“Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна

МҮХАҮТ-ын их зааланд “Урт нэртэй хуулийн хэрэгжилт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт ЭБЭХЯ, БОАЖЯ, Ашигт малтмалын газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яамны мэргэжилтнүүд болон урт нэртэй хуулийн хүрээнд лицензээ хураалгасан аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож байгаа юм. Гарснаасаа хойш хэрэгжих гэж нэлээд дуншсан “урт нэртэй хууль” буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” өнгөрсөн жилээс биеллээ олж,  гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоосон билээ.

Энэ хууль судалгаа шинжилгээгүй, нэг ёсондоо муу хууль болсныг олон жишээ баталдаг. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоод байгаа газрыг чухам яаж тогтоож байгаа нь одоо ч хүртэл ойлгомжгүй байна. Ашигт малтмалын лицензээ барьцаанд тавиад их хэмжээний зээл авчихсан компаниуд лицензээ хураалгаснаас чанаргүй зээл бий болсон, алтны компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг газрууд дампуурч байгаа, нөхөн олговорын мөнгө өгч эхэлбэл улсын төсөв дийлэхгүй гээд тоочоод байвал зөндөө асуудал урт нэртэй хуулийн эргэн тойронд бий болжээ. Ашигт малтмалын газраас нөхөн олговор авах аж ахуй нэгжүүдийн баримт материалыг 2012 оны нэгдүгээр сарын 8-наас өмнө хүлээж авна гэж зарласан. Гэвч  одоогоор хоёрхон компани нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлжээ. Заасан хугацаанаас өмнө бичиг баримтаа бүрдүүлээгүй тохиолдолд нөхөн олговороос татгалзсан гэж үзэх юм байна. Урт нэртэй хуулийн хүрээнд алтны шороон ордын 242 компанийн лицензийг хураасан бөгөөд үүний 103 нь зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттай, 6 нь хамтарсан, 28 нь цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд  байгаа аж. Ашигт малтмалын лиценз эзэмшигч  аж ахуй нэгжүүдийн зөвшөөрөлтэй газар нь урт нэртэй хуулиар хайгуул, олборлолт хийхийг хориглосон газартай хэрхэн давхцаж байгаа эсэхийг тогтоох асуудал хамгийн ээдрээтэй байгаа юм. Мөн нөхөн сэргээлтийн ажлын талаарх маргаан хэлэлцүүлгийн үеэр нэлээд хөндөгдөж байна. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр 17:00 цагт дуусна. Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж