“Челси” Дрогбад өртэй

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

“Челси” Дрогбад өртэй

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт өрсөлдөж буй багууд хэсгийн шатны сүүлийн тоглолтоо хийж байна. Өнгөрсөн шөнө E, F, G, H гэсэн дөрвөн хэсгийн сүүлийн тоглолтууд болсон бол энэ үдэш үлдсэн багууд шийдвэрлэх тоглолтоо хийх юм.

Шилдгүүдийн өрсөлдөөнд А группт сугалаа таарсан Английн “Челси” клуб өнгөрсөн шөнө “Стэмфорд Бриж” цэнгэлдэхдээ Испанийн “Валенсия” багийг хүлээн авч, 3:0 харьцаатай буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Зөвхөн ялалтын төлөө талбайд гарсан Лондонгийн “Угсаатнууд” төгс эхлэл тавьсан. Ердөө гурав дахь минутад Кот д’Ивуарын довтлогч Дидье Дрогба гоолдсон нь “Челси” клубын Аваргуудын лиг дэх хамгийн хурдан гоол болсон юм. Удалгүй 22 дахь минутад хагас хамгаалагч Рамирес тооны харьцааг 2:0 болгожээ. Улмаар тоглолтын цаг дуусахаас 14 минутын өмнө Дрогба Хуан Матагийн дамжуулалтаар гоолын тоогоо ихэрлүүлснээр багтаа тун чухал ялалт авчирсан. Хожлын гурван оноогоо авснаар “Челси” 11 оноотой болж, хэсгээ тэргүүлэх боломжтой болсон. Харин тэдний араас Германы “Баейр Леверкузен” 10 оноотой удаалж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Бельгид “Генк” багтай хийж, 1:1 харьцаатай тэнцсэн байгаа. Талбайн эзэн багаас Йелле Воссен /30 дахь минут/, харин Бундеслигийн багаас Эрен Дердийок /79’/ нар гоолдсон байна. Харин “Валенсия” зургаан тоглолтоос найман оноотой болж, гуравдугаарт бичигдсэнээр Европа лигт өрсөлдөх болсон бол “Генк” Европын топ төвшний өрсөлдөөнийг орхиж байна.

F хэсэгт багтсан Францын “Марсель” клуб Германы “Боруссия Дортмунд”-ын талбайд зочилж, 2:0 харьцаатай хожигдож яваад 3:2-оор хожсоноор эцсийн мөчид хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авав. Хэдийнэ шөвгийн 16-д шалгараад байсан Английн “Арсенал” клуб өнгөрсөн шөнө Грекийн “Олимпиакос”-ын талбайд зочилж, 3:1 харьцаатай хожигдсон. Нэгэнт эрхээ аваад байсан “Их буучид” сүүлийн тоглолтдоо хожигдсон ч хэсгээ тэргүүлсэн. Харин “Олимпиакос” Европа лигт өрсөлдөх болж, “Боруссия Дортмунд” тивийн тэмцээнээс хасагдав.

Киприйн “АПОЭЛ” клуб Аваргуудын лигийн шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болсон нь өнгөрсөн шөнийн бас нэгэн сюрприз байлаа. Сүүлийн тоглолтоо Украйны “Шахтёр Донецк” багтай хийж, талбайд нь 2:0 харьцаатай ялагдал хүлээсэн ч Киприйн баг есөн оноотойгоор G хэсгийг тэргүүллээ. Украйны баг хэдийнэ өрсөлдөөнөөс хасагдсан байсан ч Луис Адриано, Селезнёв нарын гоолын ачаар хэсгийн шатанд ганц ч хожигдоогүй байсан “АПОЭЛ”-д ялагдлын гашууныг амсуулж чадсан юм. Харин Португалийн “Порту” G хэсгээс шалгарахын тулд ОХУ-ын “Зенит Санктпетербург” багийг хожих даалгавартай байсан. Гэхдээ зочин баг “Зенит” хуурай тэнцээ хийж чадсанаар тэмцээнээ цааш үргэлжлүүлэх болов. Ийнхүү G хэсгээс “АПОЭЛ”, “Зенит” нар ижил есөн оноотой шалгарч, “Порту” Европа лигт өрсөлдөх болов.

Харин Н хэсгээс Испанийн “Барселона” болон Италийн “АС Милан” багууд шалгарах нь нэгэнт тодорхой болоод байсан. Ач холбогдол багатай тоглолт байсан ч Каталоны нэр төр гэгддэг “Барса” өнгөрсөн шөнө “Ноу Кэмп” цэнгэлдэхдээ “БАТЭ”-г 4:0-ээр бут ниргэсэн. Тэднийг бямба гаригт “Реал Мадрид”-тай хийх “Эль Классико” хүлээж буй тул дасгалжуулагч Пеп Гуардиола гол тоглогчдоо нөөж, сэлгээний суудалд өнжүүлсэн юм.

Харин “Милан” хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн “Виктория Плзень”-ий талбайд хийж, 2:2-оор тэнцсэн. Улмаар Чехийн баг таван оноотой болж, хэсэгтээ гуравт эрэмбэлэгдсэнээр Европа лигийг зорих болов.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж