
Италийн Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Марио Монти ингэсэн байна.
Улс орныхоо эдийн засгийг өөд татах, төрийн зардлыг бууруулах гэж
цалингаасаа татгалзаж байгаа юм гэнэ. Үүнийгээ ард түмэндээ сүр
дуулиантайгаар зарлажээ. Мулгуу шийдвэр. Улс орныхоо эдийн засгийг сэм
сорж, сан хөмрөгийнхөө хамаг мөнгийг цалин хэлбэрээр авчихдаг байсан
гэж өмнөх Ерөнхий сайд нараа матаж, харин өөрийнхөө нэр хүндийг өргөж
байгаа юм уу хаашаа юм. Эсвэл үнэхээр ард түмнээ сөхөрч унагахаар тийм
их хэмжээний цалин авдаг байснаа илчилж байгаа юм болов уу. Ямар ч гэсэн
“Би л цалин авахгүй бол Итали улс алзахгүй” гэсэн гаргалгааг Марио
Монти хийжээ. Харж л байя.Үнэхээр тийм бол гайхамшиг гэхээс өөр юу гэх
билээ. Энэ жишээ манай улсын хувьд бол холдохгүй. Ямар тэндээс бараа
татах гэж байгаа биш. Ерөнхий сайд С.Батболдод сонгуулийн жилийн шилдэг
ноу хау болно. Гэхдээ ийм юм болохгүй л дээ. Сайн мэдэж байна. Манай
сайд, дарга нар хэзээ ч ингэхгүй. Бидний халааснаас авч бүрдүүлдэг тэр
их мөнгийг зөвхөн өөрсдийнхөө цалинд зарцуулна гэж байхгүй. За яах вэ,
байлаа гэхэд хэзээ ч “Би одоо больё” гэж хэлж зүрхлэхгүй. Ам нь
эвлэхгүй. Яаж хүний нүүр харах юм бэ.Үүнийг монголчуудын хэнийг нь ч
дуудаад асуусан баттай хэлнэ. Италийн Ерөнхий сайд асан С.Берлускониг
олон тэрбум долларыг хээвнэг халаасалчихдаг аймшигтай олигархи, шалиг
эр, ер нь л их муу хүн гэж боддог байлаа, мань мэт. Хувиа хичээгч, ер нь
л ёозгүй нөхөр лугаа адилтгаж ойлгоно. Тийм ч учраас саяхан албан
тушаалаа өгснийг нь Каддафиг цааш харуулснаас дутахааргүй чухал үйл
явдалд тооцов шүү. “Болж, муу хогийг” хэмээн баярлахдаа жагсаал цуглаан
хийсэн улс орон ч байсан. Гэтэл Берлускони чинь жинхэнэ мужик байж,
одоо бодох нь ээ. Италийн одоогийн Ерөнхий сайдтай харьцуулбал хуруу
илүү, манайхан шиг “гүргэр” сайхан улстөрч байсан байна.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин
