“Намын жагсаалтыг нууц санал хураалтаар гаргана”

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Намын жагсаалтыг нууц санал хураалтаар гаргана”

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Гурван жилийн турш ярьж, парламент холимог тогтолцоотой УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Зарчмын ямар өөрчлөлтүүдийг хийж чадав. Өмнөх сонгуулийн хуулиас юугаараа дэвшилттэй болов гэдэгт хариулт өгөхгүй юу?
 
-Нэгдүгээрт, тогтолцооны шинэчлэлээ хийж чадлаа. Тодруулж хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоо руу шилжих шилжилтийг хийлээ.

Хоёрдугаарт, урд нь можаритор тогтолцоогоор байнга явж ирсэн сонгуулийн тогтолцоогоор сонгогчдын олон санал гээгддэг байсан. Одоо тэгвэл УИХ-ын 76 суудлын 28 нь үндэсний хэмжээнд санал хураагдана гэсэн үг. Ингэснээрээ  хүн амын төлөөлөл өмнөх сонгуулийн тогтолцооноосоо илүү сайжирч, сонгуулийн үр дүн парламентад тусгалаа олохоор зохицуулагдлаа, түүнийгээ дагаад тэр хэмжээгээр сонгогчдын эрх ашиг хангагдаж байгаа гэж ойлгож болно.

Гуравдугаарт, шинэ хуулийн хүрээнд сонгуулийн үеэр гардаг хууль бус сурталчилгаа, сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэлээд цэгцэллээ. Хамгийн том зарчмын өөрчлөлт бол сонгогчдын бүртгэлийг цэгцлэх зорилгоор энэ асуудлыг Улсын бүртгэлийн газар хариуцдаг, харин Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтаа зохион байгуулах хэлбэр рүү шилжүүлж байна. Дөрөвт, сонгуулийн хууль бус сурталчилгаатай холбоотойгоор сонгуулийн жил эхэлсэн оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа үйлдлүүд дээр тодорхой хязгаарлалт тавилаа. Мөн сонгуулийн үед мөнгөн амлалтаас эхлээд хэрээс хэтэрсэн амлалт, элдэв төрлийн бусдыг төөрөгдүүлсэн амлалт авахыг цэгцэлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл явцад иргэд сонгогчид, нам, эвсэл оролцогч бүх талууд мэдээллийн зөв урсгалд орж Монголын ард түмэн өөрсдийн сонгож байгуулах УИХ-ынхаа эрх мэдлийг хэнээс ч хамааралгүй бие дааж хэрэгжүүлэх, зөв чиглэлд явуулах чиглэлд бид алхам хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд бүлгүүдийн хувьд зөвшилцөж, ойлголцож хийсэн асуудлууд, мөн санал зөрөлдөж байгаад тохиролцсон асуудлуудаас гадна УИХ-ын гишүүдийн санаа бодол, УИХ-д суудалгүй намууд,  төрийн бус байгууллагуудын маш олон саналууд авч тусгагдсан. Зарим нь олонхийн санал авсан. Гэлээ гэхдээ цаашдаа хууль тойрсон шүүмжлэлүүд өрнөхийг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан гурван жилийн туршид ажилласны хүчинд сонгуулийн холимог тогтолцоо бүхий сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадлаа.

-Сөрөг талыг нь та хэрхэн харж байна вэ?

-Аливаа хуулийн сайн, муу талыг бүхэлд нь ярих юм бол олон зүйлийг хэлж болно. Гэхдээ би бүхэлд нь эергээр харж байна. Өмнөх сонгуулийн хуулиас хамаагүй дэвшилттэй болсон гэж л хэлнэ.

-Намаас нэр дэвшүүлэх пропорцианаль 28-ыг сонгохдоо намууд өөрсдөө үзэмжээрээ шийднэ гэдэг юм яригдаад байгаа. Бас тэдний өмнүүр 48-д нэр дэвшээд унасан улсуудыг зогсоох уу, ард нь зогсоох уу гэдэг бүрхэг байсан. Одоо яах болж байгаа вэ?

-Шилжилт бол анх УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж байсан гол нөхцөл байсан, бид зөвшилцсөн. Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг бол бидний тогтож ирсэн соёлоос өөр соёл рүү шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл, можаритор тогтолцоогоор зөвхөн хэн түрүүлж барианд орсон, хэн ялагч вэ гэдэг нь чухал байсан. Ялсан нь төлөөлөгч болно гэсэн зарчим үйлчилж байсан. Одоогийн шилжилтийн тогтолцоогоор бол ард түмний төлөөлөгчдийн байгууллага бол парламент учраас хүн амыг төлөөлөх явдал нь чухал юм. Тэр төлөөллийг хэрэгжүүлэхэд хамгийн гол үзүүлэлт нь улстөрийн зохион байгуулалттай улстөрийн нам бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд олон түмнээс итгэл авсан байх ёстой. Тодорхой сонгогчдын төлөөллийг тэр намын нэрээр орох хүн авсан байх ёстой гэдэг. Энэ хоёрыг хослуулах замаар хийдэг. Тэр нь заавал ялагч биш, чи тодорхой сонгогчдын төлөөлөл байх ёстой, тодорхой итгэл дэмжлэгийг нам чинь авсан байх ёстой гэдэг. Өмнөхтэй нь харьцуулаад хэлэх юм бол сонгуулийн улстөрийн соёлын хувьд арай өөр хэлбэр рүү шилжиж байгаа юм. Нам тэднийг нэр дэвшүүлэхдээ дотоод ардчилал, дүрмийн дагуу Улстөрийн намын тухай хуульд заасны дагуу намынхаа бага, их хурлаараа нууц санал хураалтаар дэвшүүлдэг зарчим хадгалагдана. Пропорцианаль 28 мандатаар улсын хэмжээнд санал хураагдах учраас үүнд орж байгаа нэр дэвшигчид бүгд 76 хүн байна. 76 хүн намын нэрийн жагсаалтад орно. Харин 26 тойрогт нэр дэвших 48 нэр дэвшигч бол тэр 76 дотроосоо орсон хүмүүс байх учраас саяын тохиолдолд өмнөх байдлаасаа нэг их өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй. Харин иргэд бол тойрог дээрх хувь нэр дэвшигчид ч саналаа өгөөд, намаас нэр дэвшигчид ч саналаа өгнө. Сонгуулийн хууль өөрөө шударга бус гэдэг юмуу хууль зөрчилдөх гэдэг талаасаа арай өөр соёл юм.

-Тэгвэл нам авсан суудлаа яаж хуваарилах вэ?

-76 нэрийн жагсаалт гаргана, 26 тойрогт нэр дэвшиж байгаа 48 нэр дэвшигч 76 жагсаалтад орно. Эхний ээлжинд 26 тойрогт өрсөлдөж байгаа 48 нэр дэвшигч тодорхой санал аваад шууд сонгогдчих юм бол шууд сонгогдоно. Сонгогдсонд тооцогдоогүй боловч ялсан гээд байгаа УИХ-ын гишүүнээсээ тодорхой саналын зөрүүтэй нам нь илүү олон түмний итгэл хүлээж 28 суудлаас 14, 15 суудал авсан байлаа гэхэд тэр суудалдаа хэнийг оруулах вэ гэхээр эхний ээлжинд тэр тойрог дээр нэр дэвшиж тодорхой хэмжээний санал авсан улсуудаа оруулна. Мөн цаана үлдэж байгаа 28-аас оруулах хувилбар байгаа. Энэ бол хэд, хэдэн янзын хувилбарыг ярих хэрэгтэй болно. Тодруулж бүрэн хэлэхэд хэцүү байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, УИХ-д тухайн нам, эвсэл ялалт байгуулсан нөхцөлд гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө бүрдүүлдэг. Тэр тохиолдолд бас тодорхой хэмжээнд энэ 76 нэрсийн жагсаалттай бусад оронтой нэгэн адил маневарлаж тэндээсээ гүйлгэж сайд нараа бүрдүүлэх. Тэр хэмжээгээр суларсан суудал дээр арынх нь жагсаалтад байгаа улсуудыг оруулах гэх мэт зүйлүүд бий.

-48-д нэр дэвшээд унасан нэр дэвшигчийг 28 руу шилжүүлэх тохиолдолд хувь тогтооё гэж байсан, больчихсон юм уу?

-28 хувийн босго байгаа шүү дээ. Миний түрүүний хэлдгээр хүн амын төлөөлөл болж байгаа учраас хуучин буюу хүчингүй болсон хуулиар тогтож ирснээр 25 хувиас доошгүй байх шаардлага байсан. Үүнтэй ойролцоо үндсэндээ 28 хувийн санал авах ёстой хүмүүс ороод явна. Хүмүүс сонирхож байна. Үлдсэн 28 чинь яах юм бэ гэж… 76 нэрийн жагсаалт бүхий нам санал хураалтад үндэсний хэмжээнд оролцож байгаа учраас тэр намын төлөө саналаа өгнө гэдэг бол тэр 76 хүний төлөө саналаа өгч байгаатай ижил ойлголт юм. Тэр 76 нэр дэвшигч нам хэдэн хувийн санал авч байна тэр саналыг тэр 76 гишүүн авч байна гэсэн үг. Тэгэхээр шууд авах ёстой гэдэг зарчимтайгаа зөрчилдөхгүй.

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирал УИХ-д нэрээ дэвшүүлэх тохиолдолд сонгууль болохоос зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Засгийн газрын гишүүдийн хувьд яах вэ. Ер нь заавал тэднийг зургаан сарын өмнө чөлөөлнө гэсэн нь ямар учиртай юм бэ?

-Энэ Сонгуулийн хуулиар журамласан юм бол улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд сонгуульд өрсөлдөх санаа байгаа бол сонгуулийн жил эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөхийг шаардаж байгаа юм. Энэ нь улс төрийн албан тушаалтанд өрсөлдөж байгаа хүн цаашид төрийн албанд ажиллана гэсэн зорилгогүйгээр эрсдлээ үүрээд намынхаа шугамаар улс төрийн тодорхой бодлого зорилтыг хэрэгжүүлэх үүднээс сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийнхөө ажил албаа зохицуулах хэрэгтэй гэсэн үг. 

Хэрвээ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс сонгуулийн үр дүнгээс үл хамаараад би олон түмэнд үйлчлэх үйлчилгээгээ үзүүлнэ, би энд удаан сайн ажиллах юм бол төдий чинээ олон жил ажиллаж, тэр хэмжээгээр цалин урамшуулал авна гэж бодож байгаа бол түүнийгээ сонго. Улстөрд орох гэж байгаа бол эртнээс бодол санаа зорилгоо тодорхой болгоод тэр замаараа яваад намынхаа, улстөрийнхөө ажлыг хийгээч ээ гэж байгаа юм. Ингэж явах нь юунд хэрэгтэй байгаа вэ гэхээр одоогийн Төрийн албаны болон Төсвийн удирдлагын тухай хуулиар сайд болон улс төрийн албан тушаалтнууд төсөв шууд захиран зарцуулах эрх эдэлдэггүй, төсвийг ерөнхийлөн захирагч нар болж байгаа юм.  Төсвийн ерөнхий менежер бол төсвийн бодлого шийдвэр боловсруулдаг бүх үйл ажиллагаанд гол хүмүүс нь албан хаагч нар байгаа. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаанд төсвийн хөрөнгийг дайчилж байгаа асуудал, төсвийг зүй бусаар албан ажилдаа ашиглаж байгаа асуудал улс төрийн албан тушаалтанд яригдахаас гадна тэдгээрт их холбогдож тавигддаг байсан. Олон удаагийн зөвлөмж дээр төрийн жинхэнэ албан хаагчдын зүй бус байдлыг таслан зогсоох зөвлөмжийг Аудитын байгууллага,  мониторинг хийсэн бусад байгууллагууд өгдөг байсан. Тийм учраас энэ зохицууллатыг хийж байгаа. Энэ дээр нэлээд шүүмжлэл гарч байгаа юм бий. Гэхдээ чи өнөөдөр үнэхээр сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол яагаад зургаан сарын өмнө ажлаа өгөөд,  намынхаа ажлыг хийгээд өөрийгөө бэлтгээд явж болохгүй гэж. Оронд нь төрийн албанд ажиллахаар нөөцөнд бичигдчихсэн олон мянган хүн бий. Тэднийг сонгон шалгаруулалтаар оронд нь тавих боломжтой. Сонгуулийн үеэр төрийн ажил цалгардахгүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж