Ж.Бат-Эрдэнэ: Сүлжээгээ хакердуулах тохиолдол гардаг

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Сүлжээгээ хакердуулах тохиолдол гардаг

УИХ-аар Цахим гарын үсгийн хуулийг баталсантай холбогдуулан энэ хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Саяхан Цахим гарын үсгийн тухай хуулийг баталлаа. Хууль бат­лагдах нэг хэрэг, цаашид хэр­хэн хэрэгжүүлэх вэ гэдэг өөр хэрэг. Цахим гарын үсгийн тухай хууль болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө цахим гарын үсгийн тухай хуулийг боловсруулах батлах ажилд оролцсон бүх хүмүүст талархалаа илэрхийлье. Ялангуяа УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Энхбат, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Одбаяр тэргүүтэй олон хүмүүс энэ хуулийг боловсронгуй болгоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Энэ хуулийг боловсронгуй болгоход манай салбарын хувийн хэвшлийн байгууллага, гадны зөвлөхүүд олон жил ажилласныг тэмдэглэх хэрэгтэй. Цахим гарын үсэг ямар ач холбогдолтой, зорилготойг хэд, хэдэн зүйлээр тоймлон хэлье. Нэгдүгээрт, удахгүй тараах гэж байгаа Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэх болгонд нь цахим гарын үсгийг суулгах юм. Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байгаа. Төрийн үйл ажиллагаа илүү хялбар, чирэгдэлгүй, иргэддээ хүрдэг болно. Монгол Улсын хэмжээнд яг одоогийн байдлаар 1180 орчим төрийн байгуулага үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо бий. Иргэд энэ олон төрийн байгууллагын үйлчилгээг авахдаа нэлээд цаг зав, гаргадаг, хүнд суртал үүсгэдэг нэг хүчин зүйл болдог юм байна. Энэ бүгдээс авахуулаад маш олон сөрөг үр дагаврууд нийгэмд тулгараад байгаа. Харин цахим гарын үсгээр энэ бүх асуудлыг шийдэх боломжтой. Тухайлбал, хорооны, цагдаагийн газрын тодорхойлолт, иргэний бүртгэлийн олон төрлийн лавлагааг иргэн хүн нэг цэгээс авах боломжоор хангагдана. Иргэн хүний өгч байгаа мэдээлэл цаг хугацаа алдахгүй, мэдээлэл гуйвахгүй хүрнэ. Тиймээс цаг хугацаа, мөнгө, цаас хэмнэх, ялангуяа төрийн хүнд суртлыг арилгах ач холбогдолтой. Харин хууль батлагдсаны дараа иргэд болон олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд энэ хууль чухал түлхэц үзүүлэх юм. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-аас тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн газарт өгчихсөн.

-Цахим гарын үсгийн хуульд тус­га­сан нийтийн түлхүүрийн дэд бүтэц/цахим гарын үсгийн зөвшөөрлийг олгох, түүнийг зохи­цуулахтай холбогдсон ойл­голт-ыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нийтийн түлхүүрийн дэд бүтэц бол цахим гарын үсгийн хуулийн амин сүнс нь. Үүнийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд хийнэ. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулах техник, технологи, аюулгүй байдал, санхүүгийн нөхцөл шаардлагыг манай байгууллагаас хөндөж тавина. Ер нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад маш нарийн судалгаа, шаардлага тавих хэрэгтэй. Бид бүхэн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулах төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийг сайжруулахын тулд зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, шалгаруулсан, зөвлөх үйлчилгээний материалыг хүлээж авсан, энэ үндсэн дээр зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулсан. Чамгүй их хугацаанд боломжийн ажил хийлээ.

-Бэлтгэл ажлаа базаачихсан гэсэн үг үү?

-Одоо эдгээр компаниудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар нийтийн түлхүүрийн дэд бүтцийг сайжруулах ажил эхэлж байна. Удахгүй энэ хамтарч ажиллах компани шалгарна. Зарчмын өөрчлөлтүүд нэгэнт эхэлсэн учраас тодорхой хугацааны дараа үр дүн нь гарах болов уу хэмээн найдаж байна.  Цаашлаад олон улсад яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжтэй хамтарч ажиллах, туршлага солилцох зэрэг ажлыг хийнэ. Цахим гарын үсэг болоод нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй холбогдох харилцааны нэг гол зүйл нь хариуцлагын тогтолцоо. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд цахим гарын үсэг олгож байгаа аж ахуйн нэгж байгууллага нь хариуцлага, даатгалын тогтолцоонд давхар хамрагддаг. Ингэснээр мэдээлэл алдагдах ямар нэгэн эрсдэл арилж байна гэж болно. Энэ тогтолцоо сүүлийн үед банкны системд илүү ажиглагдаж байна. АНУ-д яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Верифайн” гэж компани бий. Энэ компанийн нэг цахим гарын үсгийн даатгал нь 300-3000 хүртэл доллар байдаг. Зарим газар нь 70 мянган долларын торгуультай байх жишээтэй. Нэг ёсондоо хариуцлагыг хэрхэн тооцдогоос хамааран даатгалын системийн хэлбэр нь ингэж өөрчлөгддөг. Эхний ээлжинд манай улс цахим гарын үсгийг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэнэ. Дараа нь бид банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх бодлоготой байгаа. Банк, санхүүгийн салбар нь тусгайлсан нууцлалын тогтолцоо, техник технологийн өндөр дэвшлийг шаарддаг. Тиймээс энэ бүх шаардлагыг хангасан нийтийн түлхүүрийн дэд бүтцийг түгээх байгууллага гарахыг үгүйсгэхгүй.

-Энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд их хөрөнгө мөнгө шаардагдах байх. Филипин улсад санхүүжилт хойшилсноос болоод хууль батлагдсанаас хойш есөн жилийн да­раа нийтийн түлхүүрийн дэд бүтцийн бай­гууллагатай болсон. Монгол Улсад энэ их хэмжээний мөнгийг хаанаас гар­гаж байгаа вэ, хангалттай хүрэлцэх үү?

-Иргэдэд чиглэсэн үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй болгох зорилгоор хийж байгаа эхний төслүүд улсын төсвөөс санхүүжээд явна. Харин дараа нь гадны зээл, тусламжийг авна. Цахим гарын үсгийн хууль батлагдсантай холбоотойгоор иргэний, аж ахуй нэгжийн татварын хууль зэрэг долоон хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг дагаад УИХ-ын тогтоол гарсан. Цахим гарын үсгийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирж буй 2012 он бол энэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангасан жил байх юм.

-Цахим гарын үсэгт хэрхэн шилжих вэ?

-Мэдээж хэрэг бусад улс орны энэ системд шилжсэн загвараас нэг их хазайхгүй. Бидний төсөөлж байгаагаар цахим гарын үсгийн үйлчилгээний үнэ 3,5 ам.доллароос хэтрэхгүй байхаар тооцож байгаа. Энэ үнэд тохируулаад ажиллах нөхцөл шаардлага аж ахуй нэгжүүдэд тавигдах байх.

-Цахим гарын үсгийн хуулийг баталчихлаа. Бэлтгэл ажлыг хийж байна. Харин Монгол Улсын кибер аюулгүй байдал хэр зэрэг төлөвшсөн бэ?

-Кибер аюулгүй байдлын асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Энэ талаар дэлхийн томоохон улстөрчид ч ярьдаг болж. Үүнээс үзвэл мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах нөхцөл шаардлага өндөр хэмжээнд тавигдаж байна. Одоо бидний хүлээж байгаа хууль бол мэдээллийн аюулгүй байдлын буюу Кибер аюулгүй байдлын тухай хууль. Ерөнхийдөө хуулийн төслийг боловсруулсан Засгийн газарт өргөн барьсан байгаа. Кибер аюулгүй байдлыг хангана гэдэг бол дата төвүүдийг бий болгох асуудал юм. Дэлхийд ч ийм бодлоготой байгаа. Монгол Улс анхны дата төвийг одоогоос гурван жилийн өмнө байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааг улам сайжруулах, дэлхийн төвшинд хүргэх, аюулгүй байдлыг хангах талаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Үндэсний Дата төвийн дохиолол хамгааллын системийг сайжруулах, төрийн байгууллагуудыг өндөр хурдны шилэн кабелаар холбож, уг кабель дээр нууцлалын төхөөрөмж суурилуулах, үндэсний хэмжээний нөөц дата төв байгуулах гэсэн гол гурван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Чадвал ирэх оноос хэрэгжүүлнэ. Ер нь аюулгүй байдлын талаас нь үндэсний мэргэжилтнүүдтэй, техник технологийн талаас нь гадны мэргэжилтнүүдтэй хамтраад ажиллах шаардлагатай. Энд нэг зүйлийг сануулъя. Кибер аюулгүй байдлыг хангах нь зөвхөн нэг байгууллага, нэг агентлагийн үүрэг биш. Нийгмийн бүх салбаруудын хамтын хүч, дэмжлэг чухал.

-Тэгвэл яг одоогийн байдлаар Үндэсний дата төв кибер халд­лагуудыг илрүүлж, эсрэг арга хэмжээ авч чадаж байгаа юу?

-Үндэсний дата төв өөрийнхөө хэмжээнд дохиолол хамгааллын шаталсан системтэй. Энэ төв бол дэлхийд дээрээсээ хоёр дахь төвшний дата төвд тооцогддог. Давгүй сайн. Боломжийн хэмжээнд ажиллаж байна. Яг одоо бол банк санхүүгийн болоод зарим төрийн байгууллагууд өөрсдийн датаг хадгалуулах хамгаалуулах тал дээр энэ ажилд нэгдэж байгаа юм. Янз бүрийн системийн дайралтыг хамгаалах тусгай программ суулгах үйлчилгээг ч үзүүлж байгаа. Гэвч цаашид үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай. Төгс хэлбэр биш. Үндэсний дата төв үндсэн хоёр үүрэгтэй. Эхний үүрэг нь хувь хүний, төрийн, төрийн бус байгууллагын олон датаг хадгалах хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, дохиолол хамгаалал, мэдээллийг найдвартай байлгах үүрэг хэмээн ойлгож болно. Хоёр дахь нь дата төвөөр дамжуулаад иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэх үүрэгтэй. Иргэдэд өгөх мэдээлэл нь өөрчлөгдөхгүйгээр, байгаагаараа хүргэдэг байх ёстой. Зарим талаараа хоорондоо зөрчилдөж болох ч ийм хоёр үүрэгтэй байдаг. Тийм учраас нөөц төв барих, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах асуудлыг яриад байгаа юм. Энэ тал дээр хувийн хэвшлийн байгууллагууд ч гэсэн өөрийн гэсэн дата төвийг барих тухай асуудлыг ярьж байна. Ийм дата төвтэй байгууллагууд ч бий.

-Ямарч байсан 2013 онд цахим гарын үсгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө кибер аюулгүй байдал одоогийнхоос нэг шат ахина гэж ойлгож болох уу?

-Бид шатны тоог тоолохоос илүүтэй дэлхийн төвшинд нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, аюулгүй байдлыг хангасан шийдлүүдийг нэвтрүүлнэ гэж ойлгож болно. Дэлхийд хэрэгжээд, багагүй амжилт үзүүлсэн техникийн шийдлүүд олон бий. Тухайн хүний мэдээллийг алдчихгүйн тулд тухайн байгууллага хариуцлага хүлээхээс гадна иргэд ч хамгаалалтанд нь оролцох хэрэгтэй байдаг. Жишээлбэл, бидний сайн мэдэх Гүүгл /google/ компани шинээр хаяг нээж байгаа тохиолдолд давхар хамгаалалтын системийг нэвтрүүлсэн. Энэ нь тухайн хүн шинээр хаяг, нэр нээсэн тохиолдолд таны сонгосон нууц үгнээс гадна тусгай кодуудыг нэвтрэн орох бүрт зөвхөн танд илгээдэг технологи. Хэрвээ өөр хүн нууц үгийг чинь мэдсэн хэдий ч тусгай код нь зөвхөн таны утсанд ирэх учраас эрсдэл нь буурч байгаа юм. Энэ мэтчилэн тогтолцоог ч хэрэгжүүлж болно. Ер нь дэлхийн бусад улс гүрнүүд энэ талын харилцааг үе шаттайгаар хөгжүүлж байна. Хэрвээ бид цаг алдалгүй дэлхийн бусад улс орнуудтай зэрэгцэн явж чадвал үүнийг дагаад энэ чиглэлийн бизнес, харилцаа хөгжих боломжоор хангагдана.

-Яг ямар боломж, ямар харилцаа нээгдэх вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль батлагдлаа гэхэд цахим арилжааг хөгжүүлэх хэрэгтэй болчихно. Иргэний хуулиараа гэрээг хоёр тал зурж баталгаажуулдаг байлаа шүү дээ. Цахим гарын үсгийн тухай хуулиар цахим хэлбэрээр баталгаажуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Дэлхийн 60 гаруй орон цахим гарын үсгийн хуультай. Энэ орнуудад цахим хэлбэрийн харилцаа илүү хөгжсөн.

-Цахим гарын үсгийн хууль батлагдаад хэрэгжих л үлдэж. Тэгвэл 2005-2012 оны хооронд хэрэгжүүлэх “Цахим Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт нь ямар байна вэ?

-“Цахим Монгол” хөтөлбөрийн гүйцэтгэлийг энэ онд гаргасан. Хөтөлбөрийн хэрэгжилт 92-96 хувь байгаа. Бидний зорилтууд тодорхой хэмжээнд биелсэн гэж үзэж болно. Хэрэгжилтээ хүлээсэн, дутуу дулимаг хийсэн зүйлс бий. Тиймээс бид энэ онд мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулж 2021 он хүртэлх бодлогыг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Төрийн бодлого болж гарах ёстой. Дараагийн арван жилийн бодлого хамтын ажиллагаанд чиглэгдэнэ. Мэдээлэл харилцаа холбооны салбар бүх салбарт хамааралтай болж хөгжиж байна. Төрийн болон нийгмийн харилцааны бүх л салбарт бид хэрхэн ажиллаж, тэд юугаа, бид юугаа хариуцахаа тодорхой болгох ёстой. 2021 он гэхэд мэдээлэл харилцаа холбоо ямар төвшинд хүрсэн байхыг энэ баримт бичгээр тодорхой болгосон. Тиймээс жил жилийнхээ төсөв, төлөвлөгөөнд суугаад явна гэж ойлгож болно.  Яг одоогийн байдлаар программ хангамжийн салбар тааруухан хөгжиж байна. Нэлээд хэдэн жилийн турш сайн явж өгсөнгүй. Өрсөлдөх чадвараараа бид гадныханд гологдож байна. Тиймээс бид үндэсний мэргэжилтнүүдийг олон улсын гэрчилгээтэй болгох сургалтанд хамруулах, чадвартай боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа.  Бид дотооддоо мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, хэрэгжүүлэх ажил тааруухан байгаа. Энэ нь харилцан ойлголцол, хамтын ажиллагаа тааруухан байгаатай холбоотой.

-Яг яаж харилцан ойлголцол, уялдаа холбоог сайжруулах вэ?

-Эрчим хүчний салбар байлаа гэж бодъё. Энэ салбарын мэдээллийн технологийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоход өөрсдийнх нь бололцоо, чадавхи нь хүрэхгүй байгаа. Тийм учраас мэдээллийн технологийн паркыг нь чадамжтай хүнээр бүрдүүлээд, тэр хүмүүс нь эрчим хүчний салбартай хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж хэрэгцээг нь тодорхойлоод дараа нь гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Энэ гүйцэтгэгчээс гарсан бүтээгдэхүүнийг дундын байгууллага нь баталгаажуулж өгдөг. Тэр дундын байгууллага нь эрчим хүчний мэдээллийн технологийн газар байдаг ч юм уу. Хэрэгцээ, шаардлагыг ингэж холбосноор итгэл үнэмшил бий болно. Нөгөөтэйгүүр бүтээмж нь өсөх боломжтой. Энэ бүхэн хэрэгжээд эхэлбэл харилцан, ойлголцол нэмэгдэх боломжтой.

-“Цахим Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт ийм сайн байгаа юм бол Ховд аймгийн төвийн сургуулийн компьютер интернэтэд холбогд­сон гэж ойлгож болох уу? Бодит байдал дээр ажилладаг үгүй нь мэдэгдэхгүй компьютер л байдаг шүү дээ?

-Аливаа ажил өөрийн гэсэн үе шаттайгаар хэргэждэг. Бид 2006 оноос хойш Монгол Улсын бүх сум, суурин газрыг гар утасны сүлжээнд холбосон. Алс хязгаарын хүмүүс утасгүй холбоог ашиглаж сурсан, мессэж бичиж чаддаг болсон, бага, сага ч гэсэн интернэтийг хүлээж авч чаддаг болсон. Одоо бид бүхэн Монгол Улсын бүх сум, суурин газрыг шилэн кабелийн сүлжээнд холбох төслийг хэрэгжүүлж байна. Ирж буй 2012 оны сүүл гэхэд дуусгана гэж бодож байгаа. Үндсэндээ 330 гаруй сум интернэтэд холбогдоно гэж ойлгож болно. Бас нэг зүйл бол “Шинэ зууны Цахим боловсрол” хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлэх гэж байна. Энэ ажлын хүрээнд бүх төрлийн компьютерийн системүүдийг тараана. Ингэснээр маш том хэрэглээ үүсэх гэж байгаа болохоор хандалтын сүлжээ гэдэг юм сум бүрт байх шаардлагатай болох юм. Үүнийг боловсролын хөтөлбөртэй холбох хэрэгтэй. Бусад салбаруудыг ч ингэж хөгжүүлэх шаардлагатай. Би нэг зүйлийг дахиад хэлье. Ирэх 2012 он гэхэд 330 гаруй сум шилэн кабельд холбогдоно. Харин үүнээс өмнө интернэтийн хурд болоод багтаамжийг нэмэгдүүлэх. Ялангуяа тасралтгүй байлгах шаардлагатай болж байгаа. Бас нэг асуудал гэвэл интернэтийн үнийг хямдруулах юм. Бид интернэтийн үнийг хямдруулах боломжийг судалж байна.

Бид Монгол агуулгыг өргөжүүлэх зорилгоор “Гүүгл”-ийн орчуулгын системд монгол хэлийг оруулах тухай ярилцаж байна. Өнөөдөр дэлхийн 60 гаруй орон өөрсдийн хэлээр чөлөөтэй мэдээллийг авч байгаа. Бидний хийж байгаа энэ ажил тийм ч хялбар биш. Англи, Орос, Испани, Араб хэлнээс Монгол Улс руу орчуулсан бүх ном, товхимол, мэдээллийг дата баазад суурилуулна. Бидний тооцоолж буйгаар маш их дата сан хуримтлагдах магадлалтай. Дараа нь үүндээ суурилсан программ хангамжийг бий болгоно.

Үүгээр маш богино хугацаанд гадаад үг, өгүүлбэрийг монгол хэл рүү хөгжүүлэх боломжоор хангагдах юм л даа. Энэ бол зүгээр л нэг толь бичгийн асуудал биш. Бид одоогийн байдлаар гадаадын байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Болж өгвөл ойрын хугацаанд бодит ажил болгох гээд хичээж байна. Хэрвээ энэ бодит ажил болох юм бол гадаад агуулгыг эх хэлээрээ, дотоодын агуулыг гадны орнуудад түгээх асар их боломж нээгдэнэ.

-Та бид хоёрын ярьж байгаа энэ гоё зүйлс хүний нөөцтэй холбогдох нь ойлгомжтой. Монгол Улсад мэдээллийн, технологийн салбарт ажиллах боловсон хүч­нийг дотооддоо бэлтгэж байна уу, гадаадад бэлтгэхэд төр засгаас анхаарсан юм байна уу?

-Энэ асуудал үнэхээр чухал. Бид мэдээлэл харилцаа холбооны салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулж байна. Энэ ондоо багтаагаад Засгийн газарт оруулъя гэсэн амжсангүй. Дараа жил оруулахаар боллоо. Энэ салбарын хүний нөөцийн асуудал зөвхөн энэ салбарын асуудал биш. Байгаль орчин, эрчим хүч, уул уурхай гээд бүх л салбарт хамаатай болж байгаа юм. Тиймээс энэ бүх зүйлүүдийг тооцон хүний нөөцийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Гэвч энэ ажил хэцүү байна.

 Зөвхөн эрчим хүчний салбарт л гэхэд ирэх онд хичнээн хэмжээний хүн хэрэгтэй болох юм, дараа жил нь хичнээн хүн байх вэ, ямар чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай гэдгийг яг таг тоо баримтаар нь гаргаж ирэх хэцүү байна. Уг нь энэ бүгдийг тооцоолоод хүний нөөцийн бодлогыг тогтоох юм бол ирж байгаа хүмүүс нь ажилгүй хоцрох нь багасна л гэсэн үг юм шүү дээ. Энэ бүх ажлыг боловсруулах ажилд орчихсон. Гүйцэтгэл нь 70 хувьтай байгаа юм. Мэдээлэл тодорхой гарахгүй байгаа ч бид энэ асуудлыг удахгүй шийдчихнэ. Үүнээс гадна зөвхөн мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр ч биш шинэ салбар чиглэлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа. Яг өнөөдөр гэхэд манайд сансрын технологийн чиглэлээр мэргэшсэн хүн цөөхөн. Бид бүхэн гадны байгууллагатай хамтраад хүний нөөцийг дэмжих санг байгуулж, үйл ажиллагааг нь явуулж байна. Өнгөрсөн хугацаанд сурлагадаа амжилт гаргасан хүүхдүүдэд тэтгэлэг олгосон. Үндсэндээ гурав, дөрвөн жилийн турш бид ийм чиглэлээр ажилласан. Харин энэ жилээс бид энэ чиглэлээ бага зэрэг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой залууст тэтгэлэг олгодог боллоо. Цаашдаа энэ байдлаар бид тэтгэлэг олгох болно.

-Тэгвэл яг одоогийн байдлаар төрийн бодлого нь ч, танай бодлого нь ч тодорхойгүй болохоор боловсон хүчин “бор зүрхээрээ” бэлтгэгдэж байна гэж ойлгож болох уу?

-Бор зүрхээрээ гэхээсээ илүү боловсролын салбарын тусгайлсан хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж байгаа. Мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн агуулгыг өөрчлөх талаар Монголын программ хангамж хөгжүүлэгчдийн холбоо, их, дээд сургуультай хамтраад зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан. Өөрчлөх зүйл агуулга дээр ч, багш нар дээр ч их байна. Угтаа энэ чиглэлийн мэдлэг, боловсрол олгодог ерөнхий систем нь өөр, өөр байгааг бид ярилцсан. Бид боловсролын салбарын ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй.  Тиймээс салбар, салбарт тулгамдаж байгаа асуудлыг бидэнд хэлэх хэрэгтэй байна. 

-Танай байгууллага бодлого хөтөлбөрөө боловсруулж байгааг ойлголоо. Гэхдээ Мэдээлэл техно­логийн үндэсний паркийг яагаад, кино театр болгосон юм бэ? Энэ байрнаас өөр томоохон байр, барилга танай мэдэлд байна уу?

-Байшин барилгатай холбоотой асуудлууд байгаа. Шүүх, сэргийлэхээр явж байгаа учраас тоймтой хариу хэлж чадахгүй. Гэхдээ энд нэг зүйлийг хэлье. Мэдээлэл технологийн паркийн үйл ажиллагаа тасралтгүй өрнөж байх ёстой. Аливаа нэгэн саад тотгор учрах ёсгүй. Кино театр байгуулсан компани нь гэрээгээ эхэлж зөрчсөн байна лээ. Гэрээ зөрчсөн компанийг шүүхийн байгууллага нь яаж шийтгэдгийг нь харъя. Уг нь Мэдээлэл технологийн үндэсний паркийг бид 2002 онд шинээр байгуулагдаж байгаа, шинэ санаачилга гаргаж байгаа компаниудад дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулсан. Үүргээ чадан ядан гүйцэтгэж байгаа. Дутагдалтай юмнууд ч их бий. Бид Энэтхэг 20 сая ам.долларын дэмжлэг авч аутсорсингийн томоохон төв байгуулах гэж байна. Энэ нь мэдээллийн технологийн инкубатор болж хөгжих ёстой. Тэгснээр мэдээллийн, технологийн салбарт Монголын гэсэн бренд бий болох юм.

-Саяхан “Мобиком”-ын урьдчил­сан төлбөрт хэрэглэгчдийн сүлжээнд до­голдол гарлаа. Сүлжээ нь хакер­дуул­­сан гэх мэдээлэл яваад байна. Энэ талаарх мэдээлэл танайд байна уу?

-Сүлжээ хакердуулах тохиолдол ер нь бол гардаг. Бид энэ тохиолдлуудыг бүртгээд, арга хэмжээгээ аваад явдаг. Гэхдээ “Мобиком” хажуудаа өөрийн гэсэн дата төвтэй. Халдлага дайралтад өртөж байгааг тэд өөрсдөө тогтоогоод авах арга хэмжээгээ аваад явдаг. Ер нь Монголын компаниуд өөрсдийн гэсэн дата төвтэй болох хэрэгтэй.

-Дээр ярианд чинь дурьдагдсан 2020 онд гоё болно, 2030 онд сайхан болно гэсэн энэ яриа хэзээ бодит ажил хэрэг болох вэ? Сонгуулиас, сонгуулийн хооронд замхраад сайхан зүйлс нь цаасанд үлдчихвэл яах вэ?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байдаг. Ерөнхий бодлого нь гарчихсан учраас хэрэгжүүлээд явчих бүрэн боломжтой. Эрх зүйн хувьд ч, төрийн бодлогынхоо хувьд ч, залгамж чанарынхаа хувьд нь ч тэр. Бидний яриад байгаа энэ зүйлс тогтсон хугацаандаа хэрэгжээд явчих боломж, бололцоотой. Манай салбарт оюунлаг хүмүүс их байгаа учраас би итгэлтэй байна. Монгол Улсын мэдээлэл шуудан харилцаа холбооны салбарынхан, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага нь ч тэр энэ сайхан мөрөөдлүүдийг ажил хэрэг болгохын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Энэ бүх байгууллагууд харилцан ойлголцож, хамтарч ажиллах эхлэл тавигдсанд хувьдаа их баярлаж байна. Энэ харилцан ойлголцол, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд үргэлжлээсэй. Тэгвэл бидний боловс­руулсан бодлого тасралтгүй хэрэгжих бололцоотой. Хэвлэл мэдээллийн салбарыг энэ харилцаанд оролцох нэг хүчин гэж хардаг. Хэвлэл мэдээлэл мэдээллийн агуулгыг үйлдвэрлэдэг томоохон салбарын нэг. Тиймээс бидэнтэй хамтран ажиллахад үүд хаалга нээлттэй. Танай сониноор дамжуулаад бүх салбарын хүмүүсийг хамтарч ажиллахыг уриалж байна.

-Ямар ч байсан замхрахгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж ойлгож болох уу?

-Ер нь хэзээ ч замхрахгүй. Үүнд итгэлтэй байж болно.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж