Тимошенко үхэх нь засагт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Тимошенко үхэх нь засагт хэрэгтэй

Арванхоёрдугаар сарын 13-нд Киев хотын Давж заалдах шүүх Печерийн шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан Юлия Тимошенкогийн хэргийг авч хэлэлцэж эхлэв. Тимошенкогийн өмгөөлөгч Сергей Власенко түүний биеийн эрүүл мэндийн байдал мөн шүүх хуралд Тимошенко ирэх эсэх талаар ярьжээ.

Власенкогийн хэлснээр, Юлия Тимошенког “шүүхэд хүч хэрэглэн чирж авчрах” магадлал байгаа аж. Үүний зэрэгцээ  Юлия Владимировна өөрийн амьдралын төлөө зовниж байгаа гэнэ.

“Тэр Виктор Януковичид амьдаар хэрэггүй гэдгээ сайн ойлгож байгаа. Эрх чөлөөнд ч, шоронд ч. Үүнээс үүдэн эрх баригчид түүнийг хөнөөх биш харин шоронд нь үхүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаа гэх магадлал өндөр. Одоо урьдчилан хорих төвд түүнийг эмчлэх талаар юу ч хийхгүй байна. Зүгээр өвчлүүлэхгүй л гэж байгаа. Түүнийг үхүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийж магадгүйг ч бид үгүйсгэхгүй. Нэгэн агшинд ерөнхийлөгч баяр хөөр тодорсон царайгаар гарч ирээд “Би их харамсаж байна. Тэр нас барлаа” гэж хэлэх зүг рүү бүгд явж байна” хэмээн өмгөөлөгч ярьжээ.

Аравдугаар сарын 23-ны өглөөний таван цагт Тимошенког нэгэн нууц эмнэлэгт  авчирсан “өглөөний цуутай шинжилгээг” хийсэн хэмээн өмгөөлөгч сануулав. Тэр өдрөөс хойш Тимошенко босч чадахгүй хэвтэрт байгаа. Түүний эрүүл мэндэд сайжрах төлөв алга. Өдрөөс өдөрт биеийн байдал нь муудаж байна. Дахин онцлоход түүнд эмчилгээг огт хийхгүй байгаа. Өвчин намдаах эмнээс өөр зүйл түүнд хийдэггүй. Түүний арьсан дор цус нөжирч байна. Урьдчилан хорих төвийн эмч нар нь ч оролцоод  энэ өвчнийг оншилж чадахгүй байгаа. Эмч нар түүнийг нь өвчин намдаах эмийн үйлчилгээ байж магадгүй гэдэг. Тэгээд өвчин намдаах эмийн хэмжээг нь өдөрт хоёр болгон буулгасныг өмгөөлөгч нь хэлж байна.

Энэ 13-ны өдрийн шүүх хуралд Тимошенко оролцох боломжгүй шахууг тэр хэллээ. Экс ерөнхий сайдыг хүчээр авчирч магадгүйг ч тэр бас хэлжээ. “Одоо юуг ч өнгөрөөж болохгүйг би хэлж байна. Хэрэв  хэд хоногийн өмнө Тимошенког хорих газар нь шүүнэ гэж хэн нэгэн хэлсэн бол би итгэхгүй л байсан. Урьдчилан хорих төвд нүүдлийн гэх шүүх хурал болж байхад “Ноён шүүгч ээ, миний нуруу хүчтэй өвдөж байна. Хуралдаан зургаан цаг үргэлж байгаа учраас түүнийг хойшлуулж өгөхийг хүсье. Нуруу  хүчтэй өвдөж байгаа учраас би заримдаа сонсохгүй  байна. Тиймээс тайлбараа зүгээр өгч чадахгүй нь. Өвчин бууртал надад ядаж нэг өдрийн завсарлага хэрэгтэй байна” гэсэн Тимошенкогийн хүсэлтийн хариуд шүүгч “Таныг цагийн өмнө эмч үзсэн. Би хуралдаанаа үргэлжлүүлнэ” гэж байлаа хэмээн өмгөөлөгч ярив.

Нүүдлийн хуралдааны сэдвийг хөндөхдөө тэрээр “түүнийг шүүхэд хүчээр чирэн авчрахыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл Тимошенкод тамлал үзүүлж, хүн гэсэн нэр төрд нь халдсан ээлжит оролдлого болно” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ тэрээр Тимошенкогийн өвчний оношийн талаар хэлсэнгүй. Өвчин нуруутай нь холбоотой, хүчтэй өвдөлт өгч байгаа гэдгийг л тэр дуулгав.

Давж заалдах шүүх Тимошенкогийн хэргээр мөрдөн байцаалт явуулахаас татгалзав

Юлия Тимошенкогийн “хийн хэргээр” шийтгэгдээд давж заалдсаныг хэлэлцэж буй Киевын шүүх, арванхоёрдугаар сарын 14-нд экс ерөнхий сайдын өмгөөлөгч нарын шүүхийн мөрдөн байцаалт явуулах хүсэлтийг хүлээн авсангүй.

Шүүгчдийн коллеги хуралдаанд завсарлага зарлан дараагийн хуралдааныг 20-нд хийхээр болжээ. Нуруу нь хүчтэй өвдөж байгаа Тимошенко 14-ний өдрийн хуралдаанд очиж чадаагүй байна. Шүүх урьдчилан хорих төвөөс экс ерөнхий сайдын биеийн эрүүл мэндийн байдлын лавлагааг шаарджээ. Тимошенкогийн давж заалдах өргөдлийн дагуух хуралдаан түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаагаас гурав дахь удаагаа ийнхүү хойшиллоо.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж