Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Иракийн дайн дууслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн дайн дууссаныг албан ёсоор зарлалаа. Тэрбээр Хойд Каролинад байдаг Форт-Брегг цэргийн баазад очихдоо ингэж мэдэгдсэн талаар ВВС мэдээлэв.

Америк цэргүүд Иракаас эх орон руугаа ирж байгаа бөгөөд хэд хоногийн дараа бүх цэргээ татаж авна. Б.Обама дайнд оролцсон болон амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэлээ илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр дайчдын ар гэрийнхнийг хүндэтгэж байгаагаа хэлсэн аж. Есөн жилийн дайны явцад Форт-Брегг цэргийн баазын 200 гаруй дайчин Иракт амиа алдсан юм.

Ойролцоогоор 1,5 сая америк цэрэг Иракийн дайны талбарт алба хааснаас 4500 цэрэг амь үрэгдэж, 30 мянган цэрэг шархадсан байна. Гэхдээ энэ тоо Иракийн дайны түүхийг хэлж чадахгүй гэж Б.Обама тэмдэглэлээ. Мөн тэрбээр Иракаас ирж байгаа цэрэг дайчдад ажил олгох болон шаардлагатай тусламж үзүүлэхэд улс хүчээ дайчлах болно гэж онцолсон юм. Учир нь цэргээс халагдсан хүмүүсийн дунд ажилгүйдэл дундаж үзүүлэлтээс 2,5 хувиар их байдаг ажээ.

АНУ-ын армийн цэргүүдийн дийлэнх нь өнгөрсөн наймдугаар сард Иракийг орхисон бөгөөд 200 цэрэг зөвлөхөөр үлдээд байгаа юм. Харин Багдад хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яам 15 мянган ажилтантай байгаа нь дэлхийд хамгийн томд тооцогдож байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж