
Япон улсын Сендай хотод одоо 60 монгол иргэн нэг зохион байгуулалтад орж, тусламж ирэхийг хүлээж байна гэсэн мэдээллийг тус хотод буй Энхбат овогтой Онон дамжууллаа. Тэрбээр “Сендай хотод тог тасарсан тул холбоо барихад хүндрэлтэй байна. Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдох гэж хичээсэн боловч, утсаа авахгүй байна. Нисдэг тэрэг ирнэ гэсэн мэдээллийн дагуу 60 монгол иргэн нэгдсэн зохион байгуулалтад орж, хүлээсээр байгаа юм. Гэвч энд нөхцөл байдал хүндэрч, хоол ундгүй зутарч эхэллээ. Газар хөдлөлт үргэлжилсээр байна. Хүмүүс нялх хүүхэдтэйгээ машиндаа хонож байна. Машингүй нь гадаа хонож байна. Гол нь Сендай хотод хөл хорио тогтоосон учраас бидний хувьд хаашаа ч гарах боломжгүй болчихоод байгаа юм. Энд шатахуун ч ховордсон, иймд биднийг ямар нэгэн аргаар эндээс аваач ээ гэдгийг хүсье. Газар хөдлөх дохио радиогоор зарлагдсаар байна” гэжээ.
Г.Дарь