
-БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо сүндэрлэсэн дэлхийн жишигт нийцэхүйц “Буянт-Ухаа” спортын ордныхоо талаар товч танилцуулна уу?
-Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын Эдийн засаг, Техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд “Буянт-Ухаа” спортын ордон БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 134 сая юаний хөрөнгө оруулалтаар баригдаж 2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Монгол улсад анх удаагаа баригдаж, ашиглалтанд орсон, дэлхий, тивийн хэмжээний спортын уралдаан тэмцээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах нөхцөл, бололцоогоор хангагдсан энэхүү ордон 5045 хүний суудалтай, барилгын спорт зааланд дугуй, хөлбөмбөг, усан болон мөсний гэх мэт спортын төрлүүдээс бусад төрлийн спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой. Мөн дан ганц спортын арга хэмжээ ч гэлтгүй урлаг соёлын арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах бололцоотой юм. Спорт заалны багтаамжийн хувьд тоглолт явуулах талбайн хэмжээ нь 2950 м2 бөгөөд сагсан бөмбөгийн гурван тоглолт, гар бөмбөгийн дөрвөн тоглолт нэгэн зэрэг зохион байгуулах боломжтойгоос гадна 260 м2 бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 104 өрөө тасалгаатай. Үүнд албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 12, нийтийн бие засах 35, спортын уралдаан тэмцээний үеэр тамирчдын хувцас солих өрөө 10, хэвлэл мэдээллийн 3, тусгай зориулалт болон техникийн 47 өрөө багтаж байгаа юм. Мөн өмнө нь олон хоног үргэлжлэн цаг алддаг байсан тэмцээнүүдийг шинэ ордонд зохион байгуулснаар цаг хугацаа хэмнэх боломжтой болсон. Гадна талдаа 650 автомашины, хашаан дотроо 250 автомашины зогсоолтой. “Буянт-Ухаа” спортын ордон ашиглалтад орсны дараа ордны харалдаа нийтийн тээврийн автобусны буудал байгуулж өгснөөр үйлчилгээгээ ард түмэнд илүү ойртуулсан гэж хэлж болно.
-“Буянт-Ухаа” спортын ордон байнгын ашиглалтад ороод нэг жил боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хичнээн тооны уралдаан тэмцээн зохиогдов, тэмцээн уралдаан зохион байгуулахад хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Спортын ордон ашиглалтад орсон үеэс нийт том, жижиг арга хэмжээнүүд 100 гаруй зохион байгуулагдсан бөгөөд үүнд олон улсын чанартай тэмцээн хоёр, улсын аварга шалгаруулах тэмцээн 15, Төрийн болон төрийн бус байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээн 50 гаруй, урлаг соёлын томоохон шоу тоглолтууд найман удаа явагдаж, эдгээр арга хэмжээ нь 150 гаруй өдөрт зохион байгуулагдан нийт давхардсан тоогоор 180 орчим мянган хүн хамрагдсан судалгаа гарч байна. Үүнээс жишээ дурдвал: Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Chinggis Khan World Cup” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн, “Mongolia Open 2011” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан 2020” хүүхдийн хөлбөмбөгийн наадам, Хүүхдийн спортын IV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан спорт, урлагийн арга хэмжээнүүд, Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлал гэх мэт томоохон үйл ажиллагаануудыг өндөр түвшинд зохион байгууллаа.
Спортын ордонд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, наадам, урлагийн тоглолтуудыг элдэв хүндрэл бэрхшээлгүйгээр, өндөр түвшинд зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид мөн зохион байгуулалт дээр илүү анхаарч ажиллах болно.
-Ирэх жилийн төлөвлөгөө, зорилго зорилтын талаар?
-Одоогийн байдлаар манай байгууллага олон улсын чанартай болон дотоодын улсын аварга шалгаруулах олон арван тэмцээнийг амжилттай зохион байгуулж нэлээд туршлага хуримтлууллаа. Ирэх жил олон улсын шинж чанартай 4-5 тэмцээн, Бүх ард түмний спартакиад, урлагийн томоохон шоу тоглолтууд, дотоод гадаадын үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бид бүхэн бэлтгэл ажилдаа ороод байна. Лондонгийн олимп хаяанд ирсэн учир Монгол улсынхаа баг тамирчдад бэлтгэл хийх нөхцөл бололцоог нь хангах талаар анхаарч ажиллана. Хотын төвөөс зайдуу амьдардаг Нисэх, Яармаг хавийн хүүхэд залуусыг дугуйлан, секцэд хамруулах боломж гаргахаар ажиллаж байна. Спортын ордны гадна талыг тохижуулан бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэд үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж ажиллахаар зорьж байгаа. Спортын ордны үзэгчдийн суудлын тоог нэмэгдүүлэх зорилгоор зориулалтын сандлуудыг нэмж байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр үзэгчдийн суудал 7000 хүртэл нэмэгдэх боломжтой юм.
Мөн олон улсын үйлчилгээний ISO 9000 стандартыг нэвтрүүлж олон улсын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохоор төлөвлөж байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд спортын төрөл бүрийн арга хэмжээг бүсчилсэн байдлаар зохион байгуулах, хөгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Спортын ордон байгуулагдсаны дараа Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн спортын байгууллага, холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хуралдаж, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Тайванийн эрдэмтэн Алех Чойгийн “Спортын барилга байгууламжийн менежмент” сургалт семинар, Азийн спортын менежментийн VII их хуралд оролцож ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн. Тайвань, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах суурь тавигдсан бөгөөд цаашид дэлхийн бусад улс орны ижил төсөөтэй байгууллагатай холбоо тогтоон, гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллахыг зорьж байна.
-Та бол манай урдаа барьдаг сагсан бөмбөгийн тамирчны нэг явсан, спортын мастер цолтой гэдгийг мэдэх юм. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?
-Би багаасаа спортод сонирхолтой хүүхэд байлаа. Ялангуяа сагсан бөмбөгийг 1988 оноос сонирхон хичээллэж, 1994 оноос сагсан бөмбөгийн дээд лигт “Алтайн бүргэдүүд” багт тоглож мөнгө, хүрэл медалийн эзэн болж байсан. Тэр үед бид 11-р сургуулийн спорт зааланд бэлтгэлээ хийдэг байсан болохоор тэмцээний үеэр Спортын төв ордны талбайд тоглох үед их л том санагддаг байсан. Харин өнөөдөр тамирчид, хүүхэд залуус харьцангуй том байгууламжид тоглох боломжтой болсон нь сайхан санагдаж байна. Спорт миний амьдралын салшгүй нэгэн хэсэг байсаар ирсэн бөгөөд тэр утгаараа өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонг удирдан явж буйдаа сэтгэл хангалуун байдаг. “Буянт-Ухаа” спортын ордон Монгол улсад баригдсан орчин үеийн спортын хамгийн том байгууламж бөгөөд цаашид олон арван томоохон спортын байгууламж бий болж, тэр хэрээр манай улсын спортын хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Спорт бол бие бялдрын өв тэгш хүмүүжил, төлөвшилд асар их нөлөөлдөг тул хүүхэд залуучуудыг спортоор байнга хичээллэхийг хүсч явдаг.
-Танд болон танай хамт олонд “Буянт-Ухаа” спортын ордны нэг жилийн ойн баяр, мөн удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Бүтэн жил бидэнтэй хамтран ажилласан байгууллага хамт олон, хувь хүмүүст талархсанаа илэрхийлж байна. Мөн цаашид бид бүхэнтэй хамтран ажиллах байгууллага, хамт олон, оюутан залуус та бүхний өмнө манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
“Спортын шуудан” сонин