”Жүжгийн зохиолоор хахаж байсан түүх байдаггүй юм”

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

”Жүжгийн зохиолоор хахаж байсан түүх байдаггүй юм”

“Цаг төрийн үймээн”, “Үрэгдсэнийг хүлээгч”, “Хөгшин чоно ульсан нь” зэрэг олон арван тууж, роман болон жүжгийн зохиолыг бичсэн Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг агсны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Д.Намдаг агсан Монголын шинэ үеийн уран зохиолын жүжгийн зохиолд шинэчлэл хийж бие даасан чиглэл гаргасан нь Монголд театрын урлаг хөгжихөд ихээхэн нөлөөлжээ. Орчин үеийн театрын урлагыг үндэслэгч түүний амьдрал, уран бүтээлийг  ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор УДЭТ-т Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Д.Намдаг агсны үр ач, анд нөхдөөс гадна түүний зохиол бүтээлийг шимтэн уншдаг уншигчид цугласан байлаа.

Их зохиолч Д.Намдагийн зохиол бүтээлд жүжгийн зохиолууд нь гол байр суурийг эзэлдэг. Тэрээр дан ганц зохиол туурвилаас гадна зохиосон  жүжгээ өөрөө найруулан тавьдаг сод уран бүтээлч байсан гэнэ. Анхлан тэрээр 1931 онд театрт жүжигчнээр орж С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийн боолын дүрд тоглож түүнээс хойш Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой зэрэг өөрийнхөө 20-иод жүжгийг найруулж нийтдээ 30 гаруй жүжгийн зохиолыг бичиж туурвижээ. Д.Намдаг гуай хоёр удаа төрийн шагнал хүртсэний нэгийг нь түүний “Оролмаа” жүжигт өгчээ. Жүжгийг анх 1973 онд тайзнаа найруулан тавьсан бол хамгийн сүүлд энэ онд УДЭТ-ын уран бүтээлчид, ерөнхий найруулагч Ч.Найдандоржийн удирдлаган дор дахин үзэгчдэд хүргэжээ. Их зохиолчын мэндэлсний 100 ойд зориулан УДЭТ-ынхан өчигдөр түүний “Оролмаа” жүжгийг  дахин тоглосон. Энэ зуур найруулагч Ч.Найдандоржтой уулзлаа.

-Д.Намдаг гуай бол Монголын театрын тулгын чулууг тавилцсан манай анхны жүжигчин, Монголын драмын жүжгийн зохиолчдын эцэг гэж болох хүн. Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан өөрийн өнгө төрх театрын брэнд болсон жүжгүүдээс нь бид нар “Оролмаа” жүжгийг сонгож тавилаа.

-Зохиол дээр гарч байгаа он цагийн хувьд ерөнхийдөө Монголын тусгаар тогтнол хэрхэн бий болсон, ямар олон үзэл бодлууд тэр үед Монгол руу орж ирэхийг санаархаж байсан, яаж Монголын ард түмний оюун сэтгэлгээг тал тал тийш нь сарниулж, тэр дундаас ард түмэн ямар сонголт хийсэн,  ямар үнэ цэнэтэй олдсон гэдэг нарийн чухал, эмзэг асуудал байж. Тэр тухай Д.Намдаг гуай нэг айлын гурван хүүхдийн хувь зохиол, тэр дунд байгаа эхийн сэтгэлээр дамжуулж энэ жүжгийг Монголын ард түмний хувь тохиолыг  илэрхийлж бичсэн зохиол. Энэ утгаараа орчин цагт өнөөдөр XXI зууны Монголын ард түмний тусгаар тогтнолын улс эх орны ирээдүйн хувь зохиол мөн адилхан энэ сэдэв давхцаж байгаа юм. Мөн улс төрийн олон нам өнөөдрийн энэ олон ургалч үзэл аль нь зөв, аль нь буруу гэдэг нь эргэлзээтэй байгаа энэ нөхцөлд энэ сэдэв бол маш идэвхтэй сэдэв. Тэр утгаараа бид нар “Оролмаа” гэдэг жүжиг дээр нь илүү анхаарал тавьж сонгосон.

Нөгөө талаар Намдаг гуай хоёр дахь төрийн шагналыг “Оролмаа”, “Ээдрээ” жүжгээрээ авсан. “Ээдрээ” жүжгийг манай ахмадууд маань Монгол телевизийн “Алтан фонд”-д мөнхөлж үлдээсэн. Тийм учраас бид Оролмаа жүжгийг ахиж фондлох, театрынхаа урын санд байнга байлгах зорилгоор сонгож авсан.

-Намдаг гуайн жүжгийн зохиолуудийн гол онцлог юу вэ?

-Намдаг гуайн жүжгүүд  дуугарч байгаа сэдэв нь эх орон, тусгаар тогтнол, монгол төр, уламжлал, газар шороо гэсэн дандаа тийм одоо монголчуудын үеийн үед эмзэг байсан энэ сэдвийг хөнддөг. Нийгмийн хамгийн эмзэг сэдвийг Намдаг гуай хөндөж бичиж чаддаг, бусад зохиолуудаас далайцаараа маш том өргөн цар хүрээтэй байж чаддаг. Өөрөө маш хүнд амьдралыг туулсан, хэлмэгдүүлэлтийг амссан ч XX зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг, нүүдэлчдийн соёлд орчин цагийн оюуны хувьсгалыг хийж чадсан том зохиолч.

-Өнөөдөр манайд жүжгийн зохиолчид хэр олон бэ?

-Яахав дээ. Намдаг гуайн бэлтгэсэн тэр армиас хамгийн сүүлийнх шавь манай Ш.Гүрбазар байна. Араас нь залуу сайхан зохиолчид гарч ирнэ. Жишээ нь гэхэд л Цогнэмэх гэж залуу анх удаа жүжгийн зохиол бичиж уралдаанд түрүүлж, “Тэнгэрийн хүү” гэдэг сайхан жүжиг гарлаа. Гэх мэтчилэн тасралтгүй явж байна. Гэхдээ дэлхийн театрын түүхэнд жүжгийн зохиолоор хахаж байсан тийм түүх байдаггүй юм. Үргэлж л өлсгөлөн, үргэлж л цангасан, үргэлж л хэрэгцээтэй байдаг. Энэ л жишгээр Монголын театр одоог хүртэл явж ирсэн. Үргэлж жүжгийн зохиол хэрэгцээтэй байдаг, олон зохиол байх тусам найруулагч, уран бүтээлчид тэр дундаас нь сорчилдог. Тэр сорууд дундаас хамгийн шилдэгийг нь бид тавьдаг учраас жүжгийн зохиол ховор байна гэдэг яриа бол үргэлж гардаг.

А.Төмөрсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж