
“Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад төр, олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөлгөөнийг энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах уг зөвлөлгөөнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нямдаваа болон албаны бусад хүмүүс оролцох аж. Түүгээр согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Архины хамааралтай иргэдэд үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, Өсвөр үеийнхэнийг архи согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх нь гэх зэрэг цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэх тухай Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Отгонбаяр хэллээ. Түүнчлэн зөвлөлгөөний үеэр өсвөр үеийнхэний дунд согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшин тогтоох судалгаа, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн зүйл заалтад хийсэн хяналт, үнэлгээний тайланг хэлэлцэх юм байна.
Г.Дарь