
Манипуляци гэдгийг энгийнчилбэл, ямар нэгэн компанийг худалдаж авахын тулд хувьцааны ханшийг нь огцом бууруулж эсвэл өсгөнө. Өөрсдийнхөө хүссэнээр жолоодохын тулд хөрөнгө оруулагчдын хувьцааг худалдан авна. Ингэхийн тулд элдэв аргаар хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа худалдах сонирхлыг нь төрүүлэх жишээтэй. Эсвэл хэн ч тэрхүү хувьцааг худалдан авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ мэтээр хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны ханшид нөлөөлөх нэг ёсны луйвар юм. Тэднийг хакеруудтай зүйрлэсэн ч болно. Аливааг өөрийн хүссэнээр завхруулж, бусдыг дампууруулж, өөрсдөө хөлждөг Hollywood-ийн адал явдалт киноны баатартай адилтгасан ч болно.
Тийм ч учраас манипуляцийг илрүүлэх маш хэцүү. Илэрсэн ч маш олон жилийн дараа эсвэл бүх зүйл орвонгоороо эргэсний дараа илэрдэг аж. Өөрөөр хэлбэл, үйлдэл дээр нь гардах бараг л боломжгүй. Гэхдээ зах зээлийн үйл ажиллагааг тунгалаг байлгах үүднээс манипуляцийг илрүүлэх шалгалт байнга явуулдаг. Монголд манипуляци явуулсан эсэхийг шалгахдаа тодорхой хугацааны ханшийн огцом өсөлт, уналт, индекс, банкны хуулга, гүйлгээ зэрэг анхан шатны баримтаар үндэслэн шалгадаг аж.
Хөрөнгийн бирж “хакердуулсан” уу?
Манипуляци Монголын хөрөнгийн биржид нүүрлэсэн үү. Тус биржээр арилжаалагдаж буй зарим компанийн хувьцаа огцом өсөх эсвэл буурах үзэгдэл байнга гардаг. Үүний учрыг мэдэх хувьцаа эзэмшигчид болгоомжилж эхэлжээ. Тэдний болгоомжлол зөв гэдгийг батлах мэт Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сарын 15-нд хамгийн өндөр өсөлттэй “Бэрх уул”, “Булган гурил тэжээл”, “Сөдөт”, “Хэрэглээ импекс”, “Монгол мах экспо” гэсэн таван компанийн үйл ажиллагааг зогсоож, үнэт цаасны ханшийг зохиомлоор өсгөсөн байж болзошгүй гэж шалгасан байна. Харин сүржин шалгалтын дүн хардаад байснаар гарсангүй. Гэвч эдгээр таван компанийн хувьцааны эрэлт их, арилжаа зохих журмын дагуу болсон гэсэн таатай мэдээ дуулгав. Тиймээс ч өнгөрсөн сарын 28-нд үнэт цаасны арилжааг нь дахин сэргээжээ.
Ер нь энэ жил компаниудын хувьцааны ханш 3-24 хувиар өсч, долоо хоногт дээд тал нь 100 хувь хүртэл өссөн гэсэн үзүүлэлт байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хувьцаа өссөн бүхий л компаниудыг Санхүүгийн зохицуулах хороо шалгах шаардлага гарч ирэх нь. Гэхдээ дээр дурдсан хамгийн өндөр өсөлттэй дээрх таван компанийн үйл ажиллагааг шалгасан шигээ “Үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явж байна” гэсэн дүгнэлтэд хүрч мэдэх л юм. Тэд “Дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид компаниудын хувьцааг олноор захиалан худалдаж авах болсон нь хувьцааны эрэлт илт ихэсч, энэ нь ханш өсгөхөд хүргэсэн” гэсэн тайлбар өгч байна.
Монголын хөрөнгийн бирж компаниудын хувьцааг “А”, “Б” гэсэн хоёр самбарт байршуулан ангилдаг бөгөөд “А” самбарт “топ” гэж нэрлэгддэг эрэлт ихтэй хувьцаа багтдаг бол “Б” самбарт идэвхгүй, хямд үнэтэй хувьцааг байршуулдаг. Гэтэл сүүлийн үед “Б” самбарын зарим компанийн хувьцааны ханш ийнхүү огцом өсөөд байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар 37 компанийн хувьцааны ханш өссөн байна. Эдгээрээс “Дархан тээвэр” компанийн хувьцааны ханш 101.1, “Азиа пасифик пропертис” (хуучин “Сөдөт” ХК) компанийнх 74.1, “Хишиг уул”-ынх 54 хувиар өсч, долоо хоногийн хамгийн өндөр өсөлттэй компаниар тодров. Энд нэг зүйлийг зориуд анхааруулъя. Зөвхөн долоо хоногийн дотор ингээд өссөн гэдгийг анзаарах хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь байнгын иймэрхүү давтамжтайгаар өссөөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, дараагийн долоо хоногт дахиад 54 хувиар өслөө гэхэд хоёр долоо хоногийн өмнөхөөсөө хоёр зуу орчим хувиар өснө гэсэн үг.
Онцлог нь эдгээр нь бүгд “Б” самбарт ангилагддаг идэвхигүй хувьцаа юм. Гэтэл зарим идэвхигүй хувьцааны өсөлт байж болох дээд төвшиндөө хүрчээ. Тиймээс эргээд унаж эхэлж. Манипуляцийнх нь хоёрдугаар шат эхэлсэн байж ч мэдэх юм.
Азаар “Б” самбарын хувьцааны ханшийн өсөлтөөс илүүтэй “А” самбарын “топ”-уудын хувьцааны ханшийн өсөлт хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр энэ бүх өсөлт, уналт нь бидний нэг давуу тал ч байж мэдэх нь. Учир нь өнөөдөр эзэмшиж буй хувьцааных нь ханш өсч байна уу, унаж байна уу гэдгийг өглөө болгон шалгадаг монгол нэн ховор аж. Тиймээс энэхүү савлалтад тэр болгон өртөөд, хэн хүний хүслийг биелүүлээд байдаггүй бололтой юм.
Манипуляци үүссэн тохиолдолд Монгол яаж чадах вэ?
Гадаадад бол кинон дээр гардаг шиг үүний эсрэг аюулгүй байдлынхан нь хүртэл ажилладаг аж. Харин манайд яаж сэргийлж байгааг одоо хүргэе.
Монголын хөрөнгийн бирж хувьцааны ханшийг огцом хөөрөгдөх, унагах хэлцлийг хязгаарлах зорилгоор үнэт цаасны үнийг 15 хувиас дээш өсгөхгүй, мөн бууруулахгүй байхаар журамласан аж. Үүнтэй төстэй бодлогыг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд баримталдаг гэнэ. Гэтэл компаниудын хувьцааны ханш нэг өдрийн дотор 15 хувиар өссөөр долоо хоногийн хугацаанд 100 хувьд хүрдэг болсныг дээр дурдсан жишээ харуулаад байгаа юм. Ийм үйлдэлд өгөх Хөрөнгийн биржийн хариу цохилт нь өлгийтэй хүүхэд ижийгээ цохисонтой дүйнэ. Монгол Улсын одоогийн мөрдөж буй хуулиар бол үнэт цаасны арилжаагаар сая, саяар нь “луйвардсан” этгээд ердөө 50-250 мянган төгрөгийн торгууль төлөөд л гүйцээ. Торгуулиа төлчихөөд ахиад л сая саяар нь луйвардах боломжтой гэсэн үг. Тэгвэл гадаадад ийм явдал гаргахгүйн тулд арай өөрөөр үздэг аж. Жишээлбэл, хувьцааны ханшид зохиомлоор нөлөөлсөн нь тогтоогдсон этгээдийг Германд таван жил хорих, 200 мянган еврогийн мөнгөн торгууль, АНУ-д 10 хүртэл жил хорих эсвэл 100 мянгаас 2,5 сая ам.доллараар торгох, Японд таван жил хорих, 50 мянгаас 5 сая ам.доллараар торгодог байна. Энэ нь хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг өндөрт тавьсантай нь холбоотой.
Хуулинд заасан торгуулийн хэмжээ багаас ч тэр үү, үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөх тохиолдол өмнө олон гарч байсан ч торгуулаад өнгөрсөн гэнэ. Харин олон хүнийг хохироосон, нийгэмд сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, захиргааны хариуцлага хүлээлгэх, цаашлаад дахин үнэт цаас арилжих эрхийг хасдаг гэнэ. Гэхдээ тэгтлээ удна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалт харууллаа. Одоогоор үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлсөн гэх үндэслэлээр эрхээ хасуулах хэмжээний шийтгэл хүртсэн Монгол алга. Гэлээ ч Санхүүгийн зохицуулах хороо энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан, Засгийн газарт өргөн барьжээ. Энэхүү хууль 2002 оноос хойш мөрдөгдөж буй одоогийн хуулиасаа илүү боловсронгуй, тооцох хариуцлага нь ч өндөр байх болтугай гэж найдъя.
