Эрх чөлөөний ойгоор бөхчүүдэд цол олгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний ойгоор бөхчүүдэд цол олгоно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар гурван үндсэн асуудлыг хэлэлцсэн аж. Эхэнд нь, Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1-дэх хэсэг, мөн хуулийн 60-ийн 2,3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж.  Эдгээр нь юуны тухай юм гэвэл, Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс хэтрэхгүй байх мөн сум, хороо, багийн засаг дарга нарын суудалд харьяат иргэн хэн ч байсан өөрийн нэрийг дэвшүүлж болно гэсэн заалтууд юм.

Сум багын засаг даргад ийнхүү нэр дэвшүүлэх асуудлыг хөндөж буй анхан шатны нэгжүүдэд хэтэрхий их улс төржилт үүсээд буйтай холбоотой гэнэ. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиар бол багийн засаг даргыг сумын засаг дарга, сумын засаг даргыг аймгийн засаг дарга томилж байгаа. Энэ заалтанд өөрчлөлт оруулснаар доод шатандаа нам, эвсэл гэж хоорондоо талцаж, ажил цалгардуулдаг байдал багасна гэж үзжээ. Засгийн газрын бодлого хэрэгжихэд энэ өөрчлөлт нь ихээхэн дөхөмтэй гэж тооцжээ. Энэ төслийг УИХ-ын нэлээдгүй гишүүд санаачилсан тул дэмжлэг хүлээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр болон баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг авч хэлэлцэн “арванхоёрдугаар сарын 29” буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулж нэг удаа бүх нийтээрээ амрах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан ба Үндсэний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын баяр наадамтай адилхан цол олгох төсөл санаачилжээ. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдах юм бол арванхоёрдугаар сарын 29-нд болох хүчит бөхийн барилдаанаар бөхчүүд Улсын баяр наадамтай адилаар шинэ цол авах боломжтой болох юм.

Ингээд тус бүлгийн даргаас зарим асуудлыг тодрууллаа.

-Хүчин төгөлдөр үйлчилж буй хуу­лиар УИХ-ын сонгууль, Орон нут­гийн сонгуультай нэг өдөр зохион байгуулагдахаар байгаа. Гэвч ийм боломжгүй гэж албан бусаар мэдэгдээд байгаа. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх оны бүх шатны сонгууль нэг өдөр болохоор хуульчлагдсан. Орон нутгийн сонгуу­лийн хууль хөндөг­дөө­гүй тохиолдолд  УИХ-ын болон орон нутгийн сонгууль нэг өдөр болдгоороо болно.

-Нийслэлийн засаг даргын томил­гоог ч мөн доороос нь мөн адил шийдэж болдоггүй юм уу?

-Нийслэлийн хэмжээнд ийм өөрч­лөлт хийх зохион байгуулалтын бо­лон цаг хуга­цааны боломж хомс байна. Энэ нь эргээд олон хүндрэл үүсэх магадлалтай. Тиймээс сайтар боловсруулсны үндсэн дээр хийх хэрэгтэй. Хэдийгээр нийслэлийг орхиж байгаа ч ирэх долоо хоногт чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үргэлжлүүлж хэлэлцэхээр болсон. Энэ хуулиар Улаанбаатар хотын эрх зүйн асуудлууд тодорхой болно. Дараагаар нь нийслэлийн Засаг даргыг намаас сонгох эсэхийг шийдэх боломжтой..

-Сонгуулийн хууль цэц дээр очих тухай яригдаж буй энэ үед ҮХЦ-ийн бүрэлдэхүүн дутуу байгаа. Дутуу гишүүдийн асуудлыг хэзээ шийдэх вэ, энэ нь бусад асуудлыг ший­дэхтэй холбоотой асуудал үүсгэхгүй байгаа?

-Үндсэн хуулийн Цэц бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. УИХ-ын зүгээс Цэцийн гишүүдийг бүрэн томилох тухай хэлэл­цэх учиртай. Үндсэн хуулийн нэмэл­тийн талаар ярьж байгаа үед Цэцийн бие бүрэл­дэ­хүүн бүрэн эсэх нь хамааралгүй. Гэхдээ Цэц байр сууриа илэрхийлээд явах бүрэн боломжтой.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж