Өдөрт долоон чингэлэг хятад ногоо бууж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Өдөрт долоон чингэлэг хятад ногоо бууж байна

Жил бүр л чанаргүй хүнсний ногоо, хятад жимсний худалдаа, борлуулалтад хяналт шалгалт хийлээ гэх юм. Энэ жил бас шалгасан боловч өнгөрсөн жилийнхээсээ нэг их дээрдсэн юм алга. Үнэн хэрэгтээ шалгалтын үр дүнд гарсан зөрчлүүд нь арилж, тухайн бүтээгдэхүүн илүү чанаржих ёстой баймаар. Гэтэл үгүй бүр дордуулж орхижээ. МХЕГ-ынхан шалгаад байдаг гарч байгаа үр дүнгийн хувьд хомс юм. Өнөөдрийн байдлаар манай улс төмс хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна гэцгээх боловч үнэн хэрэгтэй хятадын ногоогоор бүрэн хангаад байна. Улаанбаатар хотын хүнсний ногооны худалдаа борлуулалтын томоохон цэг болох “Барс” захад өмнөд хөршөөс өдөрт 7 вагон хүнсний ногоо буудаг гэнэ. Үүний дийлэнх хувийг нь төмс эзэлдэг нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Шалгалт хийгдэх явцад тухайн байгууллагын 400 орчим түрээслэгчдийн тал хувь нь чанаргүй бараа бүтээгдэхүүний  зөрчилтэй болох тогтоогдсон гэнэ. Эдгээрээс БНХАУ-аас оруулж ирсэн хүнсний ногоо ихэнх хувийг эзэлж байна. Дээр нь ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдан борлуулалт хийж байсныг тогтоожээ. Гаднаас орж ирж буй импортын хүнсний ногоонд шинжилгээ хийдэг  дотоодын итгэмжлэгдсэн лабортори “Барс” захад байдаг хэдий ч тэр нь чанарын шаардлага хангадаггүй гэсэн зөрчил илэрчээ. Манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүнүүд огт гарал үүсэлийн бичиг гэрчилгээгүй байдгаас  болж хятад хүнсний ногоо хаа сайгүй эл задгай дотоодын нэрээр худалдаалагдах болсоор уджээ. Хятад хүнсний ногоог худалдан авахгүй байж  болох ч үнэн хэрэгтэй монгол хөрсөнд ургасан төмс хүнсний ногоо үнэнч хэрэглэгч олонтой ч урд хөршийнхөөс илүү өндөр үнэтэй байдаг нь хятад төмснийг худалдаалахад давуу тал болдог юм. Дотоодын үйлдвэрлэлийн хүнсний чанарт  монголчууд ам сайтай байдаг ч үнэ нь буурдаггүйд сэтгэл гонсгор явдаг. Иймээс хятад тодотголтой хүнсний ногоог хэрэглэх болсоор удсан байна.

Энэ жилийн хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар нийтдээ 353 зөрчил илэрч 73-ыг нь газар дээр нь шийдвэрлэжээ. Шалгалтаар илэрсэн гоц гойд зүйл бол хортонд идэгдсэн төмс, сонгино, алим  зэрэг эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй хүнсний ногоонууд байсан байна.  Энэ удаа ч мөн адил мэргэжлийн хяналтынхан сурсан зангаараа шалгалт хийгээд зөрчилтэй иргэн, компаниудыг торгосон болоод өнгөрсөн нь лавтай. Гэвч дахин шалгаж нягталдаггүйгээс болж чанаргүй хүнс далд орохгүй зарагдсаар байгаа нь хяналт шалгалт хэр хүчтэй хийгдсэнийг харуулчихлаа. Ямартаа ч мэргэжлийн хяналтынхны энэ оны шалгалтаар төмс хүнсний ногоо хадгалж борлуулдаг аж ахуйн нэгжүүд “муу” үнэлгээ авч хятадаас воган воганоор орж ирдэг хүнсний ногоог яах эсэхийг  хөндсөнгүй орхилоо. 

А.ТӨМӨРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж