
Саймон Денейр ба Сухасини Раж нарын нийтлэл. The Washington Post. 12-р сарын 1
Шинэ Дели – Өнгөрсөн Лхагва гаригт дэлхийн өнцөг булан бүрийн буддистууд Энэтхэгийг шинэхэн олон улсын Буддист байгууллагынхаа төвөөр сонгож, Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалтан дээр Далай ламаар үг хэлүүлэхгүй байхыг чармайж байсан Хятадын Засгийн Газрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.
Энэ бол Энэтхэгийн хувьд ажиглагчидын нүднээ улам бүр тодорхой болон эрчимжиж буй дэлхий нийтийн буддистуудыг өөртөө татахын төлөөх Хятадтай хийж буй өрсөлдөөндөө зохих хэмжээний ялалт байгуулсан хэрэг болов. Энэтхэг бол Будда төгс гэгээрч, номоо айлдсан тэр л орон газар байхад Хятад нь өнөөдөр хамгийн их Бурханы шашинтануудтай орон юм.
Бээжин дэх Коммунист Засгийн Газраас Төвдийн Бурханы шашны тэргүүн Далай ламыг Төвдийг Хятадаас салган тусгаарлахыг эрмэлздэг хэмээн буруутган үздэг тул энэ долоо хоногт Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Дэлхий дахины Бурханы шашинтануудын чуулга уулзалт”-ын индэрт түүнийг гаргахгүй байхыг Энэтхэгийн Засгийн газраас шаардсан байна. Хятадын талын энэхүү байр суурийг хүндэтгэн үзэж буйгаа илтгэж Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патил дээрх үйл ажилгааны нээлтийн ёслолд хүрэлцэн ирж оролцоогүй юм. Хятадын олон төлөөлөгч энэ чуулганд оролцох тухайгаа урдаас мэдэгдэж баталгаажуулсан тул Энэтхэгийн бусад томоохон улс төрчид ч оролцохгүй байсан нь дээр гэж үзэцгээсэн байна.
Шинэ Дели дэх Жавахарлал Неру Их Сургуулийн Хятад судлалын профессор Срикантх Кондапалли энэ тухайд өгүүлэхдээ, “Хэдийгээр илэрхий харагдахгүй байгаа боловч Энэтхэг Хятад хоёрын хооронд далд өрсөлдөөн байдаг. Энэ их егөөтэй өрсөлдөөн юм. Учир нь Хятадын хүн амын 40 хувь нь Буддизмд итгэл үнэмшил бүхий атал маш цөөнхөн Энэтхэгчүүд л энэ шашныг шүтдэг шүү дээ” гэжээ
Далай ламыг нас ахихын хэрээр түүний залгамжлагчийн асуудал болон түүний хойд дүр хаанаас тодрох вэ гэдэг нь өдгөөгийн Бурханы шашин болон энэ бүс нутгийн чухаг түлхүүр асуудлуудын нэг болоод байна.
Хятадын Засгийн Газар нь өөрийгөө шашны хамгийн дээд тэтгэн хамгаалагч хэмээн харуулахыг улам бүр чармайх болсон бөгөөд үүнийг ажиглагчид хожим өөрийн сонгох “залгамжлагч”-ийг Бурханы шашинтануудын дунд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх явдлыг бататгах гэсэн оролдлого мөн хэмээн үзэцгээж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятад нь олон улсын Буддистуудын хоёр ч том форумыг өөрийн улсдаа зохион байгуулсан бөгөөд түүний хоёр дахь буюу 2009 онд зохион байгуулсан форумд нь 50 орны 1700 төлөөлөгчид оролцсон байдаг. Мөн Хятадын Засгийн Газраас 3 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийж Балбын Вант Улсад орших Шагжамүни Бурханы төрсөн газар Лүмбини-д аялал жуулчлалын том цогцолбор байгуулахаа зарлан мэдэгдсэн юм.
Ажиглагчидын үзэж байгаагаар бол энэ бүхэн нь басхүү Коммунист намын зүгээс Хятадын хэдэн зуун саяар тоологдох Бурханы шашинт хүн амынхаа дунд өөрсдийн нэр хүндийг өсгөхөд чиглэж байгаа аж.
Гэтэл Энэтхэг нь хэдийгээр их хэмжээний мөнгө хөрөнгө гаргахгүй байж болох ч өөрийн орон болон Азийн бусад улс орнуудаар зохион байгуулагдаж буй Бурханы шашны хурлуудыг байнга ивээн тэтгэж өөрийн нэр хүндийг өсгөхийг чармайсаар ирсэн гэж ажиглагчид үзэцгээж байна. Энэтхэг улс тавин жилийн туршид Далай ламд улс төрийн орогнол олгосон нь Бурхан төгс гэгээрлийн хутгийг олсон, ном айлдсан, гаслангаас нөгцсөн дүрийг үзүүлсэн өлгий нутгийн түүхэн өв уламжлалтай нь шууд холбоотой хэрэг мөн.
Шинэ Олон Улсын Буддист Холбооны төв Энэтхэг улсад байрлах болсон нь түүнийг Бурханы шашинтануудад “Бурханы шашны өв уламжлал, ном ёс хийгээд энэ шашны ёст улс үндэстний нийтлэгүүдийг ёс суртахууны үүднээс ялган таних, хүлээн зөвшөөрөх, тэтгэн хамгаалах, өвлөн хадгалах, сэргээн хөгжүүлэхийн тухайд маш хүчтэй бөгөөд нэгэн дуу хоолойг” илэрхийлэх үндсэн индэр болж чадна хэмээн үзсэний үр дүн юм.
Чуулганы үеэр Тайваны төлөөлөгчид эх газрын Хятадаас төлөөлөгч ирээгүйд харамсаж буйгаа илэрхийлж байхад бусад орны төлөөлөгчид Хятадын засгийн Газарт энэ хурал чуулганы үйл ажиллагаанд саад болох ямар ч эрх байхгүй гэхчлэн тус тусын үзэл бодлоо илэрхийлцгээж байлаа.
Литва Улсын төлөөлөгч Алвидас Турскис хэлэхдээ, “Энэ бол улс төрийн бус, шашны хурал чуулган билээ. Бас нөгөөтэйгүүр, энэ бол Хятадын ч газар нутаг бус огт өөр орон. Энд аль ч улс орны эсрэг чиглэсэн зүйл байхгүй. Яаж ийм амгалан тайван зүйлийг эсэргүүцэн шүүмжилж болдог юм бэ?” хэмээн ярьсан юм.
Далай ламтан хурлын индэрээс дэлхий даяар хүчирхийлэлийг зогсоох хэрэгтэйн тухай, шашин номын тэргүүнүүд өөрсдийн номлон айлддаг зүйлсээ амьдралд хэрэгжүүлэн дадуулдаг байх ёстойн тухай айлдсан юм. Мөн тэрбээр Бурханы шашны олон ёс, урсгалууд өөр хоорондоо нэг нэгдмэл байхыг уриалсан байна. Гэхдээ илтгэлийнхээ дараагаар хийх ёстой байсан хэвлэлийн бага хурлаа тэрбээр ямарваа тайлбаргүйгээр цуцалсан юм.
Энэ бол Энэтхэг Хятад хэмээх хоёр их гүрний хоорондох нууцхан өрсөлдөөний тухай АНУ хэмээх их айлын The Washington Post сонинд нийтлэгдсэн өгүүлэл юм. Эндээс та бүхэн дэлхийн их гүрнүүд хэрхэн Бурханы шашныг ихэд сонирхон үзэж, даган бишрэгчдийнх нь зүрх сэтгэлийг хэрхэн татах, улмаар оройн чандмань болсон хутагт гэгээнтэнүүдийнх нь “залгамжлагч”-ийг (хойд дүрийг) хэрхэн өөрийн улсаас тодруулах тухайд далдхан өрсөлдөх болсныг илэрхий харж байгаа биз ээ. Энэ бол Бурханы шашны нэр хүнд дэлхийд асар их хурдацтай өсөн нэмэгдэж буйн нэгэн жишээ юм. Ийм орчин нөхцөлд бид өөрийн улс орны хутагт хувилгаадын хойд дүрүүдийн асуудлыг эргэлзэж тээнгэлзэлгүйгээр бодож, уламжлалт өв соёлдоо шамдан суралцаж, хөгжүүлэх тухайд дорвитой зүйлсийг хийх цаг болсон мэт санагдана.
Ч.Хатанбаатар.