Астанагийн рингнээс 25 боксчин олимпийн эрх авна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Астанагийн рингнээс 25 боксчин олимпийн эрх авна

“Лондон-2012” зуны олимпийн наадмыг зорих боксчдод эрх олгох тоо, квот нь жин жингээр тодорхой болжээ. Лондонгийн олимпод 49, 52, 81 кг-д тус бүр 26 боксчин, 91, +91 кг-д тус бүр 16 боксчин, бусад жинд тус бүр 28, нийт 250 боксчин оролцоно. Одоогийн байдлаар, өнгөрсөн жилээс эхлэн зохиогдсон “Дэлхийн боксын цуврал” буюу WSB тэмцээнээс таван боксчин, саяхан Баку хотноо зохиогдсон ДАШТ-ээс 91 боксчин олимпийг зорих эрхээ авсан байна. Ингээд дараа жил тив бүхэнд олимпийн эрх олгох цорын ганц тэмцээн зохиогдон, тэрхүү 250 боксчны нэр бүрэн тодорхой болно. Тэгвэл манай тивийн боксчид ирэх оны гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 8-нд Казакстаны Астана хотод дээрх эрхийн төлөө тулалдаж, арван жингийн 25 тамирчин “Лондонгийн виз”-ийг халааслана. Ингээд Ази тивд жин тус бүрт олимпийн эрхээ авах ямар боломж байгааг тольдъё.

49 кг-д манай тивд зургаан квот оногдсоноос дэлхийн аваргаар Азийн зургаан боксчин: Зoу Шимин  (БНХАУ), Шин Жон Хүн (БНСУ), П.Сэрдамба (Монгол), Кайв Понгпраён (Тайланд), Д.Сингх (Энэтхэг), М.Баррига (Филиппин) нар Лондонгийн зуны наадмын эрхээ авсан тул Астанад энэ жинд олимпийн эрхийн төлөө тоглолт болохгүй гэсэн үг.

52 кг-д манай тивд зургаан эрхийн квоттойгоос ДАШТ-ээс хоёр боксчин эрхээ авчээ. Тэд бол Жасурбек Лапитов (Узбекистан), Ч.Бутде (Тайланд) нар. Иймд үлдсэн дөрвөн эрхийн төлөө буюу Астанад медаль авсан нь олимпийн эрхтэй болно.

56 кг
манай тивд мөн л зургаан эрхийн квоттой бөгөөд дэлхийн аваргаас Анвар Юнусов (Тажикистан), Орзубек Шаимов (Узбекистан) нар болон Дэлхийн боксын цуврал WSB тэмцээнээс Канат Абуталипов (Казахстан) олимпийн эрхээ авсан тул бусад орны боксчид үлдсэн гурван эрхийн төлөө Астанад тулалдана. Гэхдээ хоёр хүрэл медальтны нэг нь эрхгүй хоцорно. Энэ нь тухайн жинд аварга болсон боксчинд ялагдсан хүрэл медальтан нь буурал тив рүү “явах” боломжийг эдэлж, дэд аваргад дийлдсэн нь “гэртээ” үлдэнэ гэсэн үг.

60 кг-д манай тивд мөн л зургаан эрхийн квоттойгоос Бакугийн тэмцээнээр Гани Жаилаув (Казахстан), Ф.Гаибнаразов (Узбекистан), Хан Сон Чул (БНСУ), Жай Багван (Энэтхэг), С.Ади (Тайланд) нар олимпийн “виз” өвөртөлсөн тул олимп руу явахын тулд үлдсэн ганц эрхийн төлөө Астанагаас алт автал “гал” гарна.

64 кг-д 2009 оны Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, Азийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимигийн Мөнх-Эрдэнэ Лондоны олимпийн эрхээ авсан тул алгасъя. Азийн бусад орны боксчдоос Астанад медаль авсан дөрөв нь “явах” дажгүй нөхцөлтэйгээр тоглох болно.

69 кг-д манай тивд мөн л зургаан квоттойгоос дэлхийн аваргын тэмцээнээр Серик Сапиев (Казахстан), Викас Кришан (Энэтхэг), Я.Сүзүки (Япон) нар эрхээ авч, үлдсэн гурван эрхийн төлөө Астанад тулалдах боломж гарч байна. Гэхдээ хоёр хүрэл медальтны нэг нь гэртээ хоцорно.

75 кг-д манай тивд долоон квот байснаас Бакугийн рингэнд Риото Мурата (Япон), Денис Сужанов (Казахстан) нар энэ жинд эрхээ авчээ. Ингээд Астанагийн тэмцээнд таван орны боксчинд “шанс” гарч байна. Медальтнуудаас гадна аваргад ялагдан шагналт байрт үлдсэн нэг тамирчинд эрх олгогдоно.

81 кг-д манай тивд долоон квот байснаас ДАШТ-ээр Адильбек Ниязимбетов (Казахстан), Элшод Расулов (Узбекистан), Мэн Фанлун (БНХАУ), Э.Рузбахани (Иран) нар Лондонг зорих нь тодорхой болж, мөн л үлдсэн гурван эрхийн төлөө Казакстаны рингэнд Азийн боксчид халуухан өрсөлдөнө. Хоёр хүрэл медальтны нэг нь 56, 69 кг-ын боксчдын нэгэн адил эрхгүй хоцорно.

Товчхондоо Астанагийн тэмцээнд 52 кг, 64 кг, 75 кг-д медаль хүртсэн буюу эхний дөрөвт орсон боксчдод их боломж харагдаж байна. Харин 60 кг, -91 кг, +91 кг-д нэлээд хатуу байгаа бөгөөд зөвхөн алт зүүсэн тамирчдад олимпод орох эрх нээгдэнэ. Ер нь Астанагийн олимпийн эрх олгох ОУТ-ээс арван жинд нийт 25 боксчин “Лондон-2012”-ыг зорих эрхтэй болно. Тухайн жинд олимпийн эрх авсан боксчин болон тэр улсын өөр тамирчин энэ тэмцээнд оролцохгүй. Иймд өөр бусад орны тамирчдад боломж гарах нь. Өөрөөр хэлбэл манай боксчид 49 кг, 64 кг-д Астанаг зорих шаардлагагүй юм. Казахстаны рингэнд  манай боксчдод 52 кг, 56 кг, 75 кг-д эрхийн боломж байгаа нь мэдээж. 60 кг-д алт авсан боксчин олимпийн эрхийг хүртэх боловч энэ жингийн Азийн чангууд аль хэдийнэ олимпийн эрхээ авчээ. Харин Монгол, БНХАУ хоёр үлдсэн харагдана. 69 кг, 81 кг-д манайд мөн л боломж харагдаж байна. Гэхдээ бүх зүйл ринг дээр тодорхой болдог жамтай.  

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж