Владимир Кличко бүсээ хамгаалах тулаан хийхгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Владимир Кличко бүсээ хамгаалах тулаан хийхгүй

Мэргэжлийн боксын дэлхийн хүнд жингийн аварга Владимир Кличко энэ бямба гаригт Францын тулаанч Жан-Марк Мормектай хийхээр товлоод байсан аваргын бүс хамгаалах тулаанаа цуцалжээ. IBF, IBO, WBO болон WBA холбооны дэлхийн аваргын бүс эзэмшиж буй Кличко өнгөрөгч баасан гаригт эмнэлэгт хүргэгдэж, бөөрний чулуугаа авахуулах мэс засал хийлгэсэн юм. Тэрбээр өөрөө энэ сарын 10-нд буюу бямба гаригт Дюссельдорф хотноо болох тулаанд оролцоно гэж төлөвлөж байсан ч менежер нь эрс татгалзаж, тулааны товыг хойшлуулахыг зөвлөсөн гэнэ. Гэхдээ ойрын өдрүүдэд тулааны товыг эцэслэн тогтоох ажээ.

Кличко өнгөрсөн долдугаар сард Британийн Дэвид Хэйг ялснаар WBA холбооны аваргын бүсийг эзэмших болсон билээ. Харин өдгөө 39 настай Мормек WBC, WBA холбооны дунд жингийн дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан бөгөөд тухайн жиндээ 2007 онд Хэйд ялагдаж байжээ. Харин 2009 оноос хүнд жинд тулалдах болсноос хойш гурван тулаан хийж, өрсөлдөгчдөө ялаад байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж