“Читад намайг хүн бүр танина”

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Читад намайг хүн бүр танина”

“Бээжин-2008” олимпийн хүрэл медальт байт харваач Баир Бадёновын товч ярилцлагыг та бүхэнд хүргэе. Хэдийгээр Оросын тамирчид энэ төрлөөр олимпийн медаль хүртэлгүй 20 гаруй жил болсон ч буриад залуу өөртөө хэрхэн итгэлтэй байснаа хуучилжээ. Түүний нутаг нэгт Бальжиним Цыремпиловт найдсаар ирсэн ч энэ удаа Чита нутгийн залууд аз тохиожээ. Тэрээр шувтаргын харваанд ч өрсөлдөх боломжтой байв. Хагас шигшээд Украины Виктор Рубантай ширүүн тулаан хийж, 112:112-аар тэнцүү явжээ. Улмаар товх харваанд эхлээд хоёулаа 10-т сумаа шигтгэж, дараагийнхаар украин эр 10-аа давтсан бол Буриадын эрхий мэргэн 8-д оносон билээ. Виктор тэр эрчээрээ олимпийн аварга цол хүртсэн бол Баденов Мексикийн Хуан Рене Серраног хялбархан ялж хүрэл медалиа энгэрээ мялаажээ.

-Хагас шигшээд яагаад 8-д оночихов?

-Өөрөө ч сайн ойлгохгүй байна. Уул нь үндсэн харвааны төгсгөлийн гуравт дандаа алдаагүй харвасан. Виктороос хоёр оноогоор хоцорсныгоо уул нь нөхөж чадсан сан.

-Ийм үед сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй…

-Харамсалтай нь манай байтын шигшээд сэтгэлзүйч алга. Бид бэлтгэл цугларалтын үеэр зөвхөн техникийн асуудлаа зохицуулж, төвлөрөх сэтгэлзүйг өөрөө л аргалдаг. Гэхдээ надад тэгтлээ хүндээр тусдаггүй л юм. Манай спортод аз их зүйлийг шийддэг. Тухайн үед Украины тамирчинд аз давамгайлж, олимпийн аварга болсон биз ээ.

-Сөүлийн олимпод таны нутаг нэгт Владимир Ешеев бас л хүрэл медалиар энгэрээ мялаасан. Бээжинг зорихоос өмнө түүнтэй уулзаж зөвлөгөөг нь сонсов уу?

-Мэдээж, тэр надад амжилт хүссэн. Гэхдээ олимпийн наадамтай холбогдуулж төдий их яриагүй ээ. Би дөрөвдэх олимпдоо оролцсон болохоор шаардлагагүй гэж бодоо биз. Атланта, Сидней, Афинаас хангалттай туршлага үлдсэн байлаа.

-Байгалийн чанадад буриад үндэсний сур харваа ихээхэн түгээмэл. Анх та үндэсний харваагаар хичээллэсэн үү?

-Үгүй ээ, би шууд байт харваанд ирсэн. Манай хязгаарт хүүхдийн спортын сургууль ихтэй. Үндэсний сур харваанаас гадна байт харваа ч хөгжсөн. Читад намайг бараг хүн бүр танина шүү.

-Хагас шигшээд ялагдсан гомдлоо хүрэл медаль зүүн мартав уу?

-Ерөнхийдөө би медальд хүрнэ гэж бодоогүй. Рубанд ойрхон дийлдлээ гэх харамсал байсныг нуухгүй. Гэхдээ байт харваа бол хүүхдийн тоглоом биш гэдгийг түрүүн хэлсэн, энд юм бүхэн боломжтой.

-Байт харвааны дүрмийн өөрчлөлт нь олон нийтэд таалагдаж буй бололтой…

-Ялагчийг плей-оффын журмаар тодруулж эхэлснээр хүмүүсийн сонирхол нэмэгджээ. Зурагтаар үзэхэд ч ойлгомжтой болсон. Хэн нь хэнийг ялж байгааг шууд харж болохоор.

Олимпийн хүрэл медальт Баи́р Доржи́евич Бадёнов 1976 онд Агын Буриадын Могойтын районы Зугалай тосгонд төржээ. 1986 оноос спортоор хичээллэж, 2007 онд дэлхийн цомын аварга, 1996 онд Европийн аварга, 1993 онд дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн байна.

М.Бүүвэй

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж