Нийслэлд өдөрт 200 гаруй хүн гэмтэж, бэртэх болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Нийслэлд өдөрт 200 гаруй хүн гэмтэж, бэртэх болжээ

Нарийхан коридорын хоёр талаар хүмүүс багталцаж ядан зогсоно. Эдгээр хүмүүсийн дундуур цаас барьсан сувилагч, чагнуур зүүсэн эмч нар нааш, цааш гүйх ажээ. Гараа гипсдүүлсэн хүмүүс, доголсон залуус, суга таягтай, тэргэнцэр дээр суух настангууд гартаа рентгений зураг атган нэг зүйлийг хайн явах. Үзвээс эмчлүүлэх эмчийнхээ өрөөг хайн яваа нь энэ ажээ. Жил бүрийн өвөл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижиг коридор яг энэ өдрийнх шиг дүүрэн байдаг гэх. Сурвалжлага хийхээр очсон энэ өдөр ч энэ дүр зураг нэг их өөрчлөгдөөгүй байлаа.

“Дэлгүүр орох гэсэн биш эмээ нь бүр баларлаа. Гайтай плитан шатнуудаас нэг болно шүү” гэж хөлөө хугалсан настан ач охиндоо учирлана. Энэ эмээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд олон таарах настангуудын төлөөлөл. Хөл муутай хөгшчүүлээс гадна залуус бас нэлээдгүй үзэгдэв. Тэд ихэвчлэн халтирч унаад хөлөө хугалж, нуруугаа гэмтээсэн байдгыг эмч нар нотолж байсан юм. Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар ч бэртэж, гэмтэн ирэх нь олон байдаг аж. Шил толь шиг болсон явган хүний зам дээр явж байгаад л тэр шүү дээ.

“Анхаар!!! Мэс ажилбар явагдаж байна. Үүднээс хол зогсон уу” гэх бичгийг мэс заслын өрөөний урд хаджээ. Учрыг лавлавал дунд эргэм насны нэг эр хагалгаанд орж байгаа аж. Мэс заслын өрөөнөөс холгүй түүний ар гэрийнхэн зогсох. Гэртээ орох гэж яваад бүдэрч унаад нуруугаа гэмтээснээс болж мэс заслын орон дээр хэвтэж байгаа нь энэ. Өвлийн улиралд энэ өрөөний гэрэл асаатай, бичиг хадаатай байх нь элбэг ажээ. Чухамдаа дулаан цагт тоотой асах энэ улаан гэрэл, өвлийн улиралд амь орж байна гэж хэлж болох. Цаг гаруй үргэлжилсэн мэс ажилбар амжилттай болжээ. Энэ эрээс гадна энэ өдрийн хувьд өөр хэдэн хүн мэс заслын оронд хэвтэхийг хэн ч таашгүй.

“Өвлийн улиралд бол ер нь манайх маш их ачаалалтай байдаг. Хальтирч унасан, гэмтсэн иргэд ч дийлэнх хэсгийг нь эзэлдэг. Яг одоогийн байдлаар өдөрт 200 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж ирдэг. Тэдний 80 гаруй хувь нь хальтирч унасан гэх шалтгаантай. Ахмад настнууд гэмтэж ирэх нь ихэсдэг. Мөн залуучууд ч гэмтэж ирэх нь олширсон. Өвлийн цагт иргэд ер нь сэрэмжтэй явах нь зүйтэй. Хэдийгээр бидний ачаалал их байгаа ч эмчлээд гаргадаг” гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн эрхлэгч П.Баярсайхан ярьж байсан юм. Ярьсаныг батлах мэт үүдэнд нь бэртэж, гэмтсэн олон хүн холхино. Тэд өвөл цагийн энэ ачаалалтай байдлыг харгалзан хүн, хүчээ нэмэн ажиллаж байгаа гэх. 24 цагийн турш гэмтэж, бэртсэн хүмүүст шуурхай үйлчлэх жижүүр гарган ажиллуулдаг ажээ.

Тэдний энэ их ачаалал баасан гариг болгонд нэмэгдэхээс өөр аргагүй болдог ажээ. Учир нь “баасан ахын төрсөн өдөр” таардаг учраас согтуу хальтирч унах дуудлага ихэсдэг байна. Энэ өдөр хүнд бэртэлийн тоо өндөрсдөгийг ч эмч нар баталж байсан юм. Эмч нар эмчилгээгээ эхлэх гэж байхад архиндаа халамцсан хүмүүс багагүй асуудал үүсгэдгийг ч тэд нуусангүй. Хэдийгээр баасан гариг болоогүй ч энэ өдөр халамцуу өвчтөнүүд их байлаа. Зарим нь бүр сувилагч руу шүлсээ үсчүүлэн дайрч байгаа харагдав.

Хэдийгээр ийм байдал бараг өдөр болгон шахуу үргэлжилдэг ч тэд байгаа нөөц бололцоогоо түшиглэн хүмүүст эмчилгээг нь хийж өгсөөр. Гэтэл тэдэнд одоогийн байдлаар нэг өвчтөнд бүрэн эмчилгээ хийгээд өгчих технологи, шинжилгээ, оношлогооны аппарат хэрэгсэл хангалттай байдаггүй гэх. Ямар ч байсан тэд эмчилгээгээ цаг тухайд нь үзүүлсээр байна.

Жил болгон хальтиргааг бууруулах зорилгоор 2,5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулдаг гэсэн баримт бий. Гэтэл 2,5 тэрбумаар өдөрт л гэхэд 250 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирээд байдаг. Тэр их мөнгөөр яг юу хийв гэдэг эргэлзээтэй. Дээр нь хотын удирдлагууд компани, албан байгууллагын өмнө хальтирч унавал унасан байгууллагынхаа удирдлагуудаас мөнгө нэхэмжил гээд байгаа. Бэртэж, гэмтсэн болгоны гуйлтаар хүслийг нь биелүүлж мөнгө сарвайх байгууллага хичнээ байгааг таашгүй. Ямар ч байсан өдөр болгон гэмтэж ирэгсдийн цуваа тасрахгүй хэвээр…

“Хүлээн авах”-ын нарийхан коридор улам л дүүрсэн байлаа. Хөл хөдөлгөөн ч татрах шинжгүй. Уг нь орж ирээд бараг цаг гаруй болоход татрах биш улам л ихэссээр. Мэс заслын орон дээр ч өөр хүний ээлж таарчээ.  Гараа гипсдүүлсэн хүмүүс, доголсон залуус, суга таягтай, зарим нь тэргэнцэр дээр суух настангууд гартаа рентгений зураг атган эмч нарын өрөөг хайсаар. Дундуур явсаар гарах хаалгыг зүгэлтэл олон хүн хаалган дээр шавжээ. Учир нь ная гаруй настай нэгэн хөгшинг эмэлгээс гаргаж байгаа нь энэ аж.

Хэдэн минут хүлээсний эцэст хаалгаар гарав. Түргэний тэрэгний дохио хангинасаар үүдэнд зогслоо.Ажиглавал хэн нэгэн гэмтэж ирж байгаа бололтой…

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж