Транс банкийг цөлмөгсдийг хэн оргуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Транс банкийг цөлмөгсдийг хэн оргуулав

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006-2008 онд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаагүй барьцаагаар зээл олгож, 2,5 тэрбум төгрөг зувчуулсан, барилга, засварын ажил нэрийн дор хуурамч гэрээ хийж, 290 сая төгрөгийг хувийн харилцах дансандааа шилжүүлж завшсан ОХУ-ыг зартай луйварчин А.Е Новожилов гэгчийн тухай хэд хэдэн материал “Ноцтой мэдээ” сонинд гарсан. Түүнийг өнгөрсөн онд Ганцхудагийн урьдчилан хорих төвөөс хэсэг бүлэг луйварчдын тусламжтайгаар суллагдах үед “Новожиловын хамсаатан дөрвөн нөхөр иддэгээ идээд, уудагаа уугаад гадаад руу гарчихсан. Одоо Новожилов мөрдөн байцаалтаас яг оргоно” хэмээн зөн билэгтэн аятай  сануулж байлаа. Гэтэл мөнөөх Новожилов өнгөрсөн оны есдүгээр сард тун ядах юмгүй оргосон талаар “Ноцтой мэдээ” сонинд гарсан мэдээллийн дагуу хууль хяналтынхан шалгалт явуулжээ.

Гэтэл их сонин дүр зураг гарсан байх юм. 2009 оны дөрөвдүгээр сарын 12-нд УМБГ-аас Новожилов гэдэг хүнийг хилээр гаргаж болохгүй гэсэн албан тоотыг Хил хамгаалах ерөнхий газарт өгч, овог нэр, зураг хөргийг нь Монгол Улсын бүхий л хилийн постуудад тараажээ. Дорнод аймгийн Баян-Уулын отряд нь Үлхэн, Эрээнцав хэмээх хилийн боомтыг хариуцдаг юм байна. Гэтэл Баян-Уулын отрядын нэг офицер А.Е.Новожиловын овог нэр, зураг хөргийг өрөөндөө санаатайгаар байрлуулсангүй. Энэ тухай хожим шалгалтынхныг асуухад “Би Новожилов гэдэг хүний зураг, хөргийг бичиг цаасан дотроо хийгээд мартчихжээ” гэж хариулсан байгаа юм. Бодвол энэ нөхөр Монгол Улсынхаа дархан хилийг нүд чавчилгүй манана, энэ тэр гэж тангараг өргөсөн байлтай. За энэ ч яах вэ, гэмт этгээдийг оргуулахын тулд санаатайгаар будилсан асуудал биз. Гэвч хилийн пост гэдэг ганц нэгхэн мангуурсан офицерын үйл хөдлөлөөр, бүх юм нь салан пүлэн болчихдог газар биш баймаар. Наад захын жишээ гэхэд компьютерийн нэгдсэн сүлжээ гэж нэг юм бий. Харамсалтай нь, тэр үед Эрээнцавын компьютерийн сүлжээнд эвдрэл гарч, улмаар 2010 оны есдүгээр сарын 5-нд мөн л нэг салгалсан нөхөр Улаанбаатар руу компьютерээ аваад явсан байна. Гэтэл яг маргааш нь буюу есдүгээр сарын 6-нд Новожилов Улаанбаатараас хэлцэлтэй юм шиг Эрээнцавын боомтод очсон байгаа юм даа. Яг энэ үед цаанаас, Оросын хилээс гурван орос Дорнод аймагт сургалтад хамрагдана гэсэн нэрийдлээр Эрээнцавд иржээ. Гэвч элэнцгийнх нь сургалтад хамрагдах билээ. Новожиловыг угтах зорилготой ирсэн болох нь төдөлгүй ойлгогджээ. Тэгээд дөрвүүлээ болж аваад Монгол Улсын хилээр чөлөөтэй гараад явчихсан байна. Новожилов энэ мэтээр манай улсаас дүрвэхдээ маш их хэмжээний мөнгө зарлагадаж, нэвт хахуульдаад гарсан болохыг шалгалтынхан тогтожээ. Наад зах нь гэхэд л Улаанбаатараас такси хөлслөхдөө жолоочид нь таван сая төгрөг хаясан байх жишээтэй.

Хамгийн сонирхолтой нь, 2010 оны аравдугаар сард Дорнод аймагт шүлхийн хорио тогтоосон байсан ч Новожиловыг улсын хилээр гарахын урьд өдөр шүлхийн хорио цээрийг цуцалсан болох нь тогтоогджээ. Хэрвээ хорио цээр хэвээрээ байсан бол хилээр орсон, гарсан бүх хүн бүртгэгдсэн байх ёстой байж л дээ. Ингээд бодоход зөвхөн Новожиловт зориулж хорио цээрийг цуцалсан ч юм шиг. Хэрвээ үнэхээр ийм юм болсон бол дээрээс маш нарийн зохион байгуулсан аугаа тактик болох нь тогтоогдож байгаа юм. Нэг ёсондоо энэ нь Тээвэр хөгжлийн банкийг залгих гэсэн  Монголын талын олигархиуд, Монголын банкны салбарт санхүүгийн луйвар хийчихээд зугтаж гарсан Оросын олигархиудын хамтын ажиллагаа болжээ. Энэ бол луйварчин Новожилов гэгч этгээдийн зөвхөн нэг тал нь.

Харин нөгөө тал нь юу вэ гэвэл түүнийг оргон зайлахад  идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэсэн хардлагыг 100 хувь төрүүлээд байгаа, нийслэлийн прокурор Мижиддорж гэгч юм. Учир нь одоогоос хоёр жилийн өмнө банкны ажилчид Новожилов тэргүүтэй олигархиудын бүхий л луйвруудыг илрүүлээд зээлсэн мөнгөнийх нь хагас хугасыг төлүүлж эхэлтэл, прокурор Мижиддорж тэднийг буруутгаад ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүл ухаантай хүнээс гарамгүй үйлдэл хийжээ. Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд “Бусдад залилуулсан мөнгөө олж авах гэсэн банкны ажилчдад эрүүгийн хэрэг үүсгэх ямар ч үндэслэл алга” хэмээн Мижиддоржийн үүсгэсэн эрүүгийн хэргийг долоон удаа буцаасан аж. Гэтэл Мижиддорж заавал яллах ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсаар иржээ. Мөрдөн байцаагч нар нэгэнт л прокурорын заавраар хөдөлдөг хууль дүрэмтэй болохоор яах ч арга байсангүй. А.Е.Новожилов тэргүүтэй этгээдүүд Тээвэр хөгжлийн банкнаас өчнөөн сая төгрөг луйвардсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарчихаад байхад Мижиддорж прокурор банкны ажилчдад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ёстой тэнэгийн тэнэг үйлдэл биз ээ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг түтгэлзүүлэх эрх прокурорт байдаггүй юм санж. Гэхдээ Мижиддорж өөрөө тийм аугаа хор найруулагч биш. Түүний дээр Новожилов мэтийн гадны луйварчдыг өмгөөлж, хамгаалдаг нэг том “акул” байгаа нь төвөггүй ойлгогдож байгаа юм. Жишээ нь, Мижиддорж цагаан сарын үеэр Тээвэр хөгжлийн банкны нэгэн ажилтан руу согтуугаар утасдсан байх бөгөөд чухам юу гэж ярьсан нь дээрхийг баталж байгаа юм. Тэрбээр “Танай ажилтнуудад заавал яллах дүгнэлт бич гэж дээрээс үүрэгдсэн. Би бол тушаал биелүүлж байгаа жирийн л нэг прокурор. Миний дээд талд олигархиудын гар хөл байна. Би яаж ч чадахгүй” гэсэн байх жишээтэй. Мэдээж түүний дээд талд Новожиловыг Ганцхудагаас батлан даалтад гаргуулаад, улсын хилээр оргуулсан маш том хүч байгаа бөгөөд энэхүү хүчийг ил гаргая гэвэл ерөөсөө Мижиддорж прокурорыг ажлаас нь түтгэлзүүүлээд мөрдөн байцаах хэрэгтэй болов уу. Ингэсэн цагт жинхэнэ авлигад идэгдсэн нэг том “акул” хуулийнхны гарт өөрөө ороод ирнэ ээ. Ямар сайндаа л Тээвэр хөгжлийн банкныхан ерөөсөө л Мижиддоржийг шүүхэд өгчихье, тэгвэл цаад эзэд нь аяндаа тодроод ирнэ гэж шийдээд түүнийг шүүхэд өгөх гэж байгаа сураг сонсогдож байна. Ер нь Новожилов тэргүүтэй Оросын таван луйварчин Монголын нийгэмд маш том хардлага бий болгож орхилоо. Хэрвээ Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав жинхэнэ шударгаар ажиллая гэж бодож л байгаа бол Тээвэр хөгжлийн банкийг цөлмөсөн гадаад, дотоодын луйварчдыг анхааралдаа авч, тэдний гар хөл бологсдыг илрүүлэн гаргаж ирэх цаг нэгэнт болжээ.

ЭХ СУРВАЛЖ:”НОЦТОЙ МЭДЭЭ”  СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж