Айл бүрийг шуудангийн хайрцагтай болгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Айл бүрийг шуудангийн хайрцагтай болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Дэлхийн шуудан холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд 2008 онд Женевд хуралдан Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлтийг баталсан юм байна. Тиймээс уг нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд айл бүрийг шуудан хайрцагтай болгох ажлыг яагаад заавал төсвөөс 40 тэрбум төгрөг гаргаж шийдэх гээд байгаад албаны хүмүүсийг хариулт өгөхийг хүслээ. Ингэхдээ АНУ-д болж буй сургамжуудыг ч сануулаад авав. Тус улсын хувьд авто машин хөлөглөн айл бүрт шуудангийн үйлчилгээг хүргэдэг байсан ч захаасаа компаниуд нь алдагдал хүлээж эхэлжээ. Ийм үед Монгол Улс айл бүрт шуудангийн хайрцаг байгуулж өгөх нь учир дутагдалтай. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл тухайн айл нь өөрсдөө шуудангийн хайрцгаа яагаад хийж болдоггүй юм бэ гэсэн юм. Мөн техник, технологийн дэвшлийг дагаад шуудангийн  үйлчилгээ социализмын үеийнхээс эрс тэс өөрчлөгдсөн тул цаг үетэйгээ нийцүүлсэн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бий болсныг ч сануулав. Ийм арга зам хайхгүй бол өргөн уудам тал нутагт тархай бутархай амьдардаг монголчуудад шуудангийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг өөрөө асар их зардал шаардана. Эцэст нь алдагдал ихээр үүрдэг, түүнийг нь улс жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг байх нь зохисгүй.  Ядаж ашиг олдоггүй юм гэхэд алдагдалгүй ажиллах талд анхаарах хэрэгтэйг санууллаа. “Монгол шуудан компани”-ийн холбогдох албан тушаалтан шуудангийн салбарын үйл ажиллагаа өөр болж буйг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй гэдэг тайлбарыг хийсэн юм. Шалтгаан нь нэг талдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талдаа манайд одоо шуудангийн үйлчилгээ хаалга тогшилтоор явж буй учраас нэг шат ахиулах зорилгоор дээрх төслийг нэвтрүүлэх шаардлага бийг онцоллоо. Нөгөөтэйгүүр, орон нутагт захидал хүргэхэд бэрхшээл байгааг ч сануулав. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн Ховд аймгийн иргэнд захидал бичихэд Улаанбаатар хотод ирж байж, Ховд аймаг руу хуваарилагддаг байх жишээтэй. Энэ нь нэг талдаа цаг хугацаа алдаж байгаа төдийгүй зардлыг ч ихэсгэдэг. Бүсчилсэн хэлбэрээр энэ үйл ажиллагааг дамжуулбал алсарсан үйлчилгээ арилна. Тиймээс “Өрх бүрт шуудан” үйлчилгээ нь бүсчилсэн хэлбэрээр шуудан харилцааг хөгжүүлэх зорилготой бас уялдаж байгаа аж. Дэлхий дахины хувьд Ложистикийн үйлчилгээ нэвтрүүлэх замаар шуудангийн үйлчилгээг иргэдэд хүргэх аргад шилжиж буйг энэ үеэр мөн хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хувьд төр улсын өмчит компаниа өөд татах ёстой, тэр тусмаа иргэдэд үйлчилгээ хүргэж байгаа гэдэг утгаараа асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой гэв. Хэдийгээр техник, технологи хөгжиж иргэн бүр гар утас ашиглаж, интернэтэд холбогдож байгаа ч сүлжээ тасарсан нөхцөлд улсын хямдхан харилцаа холбоо ажиллаж байх ёстой. Шаардлага гарахад багт амьдарч байгаа малчин хотынхонтой хэл амаа авалцдаг байх ёстой. Ийм зорилгын үүднээс Монголын цахилгаа холбоо,  шуудан компаниудын ирээдүйн төлөвийг тодорхойлж байсан ч гадаадын оператор компаниудын нөлөөнд орж өөрсдийнхийгөө унагасан. Цаад утгаараа иргэд 50 төгрөгөөр ярьж болох байсан ч, хувийн компаниар улсынхаа компанийг унагачихсан. Ингэснээр олон жилийн туршид хөдөлмөр зарж бий болгосон аюулгүй хамгийн найдвартай сүлжээгээ уналтад оруулсан гэдэг хатуухан шүүмжлэлийг хэлээд авлаа. Ер нь Монголын цахилгаан холбоо компанийг хувьчлалыг эргэж харах шаардлага бийг ч сануулав. Учир нь БНСУ-ын компани Монголын цахилгаан холбоо компанийн ихэнх хувийг авсан ч манай талд 90 шахам тэрбум төгрөгийн өр нь үлджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж