Долдугаар сарын 1-ний хэрэг юу болов

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хэрэг юу болов

Улсын ерөнхий прокурорийн  даалгавраар сэргээн шалгаж буй 2008 оны долдугаар сарын 1-ний  хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Одоогоор үймээний үеэр буудах тушаал өгсөн хэрэгт буруутгагдаад буй  цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж байгаа аж. Хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд  харьяалж байгаа бөгөөд хавтаст хэрэгтэй танилцаж дууссаны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэх юм байна. Уг хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа  Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг  өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг  сэргээн  шалгаснаас хойш тэднийг  Эрүүгийн хуулийн 294.2-т  зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн  юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх  аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм.

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нарт буудуулан амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн  аав Ц.Энхбаяр хохирогчдын ар гэрийнхнийг төлөөлж, УЕП-т хандаж байсан. Түүнтэй холбогдож зарим асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-ний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэх мэдээлэл байна. Үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн хавтаст хэрэгтэйгээ танилцаж дууссан болов уу?

-Талийгаачдын ар гэрийнхний гаргасан гомдлын дагуу  цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс сэргээн  шалгасан. Үндсэндээ нэг жил нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэсэн үг. Үймээний үеэр амь үрэгдсэн дөрөв, тэнэсэн суманд оногдож шархадсан зургаан хүний ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцаж дууссан байгаа. Амь үрэгдсэн таван хүний нэг нь угаартаж нас барсан учир энэ хэрэгт хамааралгүй байдаг юм. Нэмэлт мөрдөн  байцаалт явуулсан гурван хуудас хавтаст хэрэгтэй бид танилцсан. Одоо цагдаагийн удирдлагууд танилцаж байгаа. Миний ойлгосноор цагдаагийн удирдлагуудад хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа өгсөн юм шиг байна лээ. Тэднийг танилцаж дуусахаар Прокурорт шилжүүлнэ гэсэн.

-Хавтаст хэрэгтэй танилцах явцад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц гарсан зүйл байна уу?

-Хэргийн зүйлчлэлийг нь 294.2 болгож өөрчилсөн байсан. Бүтэн жил дахин шалгасан гэхэд онц гойд өөрчлөгдсөн зүйл байхгүй байсан гэж хэлж болно. Ер нь бол санаанд хүрээгүй. Хуулийн хүн биш учраас би нарийн зүйлийг хэлж мэдэхгүй юм.

-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж дуустал хэр хугацаа шаардагдах бол гэж бодож байна? 

-Цагдаагийн удирдлагууд өмнө нь долоон сар хавтаст хэрэгтэй танилцсан шүү дээ. Тэгээд тэднийг хэрэгтэй танилцах ажиллагаа дуусаагүй байхад өршөөлийн хуульд хамруулж, үргэлжлүүлэн хавтаст хэрэгтэй танилцах  шаардлагагүй гэж үзсэн тул орхисон. Тэгэхээр бүх хавтаст хэрэгтэй танилцаж дуусах хүртэл миний бодлоор 3-4 сар болох байх. Өмнө нь танилцсан учраас энэ удаа нэмэлт мөрдөн байцаалт явуулсан гурван хавтаст хэрэгтэй л танилцах болов уу. Уг нь бол үүнд их хугацаа орохгүй шүү дээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж