“Жагсагч” “Time”-ын оны хүнээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Жагсагч” “Time”-ын оны хүнээр шалгарлаа

“Time” сэтгүүл уламжлал ёсоор Оны хүнээ зарлалаа. Тэд засаг төрдөө сэтгэл алдарсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний нийтлэг дүр болох “Жагсагч” (The Protester)-ийг Оны хүнээр тодруулжээ.

Тус сэтгүүл редакцийн өгүүлэлдээ Тунисийн нэгэн жижиг хотын ногооны наймаачин Мухаммед Буазизиг онцолсон байна. Өөрийгөө шатаасан түүний үйлдэл Тунис дэхь эсэргүүцлийн хөдөлгөөний салхийг хагалж, үр дүнд нь тус улс дарангуйлагчаасаа салсан арабын анхны орон болсон билээ.

Улмаар, хэний ч үл таних хүмүүс нийтийн хүчээр  Египт, Ливи, Йеменд засаг төрийг түлхэн унагаж, өнөөдөр ч энэ мэт  тэмцэл Сири, Бахрейн зэрэг улсад үргэлжилж байгааг та бид харж байна.

Дээрхээс гадна, яг ийм “нэр үл мэдэгдэх” жагсагчид 2011 оны туршид Испани, Грек, Итали зэрэг олон орны эрх баригчдыг шахаанд оруулж, сандаргасаар байсан төдийгүй “Уолл стритийг эзэл” зэрэг хөдөлгөөнөөрөө америкийн төрийн бодлогод ч сонгуулийнх нь өмнөх жилд багагүй нөлөө үзүүлсэн билээ.

Time-ийн Оны хүнд мөн энэ сард болсон сонгуулийн дүнг эсэргүүцэж жагссан Оросын иргэнийг ч тооцож байна.

Уг нь нэр дэвшүүлэх он-лайн санал асуулгын үр дүнд Туркийн ерөнхий сайд Режел Тайип Эрдоган шалгарч байгаа тухай мэдээлж байсан ч сэтгүүлийн редакц, урьдын адил, эцсийн сонголтыг хийх эрхээ “өөрсөндөө үлдээнэ” гэж онцолж байсан юм.

Өнгөрсөн онд яг ийм явдал болж, санал асуулгаар WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж (Julian Assange) тэргүүлж байсан ч Оны хүнээр Facebook-ийн “эцэг” Марк Цукерберг (Mark Zuckerberg) тодорч байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж