Гулсуулж тараасан гурван тэрбум

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Гулсуулж тараасан гурван тэрбум

УИХ-аар хуулийн хугацаа хэт­рэ­хээс зургаан цагийн өмнө амжиж баталсан Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв эр­­хэм гишүүдийн хувьд цас орохоос өмнө хөеөгөө цуглуулсан хулганын ичээ мэт “баян, цатгалан” сайхан хууль болов.

Юундаа баян, цатгалан бэ гэвэл тэртээ Н.Энхбаярын Засгийн газрын үед “тойргийн” гэсэн тодотгол нэртэй­гээр төсөвт суулгаж, 10 сая төгрөгөөр эхэлсэн “сонгогчдыг хахуульдах” төс­­вийн хөрөнгийг тэр үеэс өчнөөн нугалж өсгөөд гишүүн тус бүрийн гурван тэрбумд хүргэж, төсвийн хэвлийд сайн гэгч “нуусанд” байгаа юм. Орлого талыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд төгрөгөөр баталсан нэгд­сэн төсөв дотор 76 гишүүний тус бүр гурван тэрбум буюу 228 тэрбум төгрөгийг тарааж “нууна” гэдэг өв­сөнд зүү хадгалахаас амар бололтой. Өнгөрсөн жил гишүүдийн тойргийн нуугдмал мөнгө нэг тэрбумд хүрч, сэтгүүлчдэд баригдаад ирэхээрээ “Ирэх жил тэгвэл хоёроос гурван тэрбумд хүргэнэ” хэмээн мэдэгдэж байсан эрхэм гишүүд хэлсэндээ хүрчээ. Гэхдээ бас л өмнөхийн адил “Гишүүдийн тойргийн мөнгө төсөвт байхгүй. Хаанаас ч олохгүй юм чинь” хэмээн мэлзэж буй.

Дээхнэ үед бол тойргийн мөнгөө гишүүний мөнгө гээд төсөвт ил цагаан хийчихдэг байсан нь үнэн  л дээ. Нэг үе эрх баригчид нь цөөнхийн гишүүдээсээ нууж, тойрогт мөнгө “хөеөлж” байгаад муухай баригдаж ижилхэн мөнгө хуваарилж өгч бай­сан. Сүүлдээ мөнгөний тоо есөн орон­той болоод ирэхээр төсөв дотор яам, агент­лаг, аймаг, сумын нэрээр тараагаад гул­суул­чихдаг болсон юм. Тэгээд хэ­нэг ч үгүй “Тийм юм байхгүй. Алив энэ төсөв дотор гишүүний мөнгө гэж хаа­­на байна” хэмээн ам асуудаг бол­сон. Төсвийн байнгын хорооноос зар­ла­сан хэвлэлийн бага хурал дээр энэ ту­хай асуухад хамгийн шударга гишүүн Н.Батбаяр даргаасаа өрсч ирээд л “байх­гүй” хэмээн тов хийтэл хариул­сан.

Гэх­дээ төсвийн задаргааг сайн шүүвэл яамд, агентлагийн нэр дээр, аймгуудын төсөв дотор “хөөрхөн, хөөрхөн” тоонууд харагдаж байгаа нь гишүүдийн гулсуулж тараасан мөнгө гэж хардахаар байгаа юм. Уг нь 2012 оны төсвийг их том хүрээнд, том том хөрөнгө оруулалтад чиглүүлж, төрийн аппаратыг данхайлгах, төрд унаа машин авах, байр байшинг засварлахаас аль болох зайлсхийх замаар эх оронч, хөгжлийн төсөв батал­лаа гэж зарласан. Үнэхээр хөгжлийн төсөв юм уу гээд харахад тойрогтоо чиглүүлсэн багагүй хөрөн­гийг эрхэм гишүүд шигтгэж чаджээ.

Бараг аймаг бүрт баг руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэлээд харагдаж байна. Нэг сум дунджаар тав орчим мянган хүнтэй. Суманд тав, зургаан баг байдаг гэвэл нэг баг мянга орчим, түүнээс цөөн хүнтэй, тэгээд тэр хүн ам нь малынхаа отор бэлчээрийг да­гаад талын нэг тарчихсан, багийн төв гэх хэдхэн шавар байшинтай га­зарт дөрөв тавхан айл суурьшдаг. Тэр болгон руу хөрөнгө оруулалтыг багагүй төвлөрүүлсэн нь мөнөөх эрхэм гишүүдийн тойргийн мөнгө гэх гурван тэрбум мөн гэхээр байгаа юм. Лав л нийслэлд гэхэд өнгөрсөн жилийн гишүүдийн нэг тэрбум төгрөг автобусны эцсийн буудлууд дахь бие засах газар, гудамжнууд дунд сагсан бөмбөгийн самбар, нэг хоёр өдөр оргилоод таг болсон усан оргилуур, ганц хоёрхон сар өдөр шөнөгүй гэрэл­түүлж гялайлгаад унтарсан гудамжны гэрэлтүүлэг зэрэгт үрэгдсэн.

Ирэх жилийн тиймэрхүү хөрөнгө оруулалтаас шүүж үзвэл Увс аймгийн төсөвт багийн төвийг шинэчлэхэд 600 сая төгрөг /мөнөөх гурав, дөрвөн шавар байшинг тордоход шүү дээ/, сумдын тохижилтод нэг тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Завхан аймагт багийн хөгжлийг дэмжих “Гэр” төсөлд 300 сая, багийн төв шинээр барихад 200 сая, Тосонцэнгэл суманд нутгийн удирдлагын төвийн барилгад 800 сая төгрөг тусгажээ.

Сүхбаатар аймагт багийн тө­вийн барилгад 60 сая, Баруун-Урт сумын гудамжны гэрэлтүүлэгт 30 сая төгрөг, тус аймгийн 13 суманд ба­гийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 200 сая төгрөг, Дорнод аймгийн нэг сумын багийн тохижилтод 10 сая төгрөг, Дашбалбар суманд С.Зориг агсны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолбор барихад 50 сая төгрөг, Хэрлэн сумын багийн ажлын албыг компьютержуулахад 10 сая төгрөг, Баянтүмэн сумын Ага-Чита-Хан-Уул гудамжинд явган хүний зам тавихад 70 сая төгрөг, Баянхонгор аймагт багийн төвүүдийн их засварт 200 сая төгрөг, Булган аймгийн Баян-Агт сумын төвийн зам засварт 20 сая төгрөг, Өвөрхангайн Уянга суманд хоёр км бетонон зам тавихад 400 сая төгрөг, Арвайхээр суманд нэг км бетонон зам тавихад 200 сая төгрөг,  Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугантын Засаг даргын Тамгын газрын барилгад 350 сая, нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн Засаг даргын Тамгын газар, тавдугаар хорооны барилгад 245 сая төгрөг, Орхон аймагт гэр хорооллыг интернэтжүүлэхэд 350 сая төгрөг гээд энд тэнд тараагаад гулсуулчихсан өчнөөн “хөрөнгө оруулалт” харагдах нь мөнөөх гишүүдийн тойргийн мөнгө бололтой. Зарим аймагт гишүүд нь мөнгөө нийлүүлж байгаад задгай захыг битүүлэх гэх зэрэг том ажил бүтээхээр болсон дуулдсан.

Ингэж гурав, гурван тэрбум төгрөг тойрогтоо оруулж, дээр нь хувиасааа бэлэг сэлт цутгасан гишүүд сонгуулийн кампани эхлэ­хээр их л номын ажиллах нь ойлгомжтой. Гэтэл “араа шүдээ хүртэл зэвсэглэсэн” гэгчээр тойргоо “мөнгөжүүлсэн”, тэгээд тойрогтоо ялсан, ялаагүй 28 хувийн босго давчих­вал пропорциональ тал руу сулдаа гүйгээд орчих гишүүдтэй төрийн ажлаа зургаан сарын өмнө “хураалгасан”, эсвэл ганц хоёр тэрбум төгрөг суртал­чил­гаандаа илүүчилчих чөмөг­­төй бизнесмэнүүд өрсөлдөөд хэр хол дав­хих бол гэдэг эгзэгтэй л санагдах болов.

Д.Оюунцэцэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж