
Нууцлагдмал “Эрдэнэс МГЛ”
“Эрдэнэс МГЛ” нь төрийн өмчит хазгаарлагдмал, хариуцлагатай компани. Нэр нь хүртэл их чухал байгаа биз. Гэхдээ үйл ажиллагаа нь олон нийтэд хаалттай, нууцлагдмал. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь өнөөдөр Б.Энэбиш гэдэг барагтай л бол амнаасаа үг унагах дургүй нөхөр ажилладаг. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ”-ийн анхны гүйэтгэх захирлаар нь өнөөгийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ажиллаж байв. Компанийн үндсэн үүрэг нь стратегийн ач холбогдол бүхий орд, мөн улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой. Тэрхүү үүргийнхээ дагуу стратегийн гэх томоохон хоёр ордын түшиглэн хоёр охин компанийг төрүүлчихээд байгаа. Эрдэс байлаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн яам агентлагуудын хийчих ажлыг заавал энэ компанийг байгуулж хариуцуулах ямар шаардлагатай вэ гэх шүүмжлэл ч тухайн үед гарч байсан юм. Одоогоор тус компани хоёр дэд захиралтай, таван хэлтэс албатайгаар үйл ажиллагаа явуулж буй.
Дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө тэргүүлж буй, газрын хэвлий доороо зургаан тэрбум коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгой ордыг түшиглэн байгуулагдсан төрийн өмчит компани. Хамгийн баялаг нөөцтэй ордыг түшиглэн босч буй баян компани. Хувьцаат компани байгуулна, хувьцаанаас нь иргэд аж ахуйн нэгжид тэгш хуваарилана хэмээн яриад байсан хэрнээ “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны гуравдугаар сар хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байсан гэх шүүмжлэлд өртсөн. Тус компанийг байгуулах болсон шалтгаан нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс төвлөрүүлэх явдал. Тиймээс УИХ-аас өнгөрсөн онд 39 дүгээр тогтоол гаргаж тус компанийн нийт хувьцааны 10 хувийг ард иргэддээ үнэгүй тараах, 10 хувийг нь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуй нэгжид зарах, үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болсон. Засгийн газраас өнгөрсөн хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас 10 хувь буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэгүй өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдөр энэхүү хувьцаа хоёроор үржигдэж 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт үнэгүй өгөх, үнэдсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахаа болихоор улстөрчид шийдээд байна.Удахгүй энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг Германы “Дойче”, Английн “Голдман сакс” банк хариуцаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш давхар хариуцаж буй. Харин өнгөрсөн долоо хоногт тус компанийн дөрвөн дэд захирлуудыг томилсон. Тус компанийн ТУЗ хуралдаж, уг томилгооны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уул уурхай хариуцсан дэд захирлаар Грен Хенког, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Энглес, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар Ч.Батбаяр, захиргаа хариуцсан дэд захирлаар н.Мөнхбал нарын хүмүүсийг томилсон байна. Тэдний сарын цалин 10 мянган ам.доллар гэх яриа байгаа юм.
“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн мягмар гаригт шийдвэрлэсэн. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байх гэнэ. “Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороо хүлээж буй. Цаашид стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах гэнэ лээ. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.
Ураны талаарх Монголын төрөөс баримтлах “хар хайрцаг”-ны бодлогын хүрээнд тус төрийн өмчит компанийг 2009 онд байгуулж, даргаар нь Р.Бадамдамдинг томилж байлаа. Тус компанийн үндсэн чиг үүрэг “Эрдэнэс МГЛ” компанитай адилхан. Өөрөөр хэлбэл ураны ордуудын үйл ажиллагааг зохицуулах, хянах үүрэгтэй. Тус компанийг хууль бусаар лицензийг нь хураасан, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэх шалтгаанаар “Хан ресурс” компани зарга үүсгэж 200 сая ам.долларыг нэхэмжлээд буй. Энэ хэрэг өнөөдөр олон улсын арбитрын шүүхэд байгаа. Хоёр жилийн өмнө буюу 2009 онд ОХУ, Монголын дээд төвшинд ярилцан шийдвэрлэсэн “Дорнод Уран” компанийг өнөө хүртэлбайгуулж чадаагүйнхээ төлөө ажлаа муу хийсэн гэх шалтгаанаар Засгийн газраас “Мон-Атом”-ын захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ Р.Бадамдамдин ажлаа урьдын адил хийж буй.
Сураг нь хэдэн жилийн өмнөөс сонсогдсон, шийдвэр нь аль хэзээний гарсан хэрнээ өнөө хүртэл байгуулагдаж чадаагүй байгаа компани бол “Дорнод Уран”. Уг компанийг ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу, хоёр улсын хамтарсан компани нэрээр байгуулж буй. Монголоос, Дорнодын ордоос уран олборлох сонирхолтой оросуудын шахаа, шантаажаар уг компанийг байгуулахаар болсон ч олон улсын шүүхэдгомдол гаргасан “Хан ресурс”-ын заргаас болоод үүдээ нээж, өрхөө татаагүй хэвээр байна. Хэрвээ “Хан ресурс”-ын зарга нэг тийшээ шийдэгдэхийг хүлээнэ гэвэл ойрын хоёр жилийн дотор тус компани байгуулагдахгүй гэсэн үг.
Монголын үр сад олон болтугай гэдэг шиг төрийн компаниудын тоо өсөн нэмэгдэх болтугай хэмээн ерөөх л үлдэх шив дээ.
