
Нийслэлд түүхий нүүрс түлэхгүй байх хязгаарлалтын бүсэд орсон 50 хорооны 100 мянга илүү өрх энэхүү хөнгөлөлтийг эрдэнэ хэмээн Засгийн газрын шийдвэрт тусгасан. ‘’Цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ’’ байгуулсан хэрэглэгчийн цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл сунгаж, энэ хугацаанд хэрэглэсэн цахилгааны үнийг нь хөнгөлнө гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн. Хөнгөлөлт олгох цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаар 3600 кВт.цаг байх аж. Гэхдээ энэ бүхэн лөөлөө болж, иргэд илүү мөнгө төлөх хэрэг гарч магадгүй нь байна шүү.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав “Засгийн газрын шийдвэрийн дагуу манай компанийн төсөвт иргэдийн эдлэх цахилгааны хөнгөлөлт гэж нэг төгрөг ч орж ирээгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 6500 өрх л манайхтай гэрээ хийсэн. Гэхдээ гэрээ хийчихлээ гээд хэрэглэсэн цахилгааныг нь хөнгөлчих юм биш. Төсвөөс мөнгө орж ирсэн цагт л манайтай хийсэн хэрэглэгчдийн гэрээ хүчин төгөлдөр болно. Манайд хүний хэрэглэсэн цахилгааны төлбөрийг өмнөөс нь төлөх мөнгө ч алга. Бид юугаараа төлөх вэ дээ” хэмээн арга барагдсан аястай ярьсан.
Засгийн газрын шийдвэрээр цахилгааны хөнгөлөлтөд100 мянган айл хамрагдах ёстой ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан болохоор 35 мянган айлыг л цахилгааны хөнгөлөлтөд хамруулах ёстой гээд нэр устай нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид ирүүлээд байгаа гэнэ лээ. Гэтэл тэр 35 мянган айл нь бас асуудалтай байгааг Ч.Саранжав захирал учирласан. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхны гаргаж өгсөн айлын мэдээллийн мөрөөр уг хашаанд очиход нөгөө айл нь хашаа байшингаа зараад хэдийнэ нүүчихсэн тохиолдол олон гарчээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргаж өгсөн 35 мянган айлын 4000 мянга гаруй нь тухайн хаяг дээрээ байхгүй, өөр айл худалдан авсан байж. Тиймээс энэ ажилд хаана, хаана хариуцлагатай хандах хэрэгтэй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал ярьсан. Мэргэжлийн хяналтынхан тухайн айл тэр хашаандаа байгаа эсэхийг шалгаж үзэлгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэсэг айлын хаяг аваад л “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани руу өгчихсөн бололтой юм. Түүнчлэн аль аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хязгаарлалтын бүсэд байгаа өрхүүдэд цахилгааны “sale” зарласан ч энэ талаарх журам нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд, шийдвэр нь арванхоёрдугаар сарын 10-нд гарсан гэнэ лээ. Нөгөөтэйгүүр 90 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамрагдана гэж Засгийн газраас шийдвэрлэсэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өдгөө 35 мянган айл хамрагдахыг сануулаад байгаа юм байна. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа айл өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг “Улаанбаатар түгээх сүлжээ” компанийн дансанд орж ирээгүй байгаа гэсэн. Орж ирсэн цагт л сая нэг иргэд “sale”-даа хамрагдах юм байна шүү. Түүнээс өмнө хөнгөлөлт эдлэх болсон гэж хөөрөөд энгийн хэрэглэдгээсээ илүүг хэрэглэвэл иргэн таны л халааснаас энэ мөнгө чинь бүтнээрээ гарна. Эрх баригчид энэ мэтээр цаг авах арга хэрэглэвэл энэ өвөлдөө иргэд цахилгааны хөнгөлөлт эдлэх нь лөөлөө болж магадгүй нь.