Үүнтэй адил Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох “Ла лиг”-ийн бүх цаг үеийн Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнээр Эзэн хааны гэж өргөмжлөгдсөн “Реал Мадрид” болон Каталон үндэстний нэр төр гэгддэг “Барселона” багуудыг нэрлэж болно. “Реал” болон “Барса” багийн хоорондын тоглолтыг “Эл класико”, “Гранд дерби” гэж нэрлэдгийг хөлбөмбөг сонирхогч хүн бүр мэднэ. Энэ бол хөлбөмбөгийн жирийн нэгэн дерби тоглолт бус, харин Испанийн томоохон хоёр үндэстний нэгнээ дарах гэсэн хөлбөмбөгийн талбар дэх “тулаан” юм. Каталончууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг бол кастильчууд тэднийг нугачин дарах гэж “тулалддаг”. Тиймээс ч “Эл класико”-гоос Испанийн Мадридын “Реал” багтай Испанийн зүүн умардын Каталон мужийн нийслэлийн баг Барселона хэрхэн тэмцэлдэхийг харуулдаг. Каталон үндэстнүүд өөрсдийгөө “тусгаар тогтнох эрхтэй” гэж үзэн хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг бол Мадридад төвтэй Испанийн засаг захиргаа “Андалуйз, Баск үндэстний адил Испанийн нэгэн муж” гэж өдгийг хүртэл тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний энэ эсрэг, тэсрэг байр суурь тоглолтыг улам өрсөлдөөнтэй, ширүүн болгодог.
Энэ хоёр багийн тулааны эхлэл “Барселона” багийг 1902 онд байгуулснаар тавигдсан гэж үзэх нь бий. Тухайн үед “Реал” үүсэн байгуулагдаад дөнгөж гурван жил болсон “Барселона”-д 3:0-ээр хожигджээ. Эзэн хааны сүр хүчит баг “жижигхэн” үндэстний багт хожигдсон хааны уурыг ихэд хүргэжээ. Энэ цаг үеэс л мөнхийн өрсөлдөөн эхэлсэн гэдэг.
Цаг хугацаа улиран одох тусам хоёр багийн өрсөлдөөн улам ширүүсчээ. Испанийг генерал Франко удирдах үеэс өрсөлдөөн жинхэнэ тулаан болж хувирав. Каталончууд Испаниас тусгаар тогтнохоор тэмцэл өрнүүлсэн нь генерал Франкогийн дургүйг хүргээд зогсохгүй, тэмцлийн голомт болсон Барселона хотыг хүчээр дарж, номхотгохыг зорьсон түүхтэй. “Барселона” бол ерөнхийлөгч Франкогийн өстөн дайсан болсон төдийгүй, босогчдыг дарахаар харгис бодлого явуулж, эрх чөлөөнийхөө төлөө бослого гаргагчдыг цус асгаруулан даржээ. Үүнээс хойш каталончууд дайны талбарт гүйцээгүйгээ хөлбөмбөгийн ногоон талбарт үргэлжлүүлэн, “Реал”-тай жинхэнэ утгаараа “дайтаж” эхэлжээ. Орчин үед “Реал” “Барса”-гийн харьцаа хэдий сайжирсан ч каталончууд өнгөрсөн түүхээ марталгүй, тэмцдэг. Харин “Реал” дэлхийн шилдэг хөлбөмбөгч, дасгалжуулагчдын өндөр үнээр худалддаг нь “Барса” хэмээх мөнхийн дайснаа дарах л зорилго юм. Тэд шилдэг хөлбөмбөгчийг татгалзахын аргагүй өндөр үнэ, их цалингаар “цохиж” авдаг. Энэ мөнгийг нь ч Кастиль үндэстнүүд татвар хэлбэрээр төлнө. Энэ нь Генерал Франкогийн үеийн үзэл Испанид оршсоор байгааг харуулна. Мөнхийн өрсөлдөөн хэзээ ч тасрахгүй, цаашид үргэлжилнэ гэдгийн нэгэн баталгаа юм.
Үүнийг одоогийн жишээнээс харахад л хангалттай. 2008 онд Пеп Гуардиола “Барса”-г дасгалжуулан, жилийн дотор Европын хөлбөмбөгийн багийн авч болох зургаан томоохон цомыг хүртэн, өмнө байгаагүй өвөрмөц нэгэн дээд амжилт тогтоолоо. Үүний хариуд “Реал” 250 сая еврог зөвхөн шилдэг хөлбөмбөгч авахад зарцуулан, Кака, Криштиан Роналду, Карим Бензема нарыг элсүүлэн, түүнийгээ “Эл галакси – 2” гэж нэрлэв. Бас амжилт гаргасангүй. Үүнд дургүйцсэн эзэн хааны баг Пеп Гвардиолагийн “Барса”-гийн эсрэг “Онцгой нэгэн” гэгддэг Жозе Моуриньо авч, Анхель Ди Мариа, Месут Озел зэрэг “Эл галакси – 2”-оо хүчирхэгжүүлсэн ч мөнхийн өрсөлдөгчдөө “дарагдсаар” байна.
Энэ хоёр багийн тоглолтын үеэр “Реал”-ын хөгжөөн дэмжигчид “Босогчдын дар”, “Барса”-гийнх “Дарангуйлагчдыг устга” гэж хашгирах нь одоо ч байдаг зүйл.
Өнгөрсөн бямба гаригийн шөнө лигийн 163 дахь удаагийн “Эл класико” болж, Каталоны нэр төр “Барселона” Кастиль үндэстний “Реал Мадрид”-ыг 3:1-ийн харьцаатай талбайд нь буулган авлаа. Ингэснээр “Барса” 2008 оноос хойш “Реал”-ыг “дарж байгаа” цувралаа үргэлжүүллээ. Испанийн агуу багуудын тоглолтын үзэхэд орчин үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн цугларалт мэт харагддаг. 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кака, 2008 оны шилдэг Криштиан Роналду, 2009, 2010 оны шилдэг хөлбөмбөгч Лионель Месси гээд л. Мөн энэ жилийн дэлхийн хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн гурван хөлбөмбөгч байх жишээтэй.
Тиймээс ид үедээ гадаадын жуулчдыг гайхтал өрсөлддөг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнээр жишээ авлаа. Харин тэднийг мөнхийн дайснууд гэж хэлэх гэсэнгүй.