
AIBA-гаас санаачлан зохион байгуулж буй “World Series of Boxing” тэмцээнд Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтан тулалдаж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр дөрөв дэх тулаанаа хийж, ялагдлаа. WSB тэмцээний 11 дүгээр тойргийн хүрээнд Азийн бүсийн шилдэг багууд болох “Баку Файерс” болон Казахстаны “Астана Арланс” нар Астана хотын “Дуалет” спорт цогцолборт тулалдсан юм. Талбайдаа тоглосон Астанагийн баг тус тоглолтод илүүрхэж, нийлбэр дүнгээр 5:0 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хамгийн хөнгөн жин болох bantamweight буюу 50-54 кг-д багаа төлөөлсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Казахстаны боксчин Миржан Рахимжановтой нударга зөрүүлж, гурван шүүгчийн саналаар 100 хувийн саналаар буюу 3:0 (49:46; 50:45; 49:46)-ээр ялагдсан байна.
С.Цэлмэг