
Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын нүүрсний 15 сав газар, гурван талбайд хамаарагдах нийт 300 гаруй орд, илрэлийн геологийн таамаг нөөц 162.3 тэрбум тонн. Цаашдаа уг нөөцийг геологичид өсгөх магадлалтай гэж тогтоосон байна. Манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Ихэнх аймаг, бүсийн түлш эрчим хүчний найдвартай гэж үүсвэр нь өнөөдрийн байдлаар нүүрс хэвээр байгаа агаад цаашид ч тийм байх ажээ. Өргөн уудам нутагт сийрэг байрших хэрэглэгчдийг түлшээр хангах асуудлыг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт төв, хангай, баруун, зүүн, говийн гэсэн таван бүс нутагт хуваадаг билээ. Нүүрс бол Монгол орны нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархмал байдаг. Нутгийн зүүн, төв бүсүүдэд хүрэн нүүрс, говийн болон баруун бүсүүдэд коксжих болон чулуун нүүрс зонхилж тархсан. Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд нийт 123 аж ахуйн нэгж 172 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас 105 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд 50 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нүүрсний нийт олгогдсон 172 тусгай зөвшөөрлөөс 39 нь Налайх дүүрэгт, энэ нь олборлолт хийж буй уурхайнуудын 37 хувийг, улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа хайгуулын талбайн 56.4 хувийг, хувийн хөрөнгөөр хайгуул хийж байгаа талбайн 7.6 хувийг эзэлж байна. Нүүрсний хэрэглээнд 2005 оныг хүртэл дулааны цахилгаан станциудын буюу эрчим хүчний хэрэглээ зонхилж байжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолтын хэмжээ эрчимтэй нэмэгдэж сүүлийн хоёр гурван жилд экспортын хэмжээ нүүрсний үйлдвэрлэлд зонхилох хувийг эзлэх болсон байна.
Ж.ГЭГЭЭ