлонгүй орж ирэх мөнгөнөөс татгалзах хүн байна гэж үү. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр ахиад л төлбөрөө аваад халаасалж сууна. Дээр дурьдсанчлан нөхцөл сайжруулсан өрөөнд өвчтөн ганцаараа байхаас гадна шаардлагатай цахилгаан хэрэгсэл, ариун цэврийн өрөөтэй байх ёстой.
Гэтэл эмнэлгийнхээ удирдлагад нэг төлбөртэй өрөөтэй гэж бүртгүүлсэн хэр нь хоёр өрөөнөөс төлбөр аваад сууж байдаг тасгийн эрхлэгч нар бий. Албан ёсны бүртгэлээс гадна үлдсэн хоёр өрөө нь дотроо угаалтуур, бие засах газаргүй. Тэгэхээр нөхцөл сайжруулсан ерөөнд тооцогдох боломжгүй баймаар. Гэсэн ч төлбөр авдагаараа аваад л байгаа. Ил далд авсан мөнгөөр тасгаа тохижуулаад, эмч, сувилагч, үйлчлэгч нартаа зориулж байгааг нь яая гэхэв.
Харин хувийн хэрэгцээндээ дур мэдэн зарцуулж байгаа тасгийн эрхлэгч нарт хяналт тавих цаг болжээ.
"Нийгмийн толь" сонин