
-Өнгөрч буй онд нийслэл хэдэн төгрөгний төсөв баталж, хэдийг нь зарцуулаад байна вэ?
-Нийслэл өөрөө төсөвт орлого оруулж түүнээсээ захиран зарцуулах эрх авдаг. Өнгөрсөн жил бид 227 тэрбум төгрөгний орлого улсад оруулах ёстойгоо 100 хувь бүрдүүлж чадсан. Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 128 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Үүнээс 126 тэрбум төгрөгний гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын ажилд 126 тэрбумын гэрээ хийсэн гэсэн үг юм. Он дамжих барилга, зам засварын зарим нэг ажил байгаа ч энэ жилийн төлөвлөгөөт ажлууд хийгдэж дууссан. Цаг агаар болон улирлын чанартай ажлууд үлдсэнийг бид он гарахад эдгээр ажлаа хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Нийслэлийн 2011 оны төсвийн орлого 138 тэрбум 707 сая 756 мянган төгрөг, зарлага нь 81 тэрбум 629 сая 906 мянган төгрөг. Мөн дүүргүүдэд олгосон санхүүгийн дэмжлэг хоёр тэрбум 903 сая төгрөг болсон. Одоогоор нийслэлд 128,4 тэрбумын ажил хийсэн байгаа.
-Аль салбарт илүү их мөнгө зарцуулсан бэ?
-Нийслэл маань өөрөө улсын их айл гэдэг үүднээсээ бид шаардлагатай гэсэн ажлууддаа төвлөрүүлсэн мөнгөө аль болох тэнцвэртэй хувааж зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нийгмийн салбарт нийт төсвийн 30, бүтээн байгуулалтад 30, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 25, авто замд 25 хувийг зарцуулсан. Мөн эрүүл мэндийн салбарт 21,3, агаарын бохирдлыг бууруулахад 3,8 тэрбум, боловсролын салбарт 16,4 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жилийн нэг онцлог нь 60 км авто зам засч, шинээр барьсан. Жил ирэх бүр автомашины тоо нэмэгдэж байгаа учраас зам засах болон гэр хорооллын дунд зам тавих зэрэг ажлууд нэн шаардлагатай байгаа.
-Зам засварын ажилд нийт хэдэн төгрөг төсөвлөж, хэдэн км зам шинээр тавив?
-Замын хөдөлгөөний түгжрэлээ бодсон ч авто замын шинэчлэл, засварыг зун бүр хийдэг. Энэ жилийн зам засварын ажилд нийт 67 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 7,6 тэрбум төгрөг, нийслэлийн замын сангийн 9,4 тэрбум төгрөг төлөвлөсөн. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн 12 төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Одоогоор 60 км зам хүлээлгэн өгсөн байгаа.
-Нийслэлийн бас нэг том асуудал сургууль, цэцэрлэг дутагдаж байгаа. Боловсролын салбарт хэдэн төгрөгөөр ямар ямар ажил хийсэн бэ?
-Хүн амын суурьшлаа дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрч байгаа онд 1,9 тэрбум төгргөөр 36 сургууль, цэцэрлэгт их болон урсгал засвар ажил хийсэн. Мөн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн гурван дүүрэгт 75 ортой зургаан цэцэрлэг, 100 ортой гурван цэцэрлэгийн барилгын ажлыг он дамжин гүйцэтгэж энэ жил долоон цэцэрлэгийн барилгын ажил дуусч, ашиглалтад оруулсан. Мөн ирэх онд он дамжин хэрэгжүүлэхээр батласан 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн долдугаар сургуулийн спорт заалны барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Хэрэв эдгээр барилгын ажил дуусвал 2100 гаруй сурагч зориулалтын зааланд хичээллэх боломжтой болж байгаа юм. Хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт баригдах 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга он дамжих буюу ирэх онд ашиглалтад оруулахаар болсон. Цаашид дүүргүүдэд шаардлагатай баригдах сургууль, цэцэрлэгийн барилгыг холбогдох яамтай нь хамтран ажиллана.
-Тэгвэл эрүүл мэндийн салбарт?
-Нийслэлд байгаа эрүүл мэндийн байгууллагыг бид дангаараа хариуцахгүй ч яамтай хамтран ажилладаг. Өнгөрч буй онд эрүүл мэндийн салбарт 1,6 тэрбум төгрөгөөр 16 эмнэлэгт их болон урсгал засвар хийсэн. Эрүүл мэндийн салбарт он дамжин хийж байгаа томоохон ажлууд нь нэг тэрбум төгрөгийн зардалтай гуравдугаар төрөхийн барилгын суурь болон цутгалтын ажил, Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын ахмад болон суурь өвчтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан 886 сая төгрөгийн сэргээн засах клиник сувиллын барилга угсралтын ажил хийгдэж байна. Бүтэн жилийн хугацаанд хийсэн төсвийн ажил болохоор их, багаар нь яриад байвал маш их зүйл гарч ирнэ.
-Агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил хийж байгаа гэдэг. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?
-Нийслэлээс энэ ажилд 20 тэрбумыг төсөвлөсөн. Мянганы сорилтын сан болон улсаас агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил хийж байгаа. Гэр хорооллыг барилгажуулах зорилгоор зарим хороодын айл өрхийг хөрөнгө гарган нүүлгэн шилжүүлж байгаа. Сүхбаатар дүүргийн 9-12-р хорооны 300 гаруй айл өрхийг нүүлгэсэн. Айл өрхийг нүүлгэх, газар олгох зэрэг асуудалд зарцуулаад байна.
-Өнгөрсөн онд хийсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэвэл?
-Одоогоор хийж дуусаагүй ажлуудыг оноос өмнө дуусгаад, харин он дамжих ажлууд төлөвлөгөөр явж байгаа учраас төсвийн гүйцэтгэл 96 хувьтай байгаа. Цаашид хийж дуусгах ажлаа оноос өмнө дуусгавал өнгөрч буй 2011 онд бид 100 хувийн гүйцэтгэлтэй байх боломжтой гэж үзэж байна.
-Ирэх онд нийслэл орлогоо өөрсдөө захиран зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч улсад 70 тэрбумын хөрөнгө төвлөрүүлэхээр болсон гэсэн?
-Ирэх онд нийслэл 279,9 тэрбум төгрөг төсөвт бүрдүүлэх урьдчилсан төлөвлөгөө гарсан байсан. Энэ мөнгийг нийслэл өөрсдөө захиран зарцуулна гэж Засгийн газраас шийдвэр өмнө нь гарсан байсан. Гэхдээ бид 279 тэрбумаасаа 70 тэрбумыг улсад төвлөрүүлэх ёстой болсон. Харин энэ мөнгийг улс нийслэлд эргэн зарцуулах боломж олгох юм. Уг нь нийслэлд шаардлагатай төсвийг судлаад үзэхэд 950 орчим тэрбум болж байгаа юм. Ирэх жил өнгөрч буй жилийн төсвөөс 52,9 тэрбум буюу 23 хувиар давуу төсөв энэ жил батлагдах байх. Гэхдээ нийслэлийн төсвийг батлах хурал энэ сарын 23-нд батлагдана. Бидний төлөвлөснөөр ирэх онд 279,9 тэрбум болж байгаа юм. Хэрэв батлагдвал бид ирэх онд салбар бүрт, хэрэгцээтэй ажлыг зохицуулах зарцуулах болно.
