
Уг фестиваль нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийгэм рүү чиглэсэн Рекламыг олон нийтэд хүргэх үйлсэд ААН, байгууллагуудыг татан оролцуулах, хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй юм. Бүтэн сарын турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гаригт реклам бүтээгчид, сонирхогчид, оюутан сурагчид , төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд, реклам захиалагч байгууллагуудыг хамруулсан Форум, Хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Форумыг нээж реклам бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч “Боролдой” студийн захирал С. Мягмар үг хэлсэн юм. Мөн арга хэмжээнд Реклам бүтээгчдийн холбооны бодлого хариуцсан захирал Р.Мөнхсайхан, Оюутолгой компанийн ОНМХ-ны дэд дарга П.Баярмагнай, СУИС-н захирал професор Э.Сонинтөгс, ЗЦГ ОНХА-н дарга, Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр ,Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш доктор, дэд профессор Д.Дагиймаа зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж Нийгмийн сэдэвт рекламны талаархи онолын ойлголт, арга зүй, нөлөөлөл, бэрхшээл, нийгмийн сэдэвт рекламыг хэрхэн хөгжүүлэх вэ зэрэг олон сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг явуулсан юм. “Бидэнд ойрхон ирээдүй” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь нийгмийн сэдэвт рекламыг хөгжүүлэх, олон нийтэд энэ талаархи ойлголтыг дэлгэрүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг гуравдугаар сарыг дуустал цувралаар зохион байгуулах юм байна.