
Төрийн албан хаагч аа гэж… Төрийн албан хаагч гэдэг нэрийг хэлэхээр ямархуу дүр зураг толгойд бууж байна гээч. Цасан цагаан цамцан дээр сарын цалингаасаа үнэтэй костюм өмссөн, яравгар царайтай, ихэмсэг харцтай нөхөр. Эсвэл даргынхаа цүнхийг барьж гүйсэн эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй гулжигнасан бацаанууд санаанд орж байгаа биз. За, тэгээд иргэдтэй хэрхэн харьцах нь хамгийн сонирхолтой хэсэг. Жирийн иргэн хэнбугай ч байсан төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна гэж үгүй. Үйлчилгээ зүгээр л жирийн эмнэлгээс эхэлнэ. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн атлаа эмчдээ хахууль өгдөг. Монгол Улсад ерөнхий боловсролыг үнэгүй эзэмших ёстой байтал хүүхдээ бодоод багшид авлига төлнө. Захиралд нь бас өгнө. Энд утга байна уу. Нөгөө хэд нь ч харж л байдаг. Шүүмжлэхээр “Сурчихсан юм зайлуул…” гэж байх жишээтэй.
Төрийн албан хаагч гэхээр офицер хүрэн цүнх үүрсэн гандуу дээлтэй, ташаандаа цагаан буу зүүсэн хүн санаанд буудаг байсан цаг өнгөрч. Харин албан үүргээрээ бусдыг дарамталж, шахаж байдаг нь олширсон байна. Бас болоогүй өрөөгөөр нь шагайж байгаа хүний толгойны үснээс хөлний үзүүр хүртэл аль хэдийнэ ажиглачихсан байх жишээтэй. Тэгээд гайгүй харагдсан хүмүүстэй эелдэг харьцах нь ямар муухай бялдууч харагддаг гэж санана. Харин жаахан даарсан, зутарсан байдалтай нүдэнд нь харагдах юм бол амаа нээнэ гэж гонжийнжоо. Өөрийн эрхгүй хөмсгөө зангидаад л явчихна. Аав шиг нь ахмад хүн байхад болж өгвөл загнаж зандарчих гээд эвгүй харагддаг юм билээ. Авлига, хээл хахуулийн талаар яриад ч хэрэггүй. Бүх зүйл, “Money” гэдгийг харин ч нэг бусдад ойлгуулж чадаж байгаа юм даа. Өөрсдийнх нь хэлэх дуртай үг “Чадаж байгаа юманд арга байхгүй”. Нээрэн л тийм байх.
Хариуцсан ажилдаа эзний сэтгэлээр хандаж, зоримог шийдвэр гарган өөрчлөн сайжруулах, үүнийхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээдэг төрийн албан хаагч цөөхөн дөө. Аливаа ажил хэргийг өөрийн толгойгоор бус дээрээс өгсөн заавар тушаалаар гүйцэтгэж, хариуцлагаас зайлсхийдэг энэ болхи тогтолцоо чадалтай сайн нь бус, зусар ч бялдууч хүмүүс төрийн албыг хаших үүд хаалгыг нээсэн мэт ойлголтыг аль хэдийнэ иргэдийн тархинд суулгасан нь юутай гутамшигтай вэ. Ний нуугүй хэлэхэд өвдөж зовох үедээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх, хүүхдээ аль нэгэн сургуульд оруулж суралцуулах, ямар нэгэн хууль бус зүйлийн талаар цагдаа болон хуулийн байгууллагад хандах, хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй газрынхаа зөвшөөрлийг авах, шаардлагатай бичиг баримт болон зөвшөөрөл авахын тулд аль нэгэн захиргааны байгууллагад хандах, өөрийн хийж буй бизнесийн асуудлаар хил, гааль болон татварын байгууллагуудтай харьцах гэхмэтчилэн олон асуудлаар ажил хөөцөлдөж үзсэн хэн бүхэн төрийн албан хаагчийн хүнд суртал, бас дарамттай нүүр тулсан байх. Адаглаад тав, арван цаас харж байж, ганц хоёр утас цохино. Инээдтэй юм. Уг нь бидний хүсэж байгаа зүйл тэдний хийх ёстой ажил шүү дээ. Өглөө хүссэн, хүсээгүй 08 цагт ажил дээрээ “гозойж”, оройн 17 цаг болохыг тэд бүгд тэсэн ядан хүлээдэг нь нууц биш. Ямар сайндаа нэгэн албан газрын үүдэн дээр “Та өнөөдөр юу хийж бүтээв” гэсэн өгүүлбэр байхыг хараад хөх инээд хүрсэн шүү.
Төрийн үйлчилгээг зохих журмын дагуу хүртэх учиртай монголчууд бид хэн нэгнийг царайчлах, таньдаг хүнээрээ яриулах, олон хоногоор хүлээх, учир битүүлэг, ойлгомжгүй шаардлагыг сонсох гэхмэтчилэн хүнд суртлын хана хэрмийг мөргөн цөхөрсөөр байх уу.
Ихэмсэгдүү, ярвагар харцаар таныг хальт харж, хүсэлтийг тань сонсмоор аядаж, өөр хэн нэгэн рүү ямар нэгэн шалтгаанаар явуулах, эсвэл шалтаг хэлж хойшлуулах, ойлгомжгүй зүйл амандаа бувтнан өөдөөс тань дүрлийтэл ширтэх хүнд суртлын энэ сонгодог “бэлгэ тэмдгүүд” хэнийг ч залхаах нь ойлгомжтой. “Яагаад зүгээр л хариуцсан ажлаа хийж, иргэдтэй энгийн соёлтой харьцаж болдоггүй юм бэ” гэсэн асуулт бидний дунд хөвөрсөөр л.