Монгол, Кувейтын ЭЗ-ийн харилцааг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Монгол, Кувейтын ЭЗ-ийн харилцааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн уулзалт, яриа хэлцэл төлөвлөгдсөн байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгчид  Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн захирал Абдулвахад Аль-Бадер бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтын сан нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлон  тэмдэглэв. Манай улсад Кувейтын сангийн хөнгөлттэй зээлээр дэд бүтцийн салбарт  гурван төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн хатуу хучилттай замын төслүүд юм.  Одоо хоёр төсөл хэрэгжих шатандаа байна.

Ноён Абдулвахад Аль-Бадер Кувейтын сангийн зүгээс улс орны хөгжилд тэргүүлэх үүрэгтэй, техник эдийн засгийн судалгаа сайн хийгдсэн төслүүд дээр хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрээр хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд  бэлэн гэдгээ илэрхийлэв.

Ерөнхийлөгч хамтын ажиллагааны зарим тодорхой саналуудыг тавив. Тодруулбал Шүрэнгийн усан цахилгаан станц барих, Тариалан-Мөрөнгийн хатуу хучилттай замыг тавих төслүүдэд Кувейтын сангийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгохыг хүслээ.

Монголын Хөгжлийн банк нь Кувейтын сантай цаашид хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт хоёр тал санал нэгдэв. Энэ үеэр  Монгол Улсын Хөгжлийн банк, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт Кувейтын сангийн захирал Абдулвахад Аль-Бадер, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нар гарын үсэг зурлаа.

Кувейтын сан нь тус улсын Засгийн газрын агентлаг бөгөөд хөгжиж буй орнуудад эдийн засаг, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор 1961 онд байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагаа нь  зээл, техникийн туслалцаа үзүүлэх, батлан даалт гаргах, бусад улс бүс нутгийн хөгжлийн сан, санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулах зэрэг юм. Ингэхдээ гол төлөв дэд бүтэц газар тариалан, эрчим хүч, тээвэр харилцаа холбооны санхүүжилтэд анхаардаг байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж