
-Засгийн газраас шатахууныг нөөцийг 2-3 сараар бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.Энэ нь иргэдэд болгоомжлол төрүүлээд байна л даа. Өнгөрсөн хавар тохиолдсон шиг шатахууны хомсдол дахиад нүүрлэх нь гэсэн ойлголт олон нийтэд төрөөд байх шиг?
-Тийм зүйл болохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Монголд өнөөдөр ч, маргааш ч, цаашдаа ч шатахууны хомсдол нүүрлэхгүй. Засгийн газраас шаардлагатай тохиолдолд гаргах шатахууны нөөцийг бүрдүүлэхээр таван тэрбум төгрөгийг Эрсдэлийн сангаас гаргахаар болсон нь үнэн. Гэхдээ энэ нь шатахууны хомсдол үүснэ гэсэн үг биш. Учир нь шатахууны хомсдол үүсэхгүйн тулд Монголын Засгийн газраас олон арга хэмжээ авч байна. Тиймээс өнгөрсөн хавар тохиолдсон шиг үйл явдал болохгүй, Монголд дахиад шатахууны хомсдол үүсэхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
-Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц ямар байгаа вэ. ОХУ өнгөрсөн сараас дизель түлшний экспортынхоо хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр манайд нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, Монгол Улс ОХУ-тай урт хугацааны гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, манай улс өмнө нь шатахууны хэрэгцээний 90 хувийг ОХУ-ын “Роснефть” гэдэг компаниас хангадаг байсан. Тэгвэл өнгөрсөн зунаас эхлэн Монгол Улс шатахуун нийлүүлэх эх үүсвэрийнхээ тоог нэмсэн байгаа. Өөрөөр хэлбэл, ганцхан “Роснефть” гэхгүйгээр өөр олон компаниас шатахуун импортолж буй. Жишээлбэл Хятадаас манай улс сар бүр 10 мянган тонн шатахуун импортолж байна. Мөн ОХУ-ын “ТНК” болон “Газпром“, “Уралнефть”-ээс шатахуун худалдан авах болсон. Тэгэхээр шатахууны хомсдол үүснэ гэж айлтгүй юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дизель түлшний 14 хоногийн, автобензинийн 20 хоногийн нөөцтэй байгаа.
-Шатахууны үнэд өөрчлөлт орох уу?
-Орохгүй. Шатахууны үнэ сүүлийн саруудад ерөнхийдөө тогтвортой байгаа. Энэ үнийн тогтвортой байдал цаашид үргэлжлэх болов уу гэж найдаж байна. Монгол Улс шатахууны сарын хэрэглээ 30 мянган тонн. Гэтэл бид энэ сард 70 мянган тоннын шатахуун нийлүүлэх захиалгаа өгсөн байгаа. Ирэх онд шатахуун 18 тэрбум төгрөгийн шатахуун нөөцлөхийг Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ нөөцийг газар тариалан, уул уурхайн салбарын ид ачаалалтай үед зарцуулах юм.
-Зарим ШТС-ууд 20 мянган төгрөгөөс дээш дизель түлш, автобензин зарахгүй явдал гарсан?
-Шатахуунд хязгаарлалт хийсэн явдал гараагүй. Бид энэ мэдээллийн мөрөөр импортлогчидтой уулзсан. Тэд хязгаарлалт хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Зарим нэг захын ШТС-уудад ийм зүйл гарсан бол тээвэрлэлтийн асуудлаас л болсон байх. Тэр бол улс орны хэмжээнд үүссэн асуудал биш шүү гэдгийг хэлье. Хэрэглэгчдэд дахин сануулахад шатахууны хомсдол нүүрлэхгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Элдэв янзын цуурхал итгээд байх хэрэггүй шүү гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.