Киотогийн протоколыг шинэчлэх эсэхийг Хятад шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Киотогийн протоколыг шинэчлэх эсэхийг Хятад шийднэ

Цаг уурын өөрчлөлттэй холбоо­той асуудлыг хэлэлцэхээр НҮБ ху­ралдаж байна. Өмнөд Африкийн Дур­банд өнгөрсөн сарын 28-нд эхэл­­сэн энэхүү хурал хоёр долоо хо­­ног үргэлжилнэ. Өнгөрсөн жил Мексикийн Канкун, түүний өмнөх жил Данийн Копенгагенд болсон. Ер нь 1994 оноос хойш жил бүр л зохиогдож байгаа. Гэхдээ энэ удаа­гийнх урьд өмнөхтэйгөө огт адил­гүй. Үйлдвэржсэн орнууд хү­лэм­жийн хийг их хэмжээгээр үйлд­вэр­­лэж, түүний “ач”-аар озоны давхарга цоорч, дэлхийн уур амьсгал дулаарч байгаа. Үүнийг хязгаарлахад чиглэсэн олон улсын хамгийн том баримт бичиг болох Киотогийн протоколын хүчинтэй байх хугацаа ирэх онд дуусгавар болно. Түүнээс өмнө улс орнууд хамтран дахин шинэ гэрээ байгуулах зэргээр ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

Киотогийн протоколд нэгдэхээс татгалзаж байсан АНУ-ын хандлага одоо ч хэвээр байна. Харин Хята­дын төлөөлөгчид “АНУ хөдлөхгүй бол бид ч бас хөдлөхгүй” хэмээн мэдэгдэж байв. АНУ-ыг дагаад ОХУ, Япон, Канад улс Киотогийн про­токолын шинэ хувилбарыг дэвшүүлж, түүнд нэгдэхээс татгалзах болж. Хам­гийн том бэрхшээл нь энэ юм. Гэхдээ агаарын бохирдлыг буу­руу­лахын тулд Хятадын зүгээс то­дорхой алхам хийхэд бэлэн бай­гаагаа саяхнаас мэдэгдсэн. Сүүлийн жилүүдэд Хятадын өмнөд нутагт цас, борооны мөстлөг ойр, ойрхон бол­жээ. Уг нь энэ бол тун ховор то­хиолддог үзэгдэл. Гэтэл давтамж нь нэмэгджээ. Түүнчлэн Хятадын баруун, өмнөд нутгаар ган гачиг их болсон. Үүнээс болж ургац алд­сан нь тус улсад хүнсний бараа, бү­тээгдэхүүний үнэ өсөхөд хамгийн их нөлөөлжээ. Тиймээс хямд ажиллах хүчээр дамжуулж үйлдвэржилтээ өргөжүүлэн эдийн засгаа хөгжүүлж, үүнээс болж хүлэмжийн хий их хэм­жээгээр “үйлдвэрлэх” болсон ч Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг багасгахын тулд хөдлөх цаг нэгэнт болсныг НҮБ-ын бага хуралд оролцохоор ирсэн Хятадын эрдэмтэн Шюй Иньлүн онцолсон юм. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын “Ногоон уур амьсгал” сангийн хөрөнгийг 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэх санал ч тавьжээ. Дэлхийн дулаарлын эсрэг хамгийн идэвхтэй тэмцдэг Европын холбооны төлөөлөгчид “Хэрэв Хятадын тал дорвитой са­наа­чилга гаргавал Киотогийн про­то­колын шинэчилсэн хувилбар батлагдаж, түүнд олон орон нэгдэх боломжтой болно” хэмээн онцолж байна. Дэлхий дээрх хүлэмжийн хийн 40 гаруй хувийг зөвхөн АНУ, Хятад улс үйлдвэрлэдэг. Тиймээс эдгээр орны оролцоо хамгийн их хэрэгтэй байгаа юм.

НҮБ дэлхийн цаг уурын өөрч­лөлтийн тухай конвенцыг 1992 онд баталснаас хойш таван жилийн дараа Киотогийн протоколыг баталж байв. Тухайн үед 159 орон Киотогийн протоколд нэгдсэн юм. Тэд хүнд үйлд­вэрүүдийнхээ тоог цөөлж байгаад ч хамаагүй хүлэмжийн хийг бууруулж, 2008-2012 он гэхэд хорт хийн хэмжээ 1990 оноос 5.2 хувиар багасгахаар тооцсон. ОХУ 1999 онд энэ гэрээнд нэгдэж, 2005 оноос тус улсын нутаг дэвсгэр дээр протоколын заалтууд хэрэгжиж эхэлжээ. Киотогийн про­токолын дагуу дэлхийн агаарын дулааныг хоёр хэмээс илүү нэмэхгүй байх шаардлага тавьсан. Гэтэл үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийг буу­руулах талаар тодорхой алхам хийхгүй бол ердөө 20 орчим жилийн дараа агаарын дулаан зургаан хэмээр нэмэгдэх тооцоо бий. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын бага хурлыг анхандаа олон улсад төдийлөн ойшоодоггүй байжээ. Хэдхэн улс хуралдаж “Цаг агаар өөрчлөгдөх нь үү”, “Дулаахан болох нь уу” гэх мэ­тээр ярилцах төдий өнгөрч байна” хэмээн ойлгодог байсан боловч энэ нь яваандаа глобаль шинжтэй асуу­дал болж хувирсан юм. Дэлхийн цаг агаар дулаарч байгаагаас болж бай­галийн гамшиг их болсон. Суд­лаачид сүүлийн жилүүдэд улс ор­нуудад дараалан болж байгаа үер, усны гамшиг, газар хөдлөлт зэргийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайл­барлаж байна. Хэт халуун болс­ны уршгаар хүнсний ихэнх ургамал ургах нөхцөл үгүй болсон. Үүнд хамгийн түрүүнд улаанбуудайн ургац буурч байгааг жишээ татаж болно. Мексикийн зарим бүс нутагт хэт халалтаас болж нэг га газраас хурааж авдаг улаанбуудайн хэмжээ гурав дахин багасчээ.

АНУ Киотогийн протоколд нэг­дэхээс анхнаасаа татгалзсан. Билл Клин­тон, Жорж Буш хэн, хэн нь үүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Улстөрчид нь ч бас цаг уурын өөрчлөлттэй хол­боотой асуудлыг хэзээнээсээ үл тоомсорлосоор иржээ. Сонгуулийн үед Бүгд найрамдах, Ардчилсан на­маас нэр дэвшигчид “Дэлхийн ду­лаа­рал санаа зовохуйц хэмжээнд хү­рээгүй” хэмээн мэдэгдэж байв. Гэтэл “Bloomberg”-ээс гаргасан мэдээлэлд зөвхөн Ж.Буш Ерөнхийлөгч байх хугацаанд л гэхэд АНУ-д хүлэмжийн хийy ялгаруулалт нь 45 хувиар нэмэгджээ. “Үүнийг сүйрэл гэхгүй юм бол өөр юуг ингэж нэрлэх вэ” хэмээн “Тайм” сэтгүүл онцолсон юм. Харин Киотогийн протокол төдийгүй удахгүй батлагдах шинэ гэрээн дэх АНУ-ын оролцоо Хятадаас дутахгүй их байхыг шаардаж байна.

Сүүлийн үед Хятад улс сэр­гээгдэх эрчим хүчний салбар дахь хө­рөнгө оруу­лалтаа нэмэгдүүлсэн. Авст­ра­лийн Засгийн газар нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаа үйлдвэр, тех­никт өндөр татвар ноогдуулсан. Евро оршин тогтнох эсэхийг ший­дэх санхүүгийн хямралтай нүүр тул­чихаад байгаа боловч Германы эрх баригчид энэ салбарт хөрөнгө хая­саар байна. Өнгөрсөн онд сэр­гээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэг­дүүлэхийн тулд дэлхийн улс орнууд нийт 187 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь шатахуун, түлшний салбар дахь 157 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас давсан мөнгөн дүн юм. Энэ бол анхны тохиолдол. Хэдийгээр НҮБ-ын түвшинд улс орнууд нэгдэж чадахгүй байгаа боловч хүлэмжийн хийг бууруулахын тулд тус бүртээ тодорхой алхам хийсээр байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж