”Хар тамхи зөөвөрлөсөн оюутан Г.Баясгалангийн хүүхэд биш”

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

”Хар тамхи зөөвөрлөсөн оюутан Г.Баясгалангийн хүүхэд биш”

Монгол Улсын хоёр оюутан хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын цагдаагийнханд баригдсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Тэдгээр оюутны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүүхэд гэсэн “мессеж” гадуур тархаад байгаа билээ. Тэд биедээ 500 грамм хар тамхи зөөвөрлөж яваад Хятадын цагдаагийнханд баригдсан аж. Томоохон албан тушаалтны хүүхэд хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан учраас Гадаад харилцааны яамнынхан дээрх хэргийг ихэд нууцлаж байгаа гэсэн яриа ч байгаа юм. Тиймээс Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Өмнөд хөршид их хэмжээний хар тамхи биедээ авч явсан хоёр оюутны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүүхэд байсан гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

– Энэ бол ташаа мэдээлэл. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хоёр оюутны хэн ч  Баясгалан гэсэн овогтой биш. Хувь хүний нууцыг хуулиар хамгаалдаг. Тэр утгаараа тэдгээр оюутнуудын ар гэрийхэн нь энэ хэргийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.  

Үүнийг л зарим хүмүүс далимдуулаад томоохон албан тушаалтны хүүхэд хэрэгт холбогдсон учраас Гадаад харилцааны яам мэдээллийг нуугаад байна гэж хардаад байгаа бололтой. Тэгэхээр энэ хардлагад хариулт өгөх  хэрэгтэй байх. Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдоод байгаа оюутнууд  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн  даргатай ямар ч холбоо сүлбээгүй.  Тодруулбал Г.Баясгалангийн хүүхэд хар тамхи зөөврөлөсөн хэрэгт шалгагдаж байгаа гэдэг бол цуурхал шүү.

-Тийм бол тэдгээр оюутны нэр овгийг нь хэлж болохгүй гэж үү. Үнэхээр л Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хүүхэд биш юм бол шүү дээ. Тэднийг хэн бэ гэдгийгнь хэлэхээс нааш иргэд ингэж хардсан хэвээр  байх болов уу?

-Ар гэрийхэн нь хүсэлт гаргасан учраас мэдээлэл өгмөөргүй байна. Гэвч төрийн өндөр албан тушаалтны нэр үүнд холбогдоод байгаа болохоор боломжийнхоо хэрээр тодорхой мэдээлэл өгье.  Аравдугаар сарын 27-нд их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хоёр оюутны нэгийг нь Ц овогтой А гэдэг юм билээ. 1986 онд төрсөн, 25 настай залуу. Харин нөгөө оюутныг нь  Ж овогтой А гэдэг. 1981 онд төрсөн, 30 настай юм билээ. Гар тээшиндээ 500 граммаас дээш хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

-БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн, биедээ авч явсан тохиолдолд цаазын ял сонсдог гэсэн биз дээ. Тэдгээр оюутнууд 500 грамм хар тамхи биедээ авч явсан болохоор нэлээд л хүндхэн ял авч магадгүй гэсэн яриа байна.  Уг хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байгаа вэ?

-Бид энэ асуудлаар БНХАУ-ын цагдаагийн байгууллагатай байнга холбоотой байгаа. Тэдгээр оюутанд холбогдох хэргийг шалгаж байна гэсэн хариу өгдөг. Оюутнууд одоогоор хүний бараа зөөвөрлөж явсан хэмээн мэдэгдсэн байна лээ. Хар тамхи зөөвөрлөж яваагаа ч мэдээгүй юм гэсэн.   Тухайн улсын хуулийн дагуу хэрэг мөрдөгдөж, шалгагдаж байгаа.

-Он гарснаас хойш хэдэн хүн хар тамхины хэрэгт холбогдоод байна вэ.  Сүүлийн үед монголчууд хар тамхи зөөвөрлөж яваад баригдах нь ихэссэн?

-Он гарснаар Монгол улсын 16 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэдгээрийн дийлэнхи нь эмэгтэйчүүд байгаа. Хэрэгт холбогдсон хүмүүс 20-55 насныхан. Бангкокт  хар тамхины хэрэгт холбогдоод шалгагдаж байсан дөрвөн залуугийн хэрэг саяхан шийдэгдсэн. Тэдэнд цаазаар авах ял ногдуулсан байна лээ. Хэдийгээр цаазын ял сонсгосон ч одоогоор ялыг гүйцэтгээгүй байгаа.

-Монголын иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдээд байгаа. Монголчууд ядуу байгаа учраас л ийм хэрэгт холбогдоод байна гэж зарим хүмүүс ярьдаг?

-Манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдох болсон нь богино хугацаанд их мөнгө олдог гэсэн бусдын үгэнд итгэснээс л болоод байгаа хэрэг. Хар тамхи зөөвөрлөж болохгүй гэдгийг мэдсээр байж л ийм хэрэгт холбогдож буй нь өөрсдөөс нь болоод байгаа юм. Мөнгө цагаан нүд улаан гэгчээр амархан аргаар мөнгө олчих юм  байна гэж итгэснээс бусдад мэхлэгдэж, хууртагдах болсон.   Нөгөөтэйгүүр хар тамхины хэргээр баригдсан хүмүүс ихэнх их мөнгө аваад хүний ачаа зөөж явсан байдаг. Тиймээс монголчууд асар их хөлс өгсөн,  танихгүй хүний ачаа тээшийг авч явахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

-Хар тамхины хэрэгт холбогдсон эгч дүүсийг гэрээний дагуу  Мон­голд авчрах гэж байгаа гэл үү?

-Хэдийгээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ялтан солилцох гэрээ байгуулсан ч гэлээ хар тамхины хэрэг онц хүнд гэмт хэрэгт хамаардаг учраас ялтан солилцох гэрээнд хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс хамаардаггүй. Тэгэхээр энэ бол боломжгүй гэсэн үг.

-Саяхан Польш улсад баригдсан А.Батсайхны хэрэг юу болсон бэ?

-Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг 2007 оны хар тамхины хэргээр шалгаж байгаа.  А.Батсайханыг Польшийн хууль хяналтын байгууллага Эрүүгийн хуулийн 249,  258 дугаар зүйлд заасан үндэслэлээр баривчилж саатуулсан. Түүний шүүх хурал ирэх сард болно гэсэн мэдээлэл өгсөн.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж