МАХН-аас УИХ, Засгийн газарт хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

МАХН-аас УИХ, Засгийн газарт хандлаа

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр шаардлага тавьж, ажил хаялт зарласантай холбогдуулан МАХН-аас өнөөдөр мэдэгдэл гаргаж, УИХ, Засгийн газарт хандлаа. МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог мэдэгдлээ хүргүүлэхээр Төрийн ордонд ирээд байх үеэр нь энэ талаар тодруулсан юм.

-МАХН багш нарын талаар яагаад мэдэгдэл гаргах болсон бэ?

-МАХН нь социал-демократ буюу зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын хувьд боловсрол, нийгмийн хамгааллын асуудалд онцгой ач холбогдол өгдөг юм. Сүүлийн үед Засгийн газраас боловсролын салбарт хийж байгаа өөрчлөлтүүдийн сайн мууг ярьж дүгнэхийн тулд юуны түрүүн энэ салбарыг нуруундаа үүрч авч яваа багш нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж цалинг дорвитой нэмэгдүүлсэн эсэх, тэдний ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эсэх, тэднийг орчин үеийн шинэ мэдээллээр хангаж байгаа эсэхийг харгалзаж үзэх ёстой. Багш нарын тавьсан зүй ёсны шаардлагуудаас үзэхэд Засгийн газар энэ талаар санаачилга муутай ажилласан нь тодорхой байгаа. Боловсролын салбарын мэдлэг, агуулга, хүний хүчин зүйл, чанарын цөм болсон багш нар, тэднйи эрх ашгийг тус салбарыг сайжруулах бодлого, арга хэмжээний гадна үлдээж орхисон нь Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болсон боловсролын салбарыг хөгжүүлэх талаар өнөөгийн МАН-АН-ын хамтарсан Засгийн газар нэг бол буруу, эс бөгөөс дутуу бодож байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

-Одоо УИХ, Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой гэж МАХН үзэж байгаа вэ?

-Багш нарын зүй ёсны шаардлагыг биелүүлэх эсэх нь зөвхөн инфляцийн асуудал биш юм. Харин боловсролын салбар хөгжих эсэх, цаашилбал Монгол Улс хөгжих эсэхтэй шууд холбоотой асуудал. Иймд УИХ, Засгийн газар багш нарын тавьж буй зүй ёсны шаардлагыг нэн даруй биелүүлэхийг МАХН шаардаж байна. Тэгээд ч багш нарын цалинг нэмэгдүүлэх амлалтыг өнөөгийн хамтарсан Засгийн газар өөрөө өгснийг дахин сануулж байна гэлээ.

МАХН-аас УИХ, Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлд “Ийнхүү шаардах нь улс орныхоо хөгжилд санаа зовниж буй улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, шударга иргэн бүрийн зайлшгүй хийх ёстой алхам мөн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Багш нарын тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлэхийн оронд тэднийг элдвээр хууран мэхлэх, цаг хожих, хагалан бутаргах, айлган сүрдүүлэх зэрэг бусармаг үйл ажиллагаа явуулбал МАХН нь шударга ёсны төлөө тэмцэж буй улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, шударга ёсыг баримталж багш нарыг хүндэтгэн дээдэлж байдаг монголын нийт ард түмэнтэйгээ хамтран багш нараа дэмжин тэмцэх  болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Монголд амласнаа ажил хэрэг болгодог хариуцлагатай төр хэрэгтэй” гэжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж