
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдсан ч хойшилсоор байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Түүнийг дагаад асуудлаа байнгын хорооны хуралдаанд оруулахаар ирсэн яам, агентлагийн дарга нар ч ажлаа алдаж, гишүүдийн ирц бүрдэхийг хүлээн суусаар байна. Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Инновацийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм.
Г.Дарь